| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0275/Э |
| Дугаар | 272 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүмчин овогт Г-н Г-д холбогдох эрүүгийн 1909009070241 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил 14 байр 3-16 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: НУ:92032411 / Сүмчин овогт Г-н Г нь:
- 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийтинг” баарны гадаа иргэн Т.Тэмүүжинг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Тэмүүжин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 10 жилийн 2 эмэгтэй найзтайгаа таараад “Мийтинг” баарнаас гараад такси барих гэж байхад үл таних залуу ирээд “Охидууд авч явлаа” гэж хэлээд намайг таксинаас буулгах гээд байсан. Тэгээд би таксинаас буухгүй гэхэд машины хаалгыг онгойлгоод 2 удаа цохьсон. Тэгээд миний хамарнаас цус гарч Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэжээ. / хх 3-6 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2798 дугаар дүгнэлтэнд:
1. Т.Тэмүүжингийн биед хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 10 /
Яллагдагч Г.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Баарны гадаа хэдэн залуучууд маргалдаад байхаар нь салгах гэж очоод тухайн залуучуудын нэг залуутай нь маргалдсан. Тэгээд тэр залууг машинд суучихсан байхад нь нүүр хэсэгт нь 2-3 удаа цохьсон. Тэгээд цагдаа нар ирсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна гэжээ. / хх 17 /
Шүүгдэгч Г.Гийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 16-17 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 22 / зэрэг болно.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийтинг” баарны гадаа иргэн Т.Тэмүүжинг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Үл таних залуу ирээд “Охидууд авч явлаа” гэж хэлээд намайг таксинаас буулгах гээд байсан. Тэгээд би таксинаас буухгүй гэхэд машины хаалгыг онгойлгоод 2 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Тэмүүжингийн мэдүүлэг / хх 3-6 /, ...Т.Тэмүүжингийн биед хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2798 дугаар дүгнэлт / хх 10 /, ... Баарны гадаа хэдэн залуучууд маргалдаад байхаар нь салгах гэж очоод тухайн залуучуудын нэг залуутай нь маргалдсан. Тэгээд тэр залууг машинд суучихсан байхад нь нүүр хэсэгт нь 2-3 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Гийн мэдүүлэг / хх 17 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Г.Гийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сүмчин овогт Г-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ