Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 07

 


    Н.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй иргэний
     хэргийн тухай

    Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхийн шүүх
 хуралдааны бүрэлдэхүүнд:
 Даргалагч шүүгч: Т.Жаргалсайхан
Шүүгчид: Л.Уламбаяр, Л.Нямдорж
Оролцогчид: Нэхэмжлэгч: Н.Цэвэлмаа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Ариун-Эрдэнэ
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Г.Оюун
Нарийн бичгийн дарга:Б.Одбаяр


    Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Оюуны давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Н.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэгдсэн эмнэлгийн даргын гаргасан тушаалтай танилцаад 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ажлаа хүлээж авсан. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажил тарсан байхад хүний нөөцийн менежер Г.Баасандулам өрөөнд орж ирээд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагт нийт сувилагч, тусгай мэргэжилтний хуралтай бүх ахлах сувилагч нарыг яг одоо цуглуул гэсэн тул арга зүйч бид хоёр сувилагч нар руу ярьсан. Тухайн үед би хүний нөөцийн менежерээс маргааш ямар  тухай цугларах гэж байгаа юм бэ гэхэд мэдэхгүй гээд надад хэлээгүй. Шатаар буугаад явж байхад зарим сувилагч нар сувилгааны албаны даргад санал авах хурал хийх гэж байгаа гэж ярьж байхыг сонссон. Тэгээд нэгдсэн эмнэлгийн хуулийн зөвлөх 9 тоот тушаалын дагуу ямар хурал болох гэж байгаа тухай танилцуулсан. Үүний дагуу сувилгааны албаны даргад тэнцэх шаардлага хангасан О.Гантуяа, Н.Цэвэлмаа, У.Цэрэндолгор нарын аль нэгийг сувилгааны албаны даргаар сонгох санал авна гэсэн. Хуулийн зөвлөх санал хураалгах 3 хүн гарч бай, сувилагч нарт бэлдчихсэн санал асуулгын хуудас өгнө түүний дагуу зөвхөн 1 хүний нэр бичнэ гэсэн. Сувилгааны албаны даргаар ажиллаж байгаа хүнд яагаад болох гэж байгаа үйл ажиллагаагаа танилцуулаагүйг гайхаж байна. Хурал болон уг санал хураалтын үйл ажиллагааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нийт тусгай мэргэжилтний хуралд сувилгааны албаны дарга болон сувилагч нар санал хураалтаа хурал хийсэн өрөөндөө ил тоолооч гэсэн саналыг тавьсан боловч комиссын дарга сонсгож шийдвэр гаргаагүй, хөндлөнгийн гэрч нь санал хураалтын дараа саналаа нэгтгээд боож гарсаны дараа хуудсыг тоолсон. Намайг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй
2

байхад хүний нөөцийн менежер өөрөө бичээд даргын гарын үсэг тамга дараад оруулж ирсэн. Би тэгэхэд нь харилцан тохиролцож хийх ёстой гэж хэлсэн. Байгууллагын дарга намайг  урьд нь шүүхээр өөрийнхөө асуудлыг шийдвэрлүүлж байхад байгууллагаа шүүхэд өгсөн ёс зүйгүй гэж намайг 2015 оны 1 дүгээр улирлын 45 хувийн “А” үнэлгээтэй урамшуулалт цалин болох 264.000 төгрөгийг хасуулсан. Тиймээс намайг сувилахуйн албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

    Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюун шүүхэд өгсөн хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүл мэнд, спортын сайдын 495 дугаар тушаалыг нэхэмжлэгч ярьж байна. Энэ тушаалын 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар албаны бүрэлдэхүүнийг байгууллагын нийт сувилагч, тусгай мэргэжилтний хурлаар хэлэлцүүлэн санал авч байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаас томилно гэж заасан. Үүний дагуу сувилагч нараас санал авсан. Удирдлагын зөвлөлийн хурал 3 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан. Энэ зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Удирдлагын зөвлөлийн хурал 9 хүний бүрэлдэхүүнтэй хуралдахад Н.Цэвэлмаа нэг ч хүний санал аваагүй, удирдлагын багийн хурлын 85.7 хувийн саналаар О.Гантуяад санал өгсөн. Хамт олны хурлаар ямар байдлаар хэлэлцүүлсэн бэ гэхэд нэгдсэн эмнэлгийн даргын А/9 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс нийт сувилагч нараас санал хураасан, комиссын даргаар нь би ажилласан. Сувилагч нарыг цуглуулсны дараа намайг 300 тоот өрөөнд дуудсан. Ерөнхий эмч надад 135 саналын хуудас өгч 1 саналын хуудсыг өөрөө авч үлдсэн. 107 хүн санал өгснийг комиссын 2 гишүүн тоолж авсан. 28 ширхэг саналын хуудсыг би газар дээр нь урсан. Уг саналын 59 нь О.Гантуяад, 49 нь Н.Цэвэлмаад, 5 нь нөгөө сувилагч дээр санал өгсөн. Манай байгууллагад 135 сувилагч ажилладагаас шалгуур хангасан 35 сувилагч байсан. Үүнээс яг шалгуур хангаж байгаа нь 3 сувилагч байсан. Б/15 тоот тушаалыг биелүүлэхгүй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй болохоор нь нэмэлт өөрчлөлт оруулсан. Хамт олны хурлаар санал хураалт явуулсан, харин шийдвэр гаргаагүй. Шийдвэрийг удирдлагын зөвлөл гаргадаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

    Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Цэвэлмааг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

    Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Оюун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нь Сувилахуйн албаны даргыг өөрчлөх талаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шийдвэр байхгүй байгаа тул эрх бүхий байгууллагаас шаардсан гэж үзэх үндэслэл болохгүй юм гэжээ. Гэтэл Эрүүл мэнд, спортын сайдын 
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын 2.3 дугаар заалт, 4.2 дугаар заалтуудад Сувилахуйн албаны даргыг байгууллагын нийт сувилагч, тусгай мэргэжилтний хурлаар хэлэлцүүлэн санал авч, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаас томилно гэсэн заалтын дагуу Н.Цэвэлмааг сувилагч, тусгай 
3

мэргэжилтний 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн санал хураалтын дүн, удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, тэдний сонгох, сонгогдох эрх,  үзэл бодлоо өөрсдийн ажил мэргэжлийн түвшинд илэрхийлж үнэлсэн үнэлэмжийн дагуу шийдвэр гаргасан. 
    Н.Цэвэлмаа нь хүүхдийн тасгийн сувилагчаа хийсээр ирсэн нь албан тушаал буурсан Сувилахуйн албаны даргын албан тушаалын хөдөлмөрийн гэрээгээ цуцлагдсан гэдгийг мэдсэн хүсэл зоригоо илэрхийлж зөвшөөрсөн гэдэг нь тогтоогдсон байхад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэдгийг үгүйсгэж байна. Мөн шүүх бүрэлдэхүүн нь Н.Цэвэлмаагийн албан тушаал бууруулах  асуудлыг байгууллага дотооддоо шийдвэрлэсэн болох нь хариуцагч байгууллага Эрүүл мэнд, спортын сайдын тушаал, Эрүүл мэндийн газраас ирсэн зааврын дагуу дотооддоо хуралдаж санал хураан шийдвэрлэсэн гэх тайлбар, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, санал авах комисс томилсон тушаал, тэмдэглэл, сувилахуйн албаны удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлээс тогтоогдож байна гэж зөв үнэлэлт дүгнэлт өгсөн мөртлөө түүнийгээ үгүйсгэж шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэж байна. 
    Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.5-д зааснаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв эмнэлэг нь орон тооны бус шийдвэр гаргадаг Удирдах зөвлөлтэй байна, удирдах зөвлөл шийдвэр гаргаж ажиллана гэсэн заалтуудыг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Цэвэлмаагийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Н.Цэвэлмаа нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус байгууллагын даргын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

    Хариуцагч байгууллага нь Н.Цэвэлмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 134 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 725 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр б/10 дугаар тушаалаар Сувилахуйн албаны даргаар томилжээ. 

    Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр б/15 дугаар тушаалаар дахин ажлаас нь чөлөөлж, Хүүхдийн тасгийн сувилагчаар томилжээ. 

    Хариуцагч байгууллагын төлөөлөгч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаар тушаал, тушаал хүргүүлэх тухай 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2/722 дугаар  албан тоот, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэсэн гэж тайлбарлажээ.
    Ажил олгогч дээрх тушаалдаа 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн б/19 дугаар тушаалаараа өөрчлөлт оруулж, мөн өдрийн б/20 дугаартай тушаалаараа Н.Цэвэлмааг Сувилахуйн албаны даргаас чөлөөлснөө хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлахдаа дээд байгууллагаас ирсэн зааврын дагуу Сувилахуйн албаны даргыг байгууллагын нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дотооддоо хуралдаж, санал хураан удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн гэж байгаа боловч энэ үйл ажиллагаа нь маргаантай, ойлгомжгүй болсон  байна. 

Хэдийгээр эрх бүхий байгууллагын заавар, журмыг хэрэгжүүлж ажиллах нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал боловч уг үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх ёстой. 
4

Гэтэл Н.Цэвэлмааг ажилд нь эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээж аваад  ажилд нь авахгүй байсаар 2016 оны 03 дугаар сарын 11-нд ажилд аваад 2016 оны 03 дугаар сарын 18-нд  “Дүрэм, чиг үүрэг батлах тухай”  Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаар тушаалаар баталсан Сувилахуйн албаны үлгэрчилсэн дүрэм, шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэх нэрээр албан тушаал бууруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг илт зөрчсөн үйлдэл болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

    2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг  хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЖАРГАЛСАЙХАН
      ШҮҮГЧИД                                        Л.НЯМДОРЖ
                                                                Л.УЛАМБАЯР