Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 183/2023/03588/И |
Дугаар | 210/МА2024/01123 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01123
2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/01123 |
Ж.Ө-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00759 дугаар шийдвэртэй
Ж.Ө-ын нэхэмжлэлтэй, Б.М-т холбогдох
40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ө-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.М- бид хамтдаа 7 жил амьдарсан. Би Солонгос улс руу явж 2 жил болоод ирэхэд Б.М- нь өөр хүнтэй болсон байсан. Энэ 2 жилийн хугацаанд гэр бүлийн хүний хувьд байрны болон автомашины урьдчилгаа мөнгө шилжүүлж байсан. Гэвч ирэхэд тусдаа амьдралтай болсон байсан учраас тэр хугацаанд шилжүүлсэн мөнгө болох 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.М-аас 33,826,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,173,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.М-аас 327,083 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ө-д олгож шийдвэрлэжээ.
4 Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Ж.Ө-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 11:30 цагт товлосон. Өмгөөлөгч би эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул "Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт"-ийг эмнэлгийн магадлагааны хамт өөрийн туслахаар дамжуулан хурал болох өдрийн 10.30-10.40 цагийн үед шүүгчийн туслахад гардуулсан. /Шүүгчийн туслах хурал хойшлох болох нь ээ гэж хэлээд хүлээн авсан/
Гэтэл шүүгчийн туслах н.Д нь хүсэлтийг хэрэгт хавсаргаагүйн улмаас хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэн байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хүсэлтийг шүүхэд биечлэн хүргэж өгсөн манай туслахын шүүхийн цагдаад бүртгүүлсэн цаг, минутаар шүүж шүүгчийн туслахад хүсэлтээ өгч буй камерын дүрс бичлэгийг гаргуулах хүсэлтийг тус шүүхийн тамгын газарт гаргаж, нотлох баримыг энэ гомдолд хавсаргав.
Өмгөөлөгч би шүүгчийн туслахын буруутай үйл ажиллагааны улмаас шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй, мөн шүүхэд үргэлжлүүлэн гаргах хүсэлт, нотлох баримт байсан тул өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ж.Ө- нь хариуцагч Б.М-т холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлд тайлбар гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагч Б.М-аас 33,826,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ө-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй.
Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хариуцагч талын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн гэсэн агуулгаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.
4. Анхан шатны шүүх Ж.Ө-ын нэхэмжлэлд 2023 оны 07 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Б.М-т нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 26-ны өдөр гардуулж, түүнд мөн өдөр хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн буюу 2023 оны 08 сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай дэлгэрэнгүй тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа нотолсон баримт, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
5. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023 оны 11 сарын 06-ны өдөр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2023 оны 12 сарын 01-ний өдөр товложээ. Хариуцагчтай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч Л.Энхбаясгалан 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Тус шүүхийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 14:30 цагт товлогдсон шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалангийн 14:30 цагт товлогдсон шүүх хурлыг 16:00 цаг хүртэл хүлээлээ, 16:30 цагт өөр хуралд оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох, талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар мөн шүүх хуралдааныг хойшлуулж, хурлыг 2024 оны 01 сарын 17-ны өдөр товложээ. Харин хариуцагч Д.М шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. /хх.28, 31/
2024 оны 01 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.М- хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, харин түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй үндэслэлээр мөн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хурлыг 2024 оны 02 сарын 16-ны өдөр товложээ. Товыг шүүхээс хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн байна. /хх.35/
6. Хариуцагч Б.М- 2024 оны 02 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд мөн хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүл мэндийн шалтгаан-аар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх, шүүх хуралдаанаар хэлэлцэж, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах эсэхийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргажээ. Энэ нь хариуцагчийн хүсэлт, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 269 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, шүүгчийн туслах М.Д-ын 2024 оны 03 сарын 12-ны өдөр үйлдсэн тайлбараар тогтоогдож байна.
Энэ үндэслэлээр буюу хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, шүүхэд хүсэлт, нотлох баримт гаргах эрх-ийг анхан шатны шүүх зөрчсөн үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.
7. Гэвч анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбар, түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх болон шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш 7 сар, хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойш 3 сар өнгөрсөн хэдий ч шүүхэд тайлбар, нотлох баримтаа гаргаагүй учир шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.
Иймд хариуцагч талаас дээрх хугацаанд тайлбар, нотлох баримтаа гарган мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх, шүүхэд хүсэлт, нотлох баримт гаргах эрх-ийг нь анхан шатны шүүх зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагч Б.М-т 2024 оны 01 сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь хариуцагчийн хувьд шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн гэсэн хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхийн захиргааны ажилтан буюу шүүгчийн туслахын буруутай ажиллагааны улмаас шүүх хүсэлтийг хэлэлцээгүй нь энэ хэргийн хувьд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэл болохгүй, уул алдаанд гагцхүү шүүхийг буруутгахгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг шүүх мэдээгүйн улмаас шүүх хуралдаанаар хэлэлцээгүй явдалд хариуцагч Б.М- шүүхэд хүрэлцэн ирж, шүүх хуралдаанд биечлэн оролцох замаар өмгөөлөгчийн хүсэлтээ тайлбарлаагүйтэй мөн холбоотой гэж үзнэ.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00759 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,083 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЭНЭБИШ