Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 183/2023/03732/И |
Дугаар | 210/МА2024/01122 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01122
2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/01122 |
М-ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00813 дугаар шийдвэртэй
М-ХХК-ийн нэхэмжлэлтэй, А- ХХК-д холбогдох
Гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3,320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1,184 м.кв газар буюу нийт 5,394 м.кв газрыг нэхэмжлэгчид шилжүүлэх, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А- ХХК нь А тал, иргэн Б.О нь Б тал, М-ХХК нь С тал бөгөөд 2015 оны 11 сарын 12-ны өдөр харилцан тохиролцож Гурван талт гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Б.О нь өөрийн эзэмшлийн А- ХХК-ийн 4 ширхэг хувьцааг 67,018 ам.доллараар А- ХХК-д буцаан худалдсанаар зохих бичиг баримтыг бүртгэлийн байгууллагад 2015 оны 11 сарын 27-ны өдрийн дотор гаргаж өгөх, мөн 4 хувийн хувьцаа, түүнд холбогдох төлбөр тооцоо дуусмагц Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 443,337,528 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзах, А- ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 474 тоот захирамжаар олгогдсон ашиглах эрхтэй газраас А цэгт 3,320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1,184 м.кв газар буюу нийт 5,394 м.кв газрыг М-ХХК-д шилжүүлэх хүсэлтийг 2015 оны 11 сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн засаг даргад бичгээр гаргах, М-ХХК-ийн эзэмшиж ашиглаж буй 20, 21, 22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус компанид шилжүүлэн өгөхөд А талаас татгалзахгүй тухай албан бичгийг 2015 оны 11 сарын 27-ны өдрийн дотор бэлэн болгож өгөх, мөн Б.О-ийн эзэмшлийн 4 хувийн хувьцааны үнэ, ногдол ашиг болон зээлдүүлсэн үндсэн зээл, хүүнд нийт 156,535 ам.долларыг шилжүүлж, Б.О-г хувьцаа эзэмшигчээс хасуулах бүртгэлийг хийлгэх, мөн М-ХХК нь Хан-Уул дүүргийн 3 хороонд орших өөрийн эзэмшлийн барилга, газар эзэмших эрхийг худалдах бол А- ХХК-д тэргүүн ээлжинд санал болгох, А- ХХК-тай найрсаг хөршийн харилцаатай байх зарчмыг баримтлах үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Дээрх гэрээгээр талуудын хүлээсэн үүргүүдээс гэрээний 2.1-д заасан А- ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3,320 м.кв С цэгт 890 м.кв D цэгт 1,184 м.кв газар буюу нийт 5,394 м.кв газрыг М-ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад бичгээр гаргах үүргээс бусад нь хэрэгжиж биелсэн бөгөөд А- ХХК тус газраа шилжүүлэн өгөөгүй өнөөг хүрсэн. Иймд А- ХХК-аас Гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3,320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1,184 м.кв газар буюу нийт 5,394 м.кв газрыг М-ХХК-д шилжүүлэх, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөxийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А- ХХК, М-ХХК, иргэн Б.О нарын хооронд 2015 оны 11 сарын 12-ны өдөр 3 талт гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр нэхэмжлэлд дурдсан үүргийг А- ХХК хүлээсэн. Энэ үүргийн дагуу 2015 оны 11 сарын 15-ны өдөр М-ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримтаа акт үйлдэн нотариатаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн. Гэвч М-ХХК нь Нийслэлийн газрын албанд хандаагүй жил гаруй болсон шалтгааныг нь тодруулахад М-ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.А нь ажлаас чөлөөлөгдсөн байхдаа М-ХХК-ийн газар шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг газрын албанд гаргаж, уг газрыг өөрөө авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн хүсэлт гаргасан байдаг. Бид гэрээнд заасан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 сарын 17-ны өдрийн захирамжаар газар ашиглаагүй, энэ газрыг шилжүүлж авахаас нэхэмжлэгч нь өөрсдөө татгалзаад бид шинээр газраа авсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байсан юм бол 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс хойш шаардлага гаргаагүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М-ХХК-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3,320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1,184 м.кв газар буюу нийт 5,394 м.кв газрыг М-ХХК-д шилжүүлэх, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэрт хариуцагчийн гэрээний 2.1-д заасан 5394 м.кв газрыг эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн засаг даргад гаргаж өгөх үүргээ биелүүлж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид нь гэрээний 2.3 дахь хэсэгт заасан баримтуудыг хүлээлгэж өгсөн байсан гэх тайлбар үндэслэлтэй байх боловч 5394 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг өмгөөлөгчид биш (А- ХХК) Нийслэлийн засаг даргад албан бичгээр гаргаж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй гэж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардсан нь үндэслэлтэй, гэрээний үүрэг дуусгавар болсон буюу биелүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв" гэж дүгнэсэн атлаа мөн ...хариуцагч А- ХХК нь НЗД-ын А/442 тоот шийдвэрээр А дүүргийн 3-р хороо 83/1, 83/2, 83/3 тоот хаягт байрлах 16428 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж гэрчилгээ олгосон байх бөгөөд дээрх газарт нэхэмжлэлд дурдагсан 5394 м.кв газар багтаж байгаа талаарх баримтгүй, гэрээний хавсралт кадастрын зургийг ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь 474 тоот захирамжийн дагуу ашиглаж байсан эрх нь хариуцагчийн буруутай үйлдлээс цуцлагдсан, одоо НЗД-ын А/442 тоот шийдвэрийг үндэслэн 16428 м.кв газрыг эзэмшиж байгаа гэж тайлбарласан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас газар шилжүүлэн эзэмшүүлэхтэй холбоотой баримт материалыг бүрдүүлж өгөх үүргийг даалгахаар шаардсан нь үндэслэлгүй, гэрээний 2.3-д заасан шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид 2015 оны 11 сарын 18-ны өдөр 429 дүгээр албан бичгээр өгсөн болох нь тогтоогдож байна" гэж нэг зүйлийн талаар эсрэг агуулгаар хоёр өөр дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
4.2. Шийдвэрт "...А-" ХХК-ийн 2015 оны 11 сарын 18-ны өдөр 429 дүгээр албан бичгээр Гурван талт гэрээний үүрэг биелэгдсэн гэж дүгнэсэн атлаа тус албан бичгийн дагуу гэрээний зорилго бүрэн гүйцэт биелээгүй өнөөг хүрснийг хүлээн зөвшөөрч, Б.О-н нэхэмжлэлтэй "А-" ХХК, "М" ХХК нарт холбогдох шүүхийн маргаан дуусгавар болсны дараа маргаан бүхий газрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй тухай дурдсан "А-" ХХК-ийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 83 тоот, 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 213 тоот албан бичгүүдийг "М" ХХК-д ирүүлж байсныг шүүх дүгнээгүй орхигдуулжээ.
4.3. Маргааны зүйл нь нэхэмжлэгч, хариуцагч нарын үйл ажиллагаа явуулж байгаа А дүүргийн 3-р хороо, 83/1, 83/2, 83/3 тоот хаягт байх нэгж талбарын 1780200090 дугаартай 16428 м.кв газартай холбоотой бөгөөд тус газрыг хариуцагч "А-" ХХК эзэмшиж байгаа талаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ болон кадастрын зургийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас гаргуулан хэрэгт нотлох баримтаар авсан байдаг. Мөн дээрх хаягт байх газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК өмчилдөг болон нэхэмжлэлийн шаардлага болох Гурван талт гэрээнд заасан хэмжээгээр тодорхой 3 байршилд Кадастрын зураг хийлгэж нотлох баримтаар гарган өгсөн. Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудыг байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
4.4. Нэхэмжлэгч нь Гурван талт гэрээгээр зохицуулж байгаа харилцааны нэг болох "А-" ХХК өөрийн эзэмшиж байгаа газраас гэрээнд заагдсан хэмжээгээр хэсэгчлэн "М" ХХК-д шилжүүлэх, түүнтэй холбоотой хүсэлт, баримт бичгийг холбогдох эрх бүхий байгууллагад гаргахаар тусгагдсан зорилго нь биелэгдээгүй байна. Манай компани дээр заагдсан газрыг шилжүүлж эзэмшүүлэхэд шаардлагатай үүргээ биелүүлэхийг даалгаж өгөөч гэж хүссэн байхад "А-" ХХК нь 2015 онд гэрээний үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах талаар заасан бөгөөд 198.6 дахь хэсэгт гэрээний зорилгыг 198.1-198.5 дахь хэсэгт заасан журмаар тайлбарлах боломжгүй бол "...гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэргийг харгалзан үзнэ" гэж заасан байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Өмнө 3 талт гэрээний үүрэг биелэгдсэн эсэх маргаан хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд анхан шатны шүүх өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тогтоогдсон үйл баримтын талаар өөрөөр дүгнэлт хийх эрхгүй. Хариуцагч А- ХХК-ийн зүгээс үүрэг биелүүлсэн талаар маргаагүй. М-ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж А- ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болсон талаар Нийслэлийн засаг даргын газрын асуудал хариуцсан өмчийн харилцааны газрын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 0184 тоот дугаар дүгнэлт гарсан. Талуудын хооронд байгуулсан 3 талд гэрээний 2.1-т заасан үүргийг үндэслэж газар эзэмших эрх, түүнтэй холбоотой баримтуудыг шилжүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан гэрээнд 2015 оноос хойш ямар ч өөрчлөлт ороогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч М-ХХК нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан 2015 оны 11 сарын 12-ны өдөр байгуулсан Гурван талт гэрээ-ний 2.1-д зааснаар өөрийн ашиглаж буй газраас кадастрын зурагт заасан А цэгт 3,320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1,184 м.кв буюу 5,394 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгчид шилжүүлэх, шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байгааг анхаарч энэ талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан үзэж, шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
4. Зохигч нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүд байх тул Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах-аар зохицуулсан. Иймд газар ашиглах эрхийг шилжүүлэхэд уг газар ашиглах эрхийн гэрчилгээг хуваах замаар бусдад шилжүүлэх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд хуульд заасан тусгай журам үйлчлэхээр хуульд заажээ.
Гэвч нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий газрыг өөрийн эрхэд шилжүүлэн авахаар хариуцагчаас шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй, анхан шатны шүүх энэ талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан эрхээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хувьд хуульд заасан ямар эрх зүйн үндэслэлээр болон хуульд заасан шаардлагыг хэрхэн хангасан гэж үзэж 5,394 м.кв газрын ашиглах эрхийг шилжүүлэхийг шаардаж байгаа үндэслэлээ шүүхэд тайлбарлах, шүүх тодруулж, чиглүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгч газар шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ийнхүү шилжүүлэхэд хуульд заасан ямар болзол, шаардлагын дагуу ямар баримт бичгийг хариуцагчаас шаардаж байгаа нь тодорхойгүй байгааг анхаарахгүйгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй ч шүүх тодорхой бус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Энэ үүргээ шүүх биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэж үзнэ.
5. Үүнээс гадна хэргийн баримтаас үзэхэд дээрх гурван талт гэрээг үндэслэн хариуцагч нь 2015 оны 11 сарын 19-ний өдөр гэрээний 2.1-д заасан газрыг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Мөн хариуцагч нь 2020 оны 03 сарын 13-ны өдрийн Газар эзэмших гэрчилгээний тухай 83 тоот албан бичгээр нэхэмжлэгч хүсэлт гаргасан нөхцөлд 5,394 м.кв газрыг зохих баримтыг бүрдүүлэн шилжүүлэн өгөхөд татгалзахгүй талаар хүсэл зоригоо илэрхийлж байжээ.
Нэхэмжлэгч уг 16,440 м.кв газраас 5,394 м.кв газрыг шилжүүлэн авахаар холбогдох засаг дарга, газрын албанд ямар шалтгаанаар хандаагүй нь тодорхойгүй, хариуцагч уг албан бичигт дурдсан хүсэл зоригоос хожим татгалзсан байх боловч зохигч шүүхэд энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй. Хариуцагч А- ХХК нь талуудын гэрээ байгуулах үеийн байдлаар ашиглаж байсан газраас 5,394 м.кв газрыг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн А/897 дугаартай захирамжаар 16,440 м.кв газрыг 5 жилийн, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 сарын 03-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар 16,428 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар тус тус ашиглуулахаар шийдвэрлэжээ.
Шүүх энэхүү зөрүүтэй нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчоос бүрэн тодруулах ажиллагааг хийгээгүй, хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь зохих баримт бичгийг 2015 онд хариуцагчаас шилжүүлэн авснаас хойш уул эрхээ хэрэгжүүлээгүй байдал, хариуцагч 2020 онд газрын эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэл зоригоо ямар шалтгааны улмаас хэрхэн өөрчилснийг шүүхээс талуудын мэтгэлцээнийг удирдан чиглүүлэх байдлаар тодруулан тогтоох, шаардлагатай нөхцөлд эрх бүхий этгээдээс энэ талаар тодруулга, лавлагаа авах нь хэргийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой, талууд гэрээнд заасан газрыг харилцан шилжүүлэх боломжтой эсэхийг тодорхойлоход хамаарал бүхий гэж үзэхээр байна.
6. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой хуулийг буруу хэрэглэж хэргийн үйл баримтыг бодитой тогтоогоогүйг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх замаар залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00813 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М-ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ