Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0466

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 06 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0466

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Х.Х нэхэмжлэлтэй захиргааны

хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 110/ШШ2019/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Х нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Х.Х 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 110/ШШ2019/0035 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Х Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Х.Х төлөөлөгчөөс огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг “Бугат сумын сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болжээ.

Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааныг зарлан хуралдуулах тухай” А/32 дугаар тогтоолоор сумын Хурлын хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдуулахаар тогтоож, хэлэлцэх асуудлын 1-т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Хайвын бүрэн эрхийг тухай хэлэлцэхээр тогтоосон.

Хурлын энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх нь Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарна...” гэж заасантай нийцсэн.

Харин хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “...Хурлын төлөөлөгч хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Хурлын Тэргүүлэгчид асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй...”, 13 дугаар зүйлийн 13.1-д “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно...”, 13.1.4-т “...гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан...” гэж тус тус заасан.

Тэрээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Х.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....... нэгжээр торгох ялаар шийтгэгдсэн бөгөөд энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 533 дугаар тогтоолоор анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр баталж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “...Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ба түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ ...” гэж заасан байх ба анхан шатны шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү зүйл заалтыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 110/ШШ2019/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох бөгөөд энэ тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргана” гэж заажээ. 

Нэхэмжлэгч Х.Х шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.0 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 111 дүгээр тогтоолыг тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 12 дугаар сарын 7-ны өдрийн 533 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн, түүнчлэн цаг хугацааны хувьд маргаан бүхий шийдвэрээс хойш буюу Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6/1679 дүгээр албан бичгээр “…дээрх тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргах үндэслэлгүй, хэргийг шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцэхгүй…” гэж шийдвэрлэснийг Х.Х мэдэгдсэн байгаагаас үзэхэд Улсын Дээд шүүхийн 2018 оны 533 дугаар тогтоолыг үндэслэн түүнийг Хурлын Төлөөлөгчөөс огцруулсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “…бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан, гэвч бодит байдалд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар 1 хоногийн дараа буюу 19-ний өдөр хуралдахаар тов тогтоосон нь энэхүү хуулийн заалттай нийцээгүй, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үйгүйсгэх, улмаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь нэхэмжлэгчийн тухайд Хурлын Төлөөлөгчөөс огцруулах хуульд заасан үндэслэл нэгэнт үүссэн, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах тохиолдолд Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх Х.Хайвын эрхийг сэргээх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчилэн процессийн “зөрчил”-үүд нь Хурлын шийдвэрийг хууль бус гэж үзэхэд хүргэхгүй.

Өөрөөр хэлбэл процессийн шинжтэй дүгнэлтээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгосноор уг тогтоолын үндэслэл болсон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж чадахгүй.

Шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар захирамжаар Х.Х хүсэлтийг хангаж, түүний Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа ийнхүү түдгэлзүүлэх үндэслэл болсон гомдлыг шийдвэрлэсэн байдлыг үл харгалзан “…Х.Х бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх үед Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан боловч албан ёсны хувийг бичгийн хэлбэрээр аваагүй, мөн уг тогтоолд гомдол гаргах Х.Х эрхийг зөрчсөн…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, захирамжтайгаа уялдаагүй байна.

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд техникийн алдааны улмаас огноог буруу бичсэн, 20-ны өдөр хуралдаан болоогүй гэх хариуцагчийн тайлбартай холбогдуулан “…эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгох бус харин хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Учир нь нэхэмжлэлийн шаардлага хангагдсан эсэхээс үл хамааран тухайн маргаан бүхий захиргааны акт хууль зүйн хүчин чадалтай, ямар нэгэн үр дагавар үүсгэсэн, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсан байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийг Хурлын Төлөөлөгчөөс огцруулсан шийдвэр нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоол болохоос бус техникийн алдааны улмаас огноог буруу бичсэн гэх 20-ны өдрийн 30 дугаар тогтоол биш, түүнчлэн 1 асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр хоёр тогтоол байх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Баян-Өлгийн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 110/ШШ2019/0035 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Х гаргасан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Х.Х төлөөлөгчөөс огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай” 30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Х давж заалдах гомдлыг хангасуай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН