Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01124

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01124

 

Х.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/01771 дугаар шийдвэртэй

Х.М-ын нэхэмжлэлтэй, Э-ХХК, Б.Х-, Г.Д- нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн, орон сууцны хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Х-гийн, мөн 2017 оны 02 сарын 18-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Г.Д-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Э-ХХК, Б.Х- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Э-ХХК, Б.Х- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2018 оны 08 сарын 16-ны өдөр иргэн Г.Д-оос Чингэлтэй дүүргийн 6 хороо, 6 хороолол, 43 байрны 00- тоот-, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдаж авч, өнөөг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. Гэрээг Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х- буюу Э-ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчтой байгуулж, орон сууцны үнийг тус компанид бүрэн төлсөн. Иймээс тус компаниас болон гэрээ байгуулсан Б.Х- нараас өөрийн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Х-гийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Х-, Х.М- нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Харин Г.Д-ын төлөөлөгч Б.Х-, Х.М- нарын хооронд харилцаа үүссэн. Хэргийн баримтаас Б.Х- нь итгэмжлэлээр гэрээ хийсэн гэх боловч итгэмжлэл хэрэгт байхгүй, мөн Х.М- гэх хүнийг огт танихгүй. Эдгээрээс дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тогтоогдож байгаа учир Б.Х-гээс орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхгүй. Орон сууцны төлбөрийг Б.Х-д бус Э-ХХК-д төлсөн ба үүнийг Б.Х-д төлбөрийг төлсөн гэж үзэхгүй. Б.Х- Э-ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд Х.О нь тус компанид маш их хэмжээний өр төлбөртэй байсан ба 2019 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар 700,000,000 төгрөгийн төлбөртэй байгаа. Иймд орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй байгаа тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Э-ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Компанийн зүгээс 2017 онд 80 сая төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн дүү Х.О-ын худалдан авах саналыг үндэслэн нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр график гарган төлбөр төлөх боломж олгосон. Гэтэл 2023 онд иргэн Х.М- нь тус байрны өмчлөх эрхийг шилжүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Э-ХХК-ийн зүгээс Х.М- гэх иргэнтэй харилцаагүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. Нэхэмжлэл гаргах үед нь Х.О-ын эгч болохыг мэдсэн. Х.О-тай тохиролцсоноор маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хуулийн дагуу байгуулаагүй тул Иргэний хуулийн 42, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар түүний эхнэр А.М-тэй байгуулсан тул энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайн үеийн санхүүгийн менежер байсан Г.Д-ын Х.М-тай байгуулсан гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус байна. Учир нь маргаан бүхий орон сууц нь манай компанийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд дүр үзүүлсэн хэлцлийн үндсэн дээр Г.Д-ын нэр дээр орон сууцны гэрчилгээ авсныг Х.О- мэдэж байсан. Мөн Х.О- нь Э-ХХК-д ажиллаж байхдаа 716,000,000 төгрөгийг хувьдаа завшсан. Х.О-ын орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэх шилжүүлгийн баримтад ямар нэг байдлаар Х.М-ын байрны төлбөрт тухайн мөнгийг өгсөн гэх зүйл байдаггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Г.Д- шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

5. Хариуцагч Б.Х-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, 6 хороолол, 43 байрны 00- тоот- орон сууцанд амьдарч байгааг бичжээ. Гэтэл тус орон сууцыг 2022 оны 03 сарын 09-ний өдрөөс Б.Х- би өмчилсөн ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, цаашлаад захиран зарцуулах эрхээ эдлэх боломжгүй болсон. Иймд дээрх орон сууцнаас Х.М-ыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Б.Х-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Гэрээ байгуулахад тус хөрөнгийн гэрчилгээ Г.Д-ын нэр дээр байсан. Б.Х- нь миний худалдаж авсан байрыг ямар учраас өмчлөлдөө шилжүүлж авсан нь тодорхойгүй байна. Х.М- нь орон сууцыг 80 сая төгрөгөөр Э-ХХК-аас худалдаж авсан. Тухайн үед компанийн өмчлөлд орон сууц байсан бол Б.Х-, Г.Д- нартай маргаан үүсгэхгүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Г.Д-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 2017 оны 12 сарын 01-ний өдөр гарсан. Тухайн үед Х.О- худалдах-худалдан авах саналыг гаргасан ба 2018 онд манай эгч дэлгүүрийн зөвшөөрөл авах гээд бүрдүүлэх баримтад нь хавсаргаад өгчих түр гэрээ хэрэгтэй гэснээр өнөөдрийн маргаан бүхий гэрээ байгуулагдсан. Иймд худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл, гэрээний санал, мөн тус орон сууцыг Х.М-д худалдах аливаа харилцаагүй, зөвхөн тусгай зөвшөөрөлд нь шаардлагатай бичиг гэж Х.О- тайлбарласан тул уг гэрээг байгуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл тул Х.М-тай байгуулсан 2018 оны 08 сарын 16-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Г.Д-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Уг орон сууц анхнаасаа Г.Д-ын хөрөнгө байгаагүйг өөрөө тодорхой тайлбарласан, мөнгө аваагүй гэдгээ ч хэлсэн. Дэлгүүрийн тусгай зөвшөөрөлд зориулж гэрээ байгуулсан гэсэн нь үндэслэлгүй. Хэрэв Х.О-ын эхнэр А.М- болон Х.М- нарыг ашиглан гэрээ байгуулах замаар өөртөө уг орон сууцыг авсан бол харин дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх боломжтой. Гэтэл хөрөнгийн өмчлөгчтэй Х.М- нь гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг төлснийг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.М-ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, 6 хороолол, А байр, 00- тоот, 29 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Б.Х-, Э-ХХК нарт даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Г.Д-од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.М-д холбогдох хариуцагч Б.Х-гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч Г.Д-ын 2017 оны 02 сарын 18-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 557,950 төгрөг, хариуцагч Б.Х-гээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Г.Д-ын төлсөн 558,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Х-, Э-ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 557,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

10. Хариуцагч Б.Х-гийн давж заалдах гомдлын агуулга:

10.1. Х.О- нь анх манай эгч дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авах гээд байгаа учир эгч Х.М-тай түр гэрээ байгуулаад өгнө үү, үр дагавар үүсэхгүй, төлбөр бүрэн төлөгдсөн гэж бичүүлье гээд гэрээг байгуулснаас өөрөөр талуудын хооронд гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. Х.М- нь гэрээг байгуулагмагц "А" ХХК-ийг үүсгэн байгуулж тус хаягт бүртгүүлж тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Гэтэл шүүхээс тус асуудлыг тогтоогдсон мэтээр дүгнэсэн ба гэрч үнэн зөв мэдүүлэг өгснийг нотлохтой холбоотойгоор үндэслэл бүхий дүгнэх ёстой.

Би маргаан бүхий орон сууцны өмчлөгч бөгөөд аливаа байдлаар Х.О-, Х.М-ын зүгээс надад төлсөн төлбөргүй атал үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэлгүй байна. Шүүхээс нэхэмжлэгчийн төрсөн дүү Х.О-ын мэдүүлэгт үндэслэсэн хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Миний зүгээс Х.О-т зөвхөн авлага төлөв гэсэн утгаар орон сууцны төлбөрийг төлөх талаар хэлсэн удаагүй атал шүүхэд худал мэдүүлснийг нь шүүх үндэслэн орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан "Э" ХХК-аас гарган өгсөн Х.О-ын дансны мэдээлэлд ажил, чиг үүргийн хувьд гүйцэтгэсэн төлбөр, өр төлбөр, цаашлаад компаниас хувьдаа гаргасан зардлыг хүртэл тусгасан дэлгэрэнгүй мэдээлэл тусгагдсан байхад зөвхөн тус орон сууцны үнийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

10.2. Б.Х- би маргаан бүхий орон сууцны өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүхээс орон сууцны өмчлөгчийн бүртгэлийг хүчингүй болгосон, бусдад шилжүүлсэн зэрэг байдал тогтоогдоогүй атал нэхэмжлэгчийн өмчлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй байна. А.М-тэй байгуулсан гэрээний дагуу Х.О-ын эзэмшилд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн гэж ойлгож байсан ба Х.М- эзэмшилдээ авсан талаар мэдээгүй. Х.М-, Б.Х- нарын хооронд ямар нэгэн эзэмшил шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй тул Х.М-ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

Гэрч Х.О- нь дэлгүүрийн асуудал зөвхөн өргөтгөлтэй хамааралтай гэсэн ч улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлийн "А" ХХК-ийн хаягаар бүртгүүлсэн, мөн 2024 оны 02 сарын 29-ний өдөр Нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтсээс олгосон баримтаар А ХХК нь 2019 оны 01 сарын 30-ны өдөр согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа гэсэн хэсэгт Хүнсний дэлгүүр гэснээс үзвэл энэ нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй шууд хамааралтай, бусдын үл хөдлөх эд хөрөнгийн хаягт хүнсний дэлгүүр ажиллуулах эрх бүхий компани байгуулан, түүнийгээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс үзвэл Х.О-ын анх эгч маань дэлгүүр ажиллуулахад гэрээ шаардлагатай байгаа тул үр дагавар үүсгэхгүй дүр үзүүлсэн хэлцэл хийгээд өгнө гэсэн үйл баримт тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож Б.Х-гийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

11. Хариуцагч Э-ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Х.М-ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг "Э " ХХК-д тус тус даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх хэрэгт цугларсан баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Маргаан бүхий орон сууцыг өргөтгөлийн хамт 80,000,000 төгрөгөөр Х.О-т худалдаж, эхнэр А.М-тэй нь гэрээ байгуулсан. Х.О- нь 2019 оны 7 сард "Э " ХХК-д 714,610,000 төгрөгийн өр төлбөртэй болсон. Гэвч шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн төрсөн дүү Х.О-ын мэдүүлэгт үндэслэсэн нь хэт нэг талыг баримталсан, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Хэрэгт авагдсан гэрээнээс үзэхэд төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр байхад 48,000,000 төгрөг дутуу гэсэн баримт дээр гараар бичсэн 60 сая төгрөг төлсөн баримт бий мэтээр бичсэн, мөн 2019 оны 04 сарын 16-ны өдөр иргэн А.О, М.Ө нарын хооронд 6,800,000 төгрөг шилжүүлснийг компанид шилжүүлсэн мэтээр, мөн Х.О-аас компани авлага үүссэний дагуу төлсөн баримтуудыг орон сууцны төлбөр төлсөн мэтээр дүгнэсэн нь шийдвэрийг хууль бус гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн шаардаж буй гэрээ нь бичгээр байгуулагдсан атлаа Б.Х-д төлөөлөх эрхийн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй. Иймд дүр үзүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.8-т зааснаар хүчингүй бөгөөд "Э " ХХК-ийг нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжүүлэхийг шүүхээс даалгасан нь хуульд нийцээгүй байна. Манай компанийн эсрэг гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэ үлэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

12. Хариуцагч Э-ХХК, Б.Х- нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Э-ХХК нь Х.О-ын ажлын үнэлгээг үндэслэн түүнд дэлгүүрийн тусгай зөвшөөрөл өгөх нөхцөлөөр түүний эхнэр А.М-тэй гэрээ байгуулсан. Х.М- нь байрны өмчлөгч Г.Д-той гэрээ байгуулсан бөгөөд гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн нь тухайн байрыг Х.М- худалдаж аваагүй, амьдарч байгаагүй гэх тайлбар няцаагдаж байна. Мөн Э-ХХК нь Х.М-ыг компанид 50,000,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч, үлдэх 30,000,000 төгрөгийг Х.О- компаниас авсан борлуулалтын урамшууллаа эгч Х.М-ын байрны төлбөрт өгснийг гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогддог.

Хариуцагч С.Х-ийн гомдлын тухайд: 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан бөгөөд Б.Х-гийн зүгээс компани болон Г.Д-од нэг ч төгрөг төлөөгүй. 2022 оноос хойш нэхэмжлэл гаргах хүртэл Х.М-ыг байрнаасаа гарах талаар шаардлага гаргаж байгаагүй. Хариуцагч Э-ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад зарж борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилчдадаа түр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж татвараас зайлсхийдэг талаарх тайлбар хэрэгт нотлох баримтаар авагдсан. Уг хэрэгт дэлгүүрийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал хамааралгүй. Тухайн байр нь орон сууцны зориулалттай байр болохоос дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалтгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

13. Хариуцагч Э-ХХК, Б.Х- нарын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Г.Д-ын тайлбарын агуулга: Тайлбаргүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч Э-ХХК, Б.Х- нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х.М- нь хариуцагч Э-ХХК, Б.Х-, Г.Д- нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, А байрны- 00- тоот-, 29 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Х-гээс тус орон сууцнаас нэхэмжлэгчийг албадан чөлөөлүүлэх, хариуцагч Г.Д-оос 2017 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тус тус сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, зохигчийн маргаж буй орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч болохыг тогтоож, зохих баримт бичгийг нэхэмжлэгчид гарган өгөхийг хариуцагч Б.Х-, Э-ХХК нарт даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Г.Д-од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3.1. Зохигчийн маргаж буй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, А байрны- 00- тоот-од байх улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Г.Д- 2017 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн, өнөөгийн байдлаар уг орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Б.Х- улсын бүртгэлтэй боловч уг хөрөнгийн жинхэнэ өмчлөгч нь хариуцагч Э-ХХК болохыг, мөн нэхэмжлэгч Х.М- нь хариуцагч Г.Д-той (Г.Д-ыг төлөөлж Б.Х- гэрээнд гарын үсэг зурсан) 2017 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу дээрх орон сууцыг хариуцагч Э-ХХК-аас 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.2. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2018 оноос эхлэн маргаж буй орон сууцыг эзэмшиж байгаа, гэрээний үнэ 80,000,000 төгрөгийг хариуцагч Э-ХХК-д бүрэн төлсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Э-ХХК, Х.О- нарын хооронд 2019 оны 02 сарын 14-ний өдрийн Тооцоо нийлсэн акт, гэрч Х.О-ын мэдүүлэг, хариуцагч Э-ХХК-ийн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримт, мөн компанийн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн 120/21 тоот тодорхойлолтоор тус тус тогтоогджээ. Эдгээр баримтууд нь зохигчийн маргааны зүйлд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой баримт болохыг шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

3.3. Түүнчлэн хариуцагч Э-ХХК-аас 2021 оны 08 сарын 17-ны өдрийн 120/21 тоот тодорхойлолтоор маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч Х.М- 80,000,000 төгрөгөөр худалдан авсан, 3,100,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг гуравдагч этгээдэд илэрхийлжээ. Нэхэмжлэгч тус хугацаанаас хойш буюу 2021 оны 08 сарын 31-ний өдөр 262,413 төгрөг, 09 сарын 31-ний өдөр 2,837,587 төгрөг, 2022 оны 01 сарын 31-ний өдөр 482,197 төгрөг, нийт 3,582,197 төгрөгийг хариуцагч Э-ХХК-д төгрөгийг төлсөн нь дээрх Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ-ээр нотлогдсон байна.

 

Иймээс орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй, Х.О-ын компаниас авах авлагыг орон сууцны төлбөрт тооцсон нь хууль бус, мөн хэрэгт хариуцагчаар оролцсоноор нэхэмжлэгчийг уг орон сууцанд амьдарч байгааг мэдсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагч Э-ХХК, Б.Х- нарын давж заалдах гомдол хэргийн бодит байдалд нийцэхгүй, гомдол үндэслэлгүй байна. Мөн хариуцагч Б.Х-гийн зүгээс орон сууцны үнийг нэхэмжлэгч надад төлөөгүй байхад шүүх өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үндэслэлгүй гэсэн гомдлыг хангахгүй, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хариуцагч Б.Х-д төлөх үүрэггүй байна.

 

4. Хариуцагч Г.Д-ын өмчлөлд маргаж буй орон сууц бүртгэлгүй гэх үндэслэлээр 2017 оны 02 сарын 17-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж анхан шатны шүүх агуулгын зөрчилтэй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч Х.М- нь тус гэрээг хариуцагч Г.Д-той байгуулснаар хөрөнгийн жинхэнэ өмчлөгч болох хариуцагч Э-ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч уг гэрээний үүргийг хариуцагч Э-ХХК-аас шаардах эрхтэй.

Тус гэрээний 3.1-д зааснаар орон сууцны үнийг 100 хувь төлснөөр орон сууцны өмчлөх эрх худалдан авагч буюу нэхэмжлэгч Х.М-д шилжихээр талууд тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Э-ХХК гэрээний 5-р зүйлд зааснаар орон сууцны үнэ бүрэн төлөгдсөнийг үндэслэн орон сууцны өмчлөх эрх, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид саадгүй хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, А байрны- 00- тоот-од байх улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.М-ыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч Х.М-д гарган өгөхийг хариуцагч Э-ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5. Хариуцагч нараас Х.М-тай байгуулсан гэрээ нь А.М-тэй байгуулсан гэрээг халхавчилж, дүр үзүүлэн байгуулсан, Х.М- нь дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авахад орон сууц худалдан авах гэрээ хэрэгтэй гэсний дагуу гэрээ байгуулсан гэсэн агуулгаар гомдол гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нар уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.М-ыг зохигчийн маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн үндэслэлээр хариуцагч Б.Х-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Б.Х-гийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тогтоогдсонгүй.

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний буюу үүргийн эрх зүйн харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон атлаа нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хүрээ, хязгаар болон хамгаалалтын эрхийг зохицуулсан хуулийг баримтлан орон сууцны өмчлөгчөөр тогтоосон хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна. Мөн шүүх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасан нь буруу тул өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Энэ агуулгаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэсэн хууль хэрэглээний, мөн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг гэснийг өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг гэсэн найруулгын өөрчлөлтийг тус тус шүүхийн шийдвэрийн тогтоох оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч Э-ХХК, Б.Х- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/01771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж, ...өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг гэснийг өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э-ХХК-ийн төлсөн 557,950 төгрөг, хариуцагч Б.Х-гийн төлсөн 628,150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ