Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00988

 

                                        Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн

                                        газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төвийн

                                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00026 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 216/МА2017/00007 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төв

         Хариуцагч: Н.Э

          Нэхэмжлэлийн шаардлага : 11.100.000  төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг,

         Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайхнаа, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

          Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төв шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон тайлбартаа: Гэрээ байгуулах саналыг  хүлээн авч, хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2015-08-01 -ний өдрөөс 2016-02-19-ний өдөр хүртэлх хугацаанд  төвийн гэрээт малчнаар ажилласан. 639 малыг хүлээн авч, 1 малыг 1000 төгрөгөөр бодож, сарын хариулгын хөлс авдаг байсан. Хөдөлмөрийн гэрээний 4.4-т мал өвчилсөн болон хорогдсон тохиолдолд Цөм сүргийн үржлийн төвийн мэргэжилтэн, гэрээт малын эмчийг дуудаж үзүүлнэ гэсэн байна. Гэтэл гэрээт малын эмчид мал үхсэн талаар нэг ч удаа дуудлага өгөөгүй. Зуны эхэн сарууд буюу намрын эхэн үед цаг агаар дулаахан, сайхан байдаг учраас малын хорогдлын хэмжээ маш бага байсан. Энэ хугацаанд малчин ажилдаа хариуцлагагүй хандаж, арчилгаа, маллагаа муу хийсний улмаас хариуцсан хонин сууриас 2015-12  дугаар сард 18, 2016-01 дүгээр сард 24 толгой мал хорогдсон. Энэ нь хөдөлмөрийн гэрээний зүй бус хорогдлын 10 хувьд багтсан учраас дахиж мал хорогдуулахгүй байх тал дээр анхааруулсан. 2 дугаар сард очиход 86 мал хорогдсон байсан. Сэг, зэмийг нь тоолоход 55 байсан. Учирыг нь  тодруулахад хээрээр осгож үхсэн гэж тайлбарласан. Ингээд Хөдөө аж ахуйн газрын дарга мал зүйч болон мэргэжилтэн  нарыг 7 хоногийн томилолтоор ажиллуулж, мал хорогдоод байгаа шалтгааныг тогтоолгохоор явуулсан. Энэ хугацаанд 51 хурга, 4 хуц, нийт 55 толгой малыг тэжээхэд усаар гачигдсан байсан. Худаг нь 500 метр хүрэхгүй газар байдаг. Малыг технологийн дагуу өдөрт 1 удаа усалж тэжээж байгаад ирэхэд мал огт хорогдоогүй байсан. Мал хорогдсон үндсэн шалтгаан нь усаар болон бэлчээрээр дутагдуулсан гэж тогтоогдсон. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд Иргэний хуулийн ерөнхий ангийг хэрэглэнэ гэсэн учраас үүрэг гүйцэтгэх зарчим үйлчлэх ёстой. Үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу шударгаар, тогтсон хугацаанд нь биелүүлэх ёстой. Гэтэл малчин Н.Э нь энэ үүргээ биелүүлээгүй. Малыг услахгүй удах тусам өвс идэж чадахгүй, тууварт явж чаддаггүй учраас татаж унадаг. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар малчин нь хүлээж авсан суурийн 10 хувиас хэтрүүлээгүй хорогдол үүссэн тохиолдолд хохиролд тооцохгүй. Гэтэл хүлээж авсан 639 толгой малаас 131 нь үрэгдэж, хорогдол нь 20 хувиас давсан. Тийм учраас хөдөлмөрийн гэрээний 5.5-д заасан ноцтой зөрчил үүсч, зүй бус хорогдол буюу 131 толгой малыг ажилдаа хариуцлагагүй хандаж, арчилгаа, маллагаа муу хийсний улмаас мал хорогдуулсан тул Н.Эийн малыг өөр малчинд шилжүүлэх Хөдөө аж ахуйн газрын даргын шийдвэр гарсан. Үлдэгдэл малыг Бөөрөнхий гэж хүнд  нас, хүйсээр нь нэг бүрчлэн тоолж, хүлээлгэн өгсөн. 8 сарын турш энэ хүн Н.Эийн бууцан дээр мал малласан ба энэ хугацаанд хорогдол гараагүй. Иймд малын хариулга, маллагаа муу байсны улмаас их хэмжээний мал хорогдуулсан гэж үзэж байна. Н.Эийн цагаан зуд болсон гэх газарт өвөлжиж, зуншиж, намаржаад одоо дахин өвөлжиж байгаа учраас бэлчээрээс болж мал үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Э нь өвс, тэжээлээр хангаагүй гэсэн ба бид 09 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр өвс буулгадаг. Өвс авах боломж байна уу гэхэд манайх дээврээ хадаагүй, өвс хүлээн авах боломжгүй гэсэн. Ингээд малчин Ганбатынд 200 боодол өвс нөөцлүүлсэн. Түүнээс 150 боодол өвс, 10 уут тэжээлээр хангасан. 7 хоногийн томилолтоор очиход өвс, тэжээл хороон дээр нь хангалттай байсан бөгөөд тус өвс, тэжээлээр үргэлжлүүлэн тэжээж, 7 хоногийн дотор ганц ч хорогдолгүй Бөөрөнхий гэх айлд хүлээлгэн өгсөн. Цагаан зудтай байсан гэх газар нь 3 сумын нутаг юм. Гүн жалга гэдэг газар цас 15-35 см-ын зузаан байгаагүй, алаг цоог байсан. Гуу, жалгандаа бага хэмжээний цастай байсан учраас малын бэлчээр хангалттай. Отрын адуу нь хойноос Банзарын хоолойд их талхалсан. Учир нь бид сард 1 удаа очиход Гүн жалганд отрын адуу байгаагүй. Харин өөрийнх нь дүүгийн адуу худаг дээр шавсан байдаг. Иймд бэлчээр талхалсан гэдэг нь үндэслэлгүй юм. Сүмбэр үүлдрийн мал нь зөвхөн Говьсүмбэр аймагт үржүүлдэг үнэ бүхий мал. Үүнээс арьсыг нь авч ашигладаг. Каракуль хонь үрэгдсэн тохиолдолд жишиг үнэ буюу хөдөлмөрийн гэрээний 5.5-д зааснаар үрэгдүүлсэн 131 толгой малыг нас, хүйсээр нь тодорхойлж бодоод, аймгийн үнэ тогтоох комиссын үнэлгээгээр 11 100 000 төгрөг болж байгаа. Нэгэнт хөдөлмөрийн гэрээнд зааснаар зохих ёсоор үүргээ биелүүлээгүй учраас зүй бус хорогдлыг хүлээн зөвшөөрсөн. Мөн сар бүр акт үйлддэг ба зүй бус хорогдлын шалтгааны актын ард Н.Эийн гарын үсэг байгаа. Ус, цаг уурын албанаас цагаан зудтай байгаагүй, хүйтний эрч хасах 30 хэмээс даваагүй гэсэн тодорхойлолт гарсан учраас цагаан зудтай байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар 131 толгой малын төлбөр болох 11 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны зун зуншлага их муу байсан ба 7-11-ний өдрөөс хойш бороошиж, мал ногоо идсэн. 08-01 нд ногоонд цадаагүй хургануудыг ялгасан. Надад хурга өгөхдөө стандарт бусаар хиллэж өгсөн. Бусад малчдын хөдөлмөрийн гэрээнээс харахад доод жингийн хургыг 22 килограммаас доош байна гэж заасан байна. Гэтэл надад тийм зүйл танилцуулаагүй. Ялгаж өгсөн хурганы 50 хувь нь 15 кг -с доош жинтэй байсан. 22 кг-с дээш жинтэй хурга 10, 20-иос хэтрээгүй. 8-12 кг-тэй туувар гүйцэхгүй хурганууд ч байсан. Замдаа явахгүйг нь айлд үлдээгээд дараа нь машинд ачиж авсан. 2015- 2016 онд шилжих намар, өвөл цас ихтэй, хүйтний хэм өндөр, цагаан зудтай байсан. Төв аймгийн адууны оторчид зөвшөөрөлгүй орж ирснээс мал бэлчээргүйдүүлж, өвс ногоогүй болгосон. Би  638 хонь хүлээн авахад танай өвөлжөө чинь Гүн жалга гэх газар шүү тэнд хашаа хорооны мод буулгачихсан байгаа түүнийг бариад өвөлжөөрэй гэсэн. 2015-10-01 -ний өдрөөс 2015-11-15 -ны өдрийг хүртэл би өөрөө саравч барьсан. Дан банзтай саравч байсан болохоор  нүүрэвч хийх юм өгөөч гэж 2015-12-01 -ний өдрөөс хойш удаа дараа Т.Отгонтөгс даргад хүсэлт тавьсан. Гэвч өвлийг өнгөрөөсөн, Б.Хишигжаргал “хэрэггүй зүйл нэхлээ” гэж загнаж байсан. Нүүрэвч нь вакум орчин үүсгэдэг учраас чухал хэрэгцээтэй юм. Хүйтэн салхитай байсан учраас нүүрэвчтэй айлууд малаа онд мэнд оруулсан. Хэрэв хашааны нүүрэвч, өвс тэжээл графикт хугацаандаа ирсэн бол малын хорогдол ийм хэмжээнд гарахгүй байсан. 12 сарын мал тооллого болсны дараа хяналтын тооллого болж байхад Хөдөө аж ахуйн газар надад өвс тэжээл өгөөгүй байсан. 12 сарын 20-ны үед айлууд цагаан сарын бэлтгэл хийж эхэлцгээж байхад надад өвс, тэжээл ирсэн. Цаг хугацааны хувьд оройтсон учраас өвс тэжээлгүйдэж, хэт доройтсон хонинд тэжээл өгөөд амжилт олоогүй. Тийм учраас их хэмжээний хорогдол гарах болсон. Цаг агаарын хувьд өдөртөө 25, шөнөдөө хасах 30 хэмээс дээш хүрч байсан. Намайг мал хариулах унаа, мотор, бензин зэрэг зүйлсээр хангадаггүй байсан учир намар, өвлийн цагт Хар ухаагийн ард нутаглаж байсан Сайннэмэх гэх айлын моторыг гуйж Гүн жалганд байх гүний худгаас малаа усалдаг байсан. Энэ бүгдийг би хувиасаа гаргаж, тэмцэж хөдөлмөрлөсний хүчинд малын хорогдол бага гарсан. Хэрвээ би явган мал хариулдаг байсан бол малын хорогдлын тоо үүнээс үлэмж ихээр гарна. Мөн их хэмжээний отор, нүүдлийн адуу орж ирсэн учраас бэлчээр ихээр талхалсан. Адуу нэг удаа дайраад өнгөрөхөд бэлчээрийн цас их хэмжээгээр хатуу болдог. Дараа нь бог мал бэлчээрлэхэд тэр цасыг малтаж, ухаж идэхэд хүндрэлтэй болдог. Харин Бөөрөнхий гэдэг малчин нь 2 сард цас ханзарч, дулаарсан байхад мал авсан болохоор хорогдолгүй мал хариулах боломжтой байсан гэж үзэж байна. Иргэний хуульд хөдөлмөрийн харилцааг дэлгэрэнгүй зохицуулаагүй, тусгай эрх зүйн зохицуулалттай гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 132.2-т хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй гэсэн байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн нь харьцангуй өөр юм.  Малын үнийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай 2014-10-24 өдрийн 40 дугаартай  тогтоолоос үзэхэд бүртгэлийн үнэ болон худалдан борлуулах гэсэн хоёр үнэлгээтэй байна. Үүнийг бүртгэлийн үнээр нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132.4-т ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэсэн байна. Иймд үүрэг гүйцэтгэх шаардлагыг хангах үүднээс хашаа, хороо, уналгын морь, мотоцикл зэрэг шаардлагатай зүйлсийг гэрээ ёсоор нэхэмжлэгч тал хариуцах ёстой боловч нэхэмжлэгч тал дээрх шаардлагатай зүйлсийг хангаж өгөөгүй. Иймд зүй бус хорогдол гэхээс илүү цаг зудын байдал, нэхэмжлэгч талын гэрээний үүргийг биелүүлээгүй байдал зэргээс нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

         Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00026 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар Н.Эээс  11 100 000 төгрөг гаргуулж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төвд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 192 550 төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

         Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 216/МА2017/00007 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч  нь  Н.Эийг 131 толгой хонь зүй бусаар хорогдуулсан гэж акт /хх-124, 131, 138/ талд үйлдэхдээ хурга-30.000 төгрөг, хонь /нэг наст/- 40.000 төгрөг, хуцан хурга 30.000 төгрөг, хуц 40.000 төгрөгөөр тус тус тооцон үнэлж хариуцагчаар гарын үсэг зуруулжээ. Харин нэхэмжлэгч нь хургыг-нэг наст хонь, нэг наст хонийг-хоёр настай эр хонь, хурган хуцыг-нэг настай хуц болгон Сүмбэр сумын Үнэ тогтоох комиссоор тус тус үнэлүүлэн  шаардлага гаргасныг хоёр  шатны шүүх ИХШХШТхуулийн 40.1.2-т зааснаар нотлох баримтыг бодитойгоор харьцуулаагүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.  Н.Эийг /хх-ийн 14/ талд 86 хурга хорогдуулсан гэж үзэж байгаа бол 86 хурганыхаа үнийг нэхэмжлэхээс 86 хургаа нэг наст эр хонь болгон нэхэмжлэх нь шударга ёсны зарчимд харш болно.  Н.Э нь 86 толгой хурга нэг хургыг 30.000 төгрөгөөр үнэлж, нийт 2.580.000 төгрөг, нэг наст эр хонь 38 толгой 40.000 төгрөгөөр үнэлж, нийт 1.520.000 төгрөг, хурган хуц 1 толгой 30.000 төгрөг, хуц 6 толгой 40.000 төгрөг, нийт 240.000 төгрөг бүгд 4.370.008 төгрөгийн хохирлыг хариуцан төлөхийг зөвшөөрч байгаа. Иймд 11.100.000 төгрөгөөс 4.370.000 төгрөгийг хасаж үлдэх 6.730.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төв нь Н.Эт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 131 толгой малын төлбөрт 11.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөөгүй маргажээ. 

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “...2015-09-01-ны өдрийн №1 дугаартай хөдөлмөрийн гэрээний талаар зохигчид маргаагүй. ...” гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

         Шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Шүүх талуудын хооронд 2015-09-01-ний өдөр 1 дугаар хөдөлмөрийн гэрээ /хх 173-178/ байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүрэн хангасан нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

        Хэргийн 173-178 дугаар талд буй №1 гэсэн дугаартай гэрээг талууд 2015-09-01-ний өдөр байгуулсан, цаг хугацааны хувьд уг гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагчид нэхэмжлэлийн үндэслэл болсон малыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоодсон байна. 

        Өөрөөр хэлбэл, 2015-09-01-ны өдрийн №1 дугаар хөдөлмөрийн гэрээг хариуцагчид эд хөрөнгийн бүрэн хариулцлага хүлээлгэх үндэслэл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй, шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан нь буруу.   

         Хариуцагчийн үйл ажиллагааны улмаас  нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсныг  ажилтан үгүйсгээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 4.370.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн  тул Н.Эийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 4.370.000 төгрөг гаргуулж, Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төвд олгож, нэхэмжлэлээс 6.730.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 216/МА2017/00007 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00026 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Эээс 4.370.000 төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төвд олгож, нэхэмжлэлээс  6.730.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...192.550 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуун тавь/ төгрөг...” гэснийг “...84.330 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 122.630 төгрөгийг Э.Сайханаад захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ