| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00396/и |
| Дугаар | 00437 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00437
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 25 айлын орон сууцны 04 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ79092611, Ламтан овогтой Сайнжаргалын Баянбилэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Барилгын хороо, 018 /8-18/ тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ80102112, Борлууд овогтой Сайнжаргалын Сүхбаатарт холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүрэг 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Баянбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Сүхбаатарыг олон жилийн өмнөөс таниж мэдэх бөгөөд тэрээр 2015 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрийн хооронд надад хандан “Говь-Алтай аймагт мах хямдхан байна. Чи мөнгийг нь гаргачих, би махаа аваад Улаанбаатар аваачиж зараад хоёулаа ашиг олъё” гэсэн ба удаа дараа ярьсан тул би зөвшөөрч түүний данс руу 20.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үедээ ямар нэгэн хүү тооцох талаар тохиролцоогүй. Гэтэл С.Сүхбаатар миний мөнгөөр мах аваад Улаанбаатар руу очиж зараад их хэмжээний ашиг олсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд миний мөнгө дээр нэмж тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж анх мөнгө зээлж авсан өдрөөс хойш 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хэлсэн. Тухайн мөнгөнөөс 16.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 4.700.000 төгрөгийг өгөхгүй байна. Би түүнээс удаа дараа, янз бүрийн байдлаар мөнгөө нэхсэн боловч өгөхгүй өдий хүрсэн ба 2015 оны 5 дугаар сарын 22-ноос 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4.700.000 төгрөгийг 5.500.000 төгрөг болгож өгнө гэж өөрөө баримт бичиж өгч байсан, мөн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг болгож өгнө гэсэн бичгээ хийж өгч байсан. Ингээд 2016 оны 6 дугаар сараас өмнө уг мөнгийг өгнө гэж амалсан боловч өгөөгүй тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд С.Сүхбаатараас 6.000.000 төгрөгийг яаралтай гаргуулан өгч, миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.
Зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “С.Баянбилэгийн нэхэмжлэлтэй, С.Сүхбаатарт холбогдох 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч С.Баянбилэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 5.500.000 төгрөгийг хариуцагч С.Сүхбаатараас дараах графикийн дагуу гаргуулж авахаар тохиролцов. Үүнд: 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 458.334 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг төлөхөөр эвлэрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баянбилэг нь хариуцагч С.Сүхбаатарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага буюу 6.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг хасч, хариуцагч С.Сүхбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 458.334 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Баянбилэгт төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь тэдний шүүхэд бичгээр өгсөн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгөөс 59.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 5.500.000 төгрөгт ногдох 102.950 төгрөгийн тал хувь буюу 51.475 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч С.Сүхбаатараас 51.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Баянбилэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баянбилэг нь нэхэмжлэлийн шаардлага буюу 6.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг хасч, хариуцагч С.Сүхбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 458.334 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Баянбилэгт төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Баянбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгөөс 59.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51.475 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч С.Сүхбаатараас 51.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Баянбилэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА