Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00438

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 6-5 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эрэгтэй, ОЮ64071110 регистрийн дугаартай, Шаазгай овогтой Баглаагийн Батхуягийн нэхэмжлэлтэй,

         Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Батхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1964 онд төрсөн, 52 настай. Би Барилга угсралтын трестийн Барилга матриалын үйлдвэрийн Тоосгон заводын дугуй зууханд нүүрс оруулагчаар 1981 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. 1986 онд цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын дугуй зууханд покарийн машинч /жолооч/-аар ажиллаж, 1992 оноос 1994 онд бирж болсны дараа покарийн машинчаар ажиллаж байгаад зах зээлийн үед татан буугдаад ажилгүй болсон. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэр тарсан. Хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй учраас аймгийн архивт хандаж шагнуулж байсан болон тухайн үед ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримтаа шүүлгэн авсан болно. Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн болон Барилгын биржийн Тоосгон заводод тус тус нүүрс оруулагч, покарийн машинчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Батхуяг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 163 тоот лавлагаанд “Баглаа овогтой Батхуягийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрээс 1983 онд чөлөөлөгдсөн, 1986 онд ажилд орсон тушаалыг шүүн үзэхэд гараагүй учир шагнал авч байсан тухай холбогдох баримт болон цалингийн баримтыг хуулбарлан хүргүүлэв” гэсэн байх ба уг лавлагаанд хавсарган ирүүлсэн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 577 тоот тушаалд “...1. Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулж, ажлын цагийг үр дүнтэй ашиглан, норм төлөвлөгөөгөө биелүүлсэн 391 ажилчдыг хавсралт ёсоор бүгд 33.201 төгрөгөөр шагнасугай. .... Трестийн дарга Т.Батзул” гээд уг тушаалын хавсралтад “Б.Батхуяг 76 төгрөгийн шагнал олгох” гэжээ.

            Мөн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 687 тоот тушаалд: “... 1. 1988 оны төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгой идэвхи зүтгэл гарган ажиллаж, сар, улирал, жилийн төлөвлөгөө, бүтээлийн нормоо биелүүлсэн тэргүүний ажиллагаатай 410 хүнийг 42.902 төгрөгөөр шагнасугай. ... Дарга Т.Батзул” гээд уг тушаалын хавсралтад “Батхуяг - 110 төгрөг” гэжээ.            

            Нэхэмжлэгч Б.Батхуягт хадгалагдан үлдсэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн даргын 1981 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 7 тоот тушаалд “... 1.Баглаа овогтой Батхуягийг 1981 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Тоосгон шатаах зуухны нүүрс оруулагчаар томилон ажиллуулсугай. ... Дарга Ч.Нүүнээ” гэж, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 84 тоот тушаалд: “.... 1. Тус биржийн Тоосгон заводын дугуй зуухны покарийн машинчаар ажиллаж байсан Б.Батхуягийг 1994 оны 12 дугаар сарын 30-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй. ... Дарга Цээпэл” гэсэн баримтууд эх хувиар авагдсан байна.

            Түүнчлэн Барилга угсралтын трест нь 1992 оны 1 дүгээр сард зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Барилгын бирж байгуулагдсаныг нотлох Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Баригын биржийг зохион байгуулах тухай” тушаал, мөн даргын 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот “Биржийн зөвлөлийн гишүүнийг батлах тухай” тушаалуудын хуулбар хэрэгт авагджээ.

            Мөн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолтод “Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэр болон Барилгын биржийн Тоосгон заводын дугуй зууханд нүүрс оруулагч, покарийн машинчаар  ажиллаж байсан Б.Батхуягийн 1981 оны 1 дүгээр сараас 1983 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд, мөн 1986 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Даваажав, Ж.Энхбаатар нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба гэрч Д.Даваажав: “Миний бие нь Увс аймгийн Барилга конторын дугуй зуухны тоосгон заводад 1976 онд цахилгаанчнаар анх ажилд орон ажиллаж байхад Б.Батхуяг нь 1981 онд манай байгууллага Барилга угсралтын трест гэх нэртэй ажиллаж байхад дугуй зууханд ажилд орж ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд явж, 1986 онд цэргээс халагдаж ирээд тухайн байгууллагынхаа покарийн машинчаар ажилласан. Би 1992 онд ажлаас гарахад Б.Батхуяг нь тухайн байгууллагадаа ажиллаад үлдсэн. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Ч.Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Энхбаатар: “Намайг Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сард гагнуурчнаар ажилд ороход Б.Батхуяг нь Тоосгон заводад дугуй зуухны нүүрс 2 давхарт зөөж гаргадаг ажил хийж байсан. Бид хоёр нэг газар хамт ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Б.Батхуяг нь 1983 онд цэргийн албанд явж, 1986 онд цэргээс халагдаж ирээд мөн дугуй зуухандаа покарийн машинчаар ажилласан. 1994 онд манай байгууллагын нэр өөрчлөгдөн Увс аймгийн Барилгын бирж болон ажиллаж байгаад татан буугдсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Ч.Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Батхуягийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгон заводод 1981 оны 1 дүгээр сараас 1983 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд нүүрс оруулагчаар, 1986 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд покарийн машинч буюу покарийн жолоочоор, мөн Увс аймгийн Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд покарийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Батхуягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаазгай овогтой Баглаагийн Батхуягийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгон заводод 1981 оны 1 дүгээр сараас 1983 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд нүүрс оруулагчаар, 1986 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд покарийн жолоочоор, мөн Увс аймгийн Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд покарийн жолоочоор, нийт 11 /арван нэг/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Батхуягийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА