| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00390/и |
| Дугаар | 00439 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00439
Зохигчид эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхим хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, Хөхөө баг, Хархираа хороолол 1-9 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ68091505, тоотод оршин суух, Шаавай овогтой Зундуйн Оюунгэрэл,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө баг, Жишиг хороолол 01-03 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ94080712, Шаавай овогтой Зоригбадрахын Бямбацогт,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө баг, Байшин хороолол 2-09-04 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ72100909, Бөхчүүд овогтой Дамирангийн Залуухүү нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,
Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/18 тоот “Сахилгын шийтгэл хүлээлгэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Бямбацогт, З.Оюунгэрэл, Д.Залуухүү, хариуцагч Ж.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаангом суманд Сонгуулийн Ерөнхий хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад /ББАСБ/ ажиллах ажилтны сургалт зохион байгуулсан бөгөөд уг сургалтанд Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн тогооч З.Оюунгэрэл, эмийн бус эмчилгээний бага эмч З.Бямбацогт, үйлчлэгч Д.Залуухүү бид нар оролцож байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах гэрчилгээ авсан билээ. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/370 тоот албан бичиг, сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 тоот албан бичиг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасныг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын А/18 тоот тушаал гарч З.Оюунгэрэл, З.Бямбацогт, Д.Залуухүү бид нарын цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь бид нар Сонгуулийн Ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалтанд суухдаа байгууллагын удирдлагадаа мэдэгдэж зөвшөөрөл авсан бөгөөд ажил тасалсан асуудал байхгүй. Түүнчлэн аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга нарын шахалт шаардлагаар бид нарт хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж байгааг буруу гэж үзэж байна. Иймд Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/18 тоот “Сахилгын шийтгэл хүлүүлгэх тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Тарилан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тариалан сумны Эрүүл мэндийн төвийн ажилтан З.Оюунгэрэл, З.Бямбацогт, Д.Залуухүү нарын гаргасан нэхэмжлэлийн талаар дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн төвийн тогооч З.Оюунгэрэл, эмийн бус эмчилгээний бага эмч З.Бямбацогт, нярав Д.Залуухүү нар нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаангом суманд болсон Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороонд ажиллах сургалтанд сууж гэрчилгээ авсан байсан. Тухайн өдөр надаас З.Бямбацогт нь аймгийн Эрүүл мэндийн газар орж хөөцөлдөх ажил байна гэж 1 өдрийн чөлөө авсан. З.Оюунгэрэл нь урьд өдөр нь маргааш аймаг орж шүдээ үзүүлнэ, шүд өвдөөд болохгүй байна гэж, Д.Залуухүү нь вирусын шинжилгээ өгнө гэж тус тус хувийн ажлаар чөлөө авсан байгаа. Гэтэл сумын Засаг дарга “Чи хүмүүсээ хууль зөчсөн зүйлд явуулж Төрийн албаны тухай хууль зөрчсөн” гэж нэг талаас намайг буруутгаж байгаа. Эдгээр албан хаагч тэр өдрийн ажил таслаж Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.7-г зөрчсөн тул арга хэмжээ авч ажлаас чөлөөл гэж хэлээд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 тоот албан бичиг өгч “Хууль хэрэгжүүлж ажил” гэсэн үүрэг өгсөн. Түүний дагуу удаа дараа шаардаж “Чи эдгээр хүмүүст арга хэмжээ авч ажиллахгүй бол чамд арга хэмжээ авна” гэж хэлсний үндсэн дээр би эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлөөгүй, цалингийн 3 сарын 20 хувиар хасах сахилгын арга хэмжээ тооцсон билээ. Цалингийн арга хэмжээг авах үндэслэлийг аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/370 тоот, сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 51 тоотыг үндэслэж авсан. Тухайн өдөр аймаг явахдаа надад Сонуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа сургалтанд суух гэж байна гэж чөлөө аваагүй. Дээр өгүүлснээр хувийн ажлаараа тухайн өдөр чөлөө авсан болно. Эдгээр үндэслэлээр арга хэмжээ авсан учир би буруу шийдвэр гаргаагүй гэж үзэн нэхэмжлэлээс татгалзаж байна. Энэ асуудлаар сумын Засаг дарга С.Цолмонгоос тодруулга авахыг хүсэж байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “... Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нарын тус бүрийн цалингаас үндэслэлгүйгээр суутгагдсан 2016 оны 5, 6 дугаар сарын цалингийн 20 хувийг нөхөн олгохоор тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Өөр ямар нэгэн маргаангүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нар хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/18 тоот “Сахилгын шийтгэл хүлээлгэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа нь өөрийн гаргасан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/18 тоот “Сахилгын шийтгэл хүлээлгэх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нарын 2016 оны 5, 6 дугаар сарын цалингаас үндэслэлгүйгээр суутгагдсан тус бүрийн цалингийн 20 хувийг нөхөн олгохоор тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагаас “Увс аймгийн Засаг дарга болон Тариалан сумын Засаг даргаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн эдгээр ажилчдыг төрийн албан хаагчийн үүргийг зөрчиж, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, сургалтад суусан тул сахилгын арга хэмжээг арга буюу авсан” гэсэн тайлбар гаргасан байх боловч тухайн нэхэмжлэгч нар нь тус Эрүүл мэндийн төвд Эмийн бус эмчилгээ хариуцсан бага эмч, нярав, тогооч хийдэг, төрийн үйлчилгээний албан хаагчид байна.
Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байна” гэж заасан байх ба тухайн иргэд Сонгуулийн Ерөнхий хорооноос зохион байгуулсан албан ёсны сургалтад хамрагдан, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэн, гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.
Тэгэхээр төрийн үйлчилгээний албан хаагчид сонгуулийн төв байгууллагаас зохион байгуулсан “Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт”-д хамрагдаж болохыг хуулиар баталгаажуулсан байх ба тухайн сургалтад сууж, мэдээллийн санд бүртгэгдэн, гэрчилгээ авсан төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчид нь сонгууль зохион байгуулах ажлын хэсэгт орж ажиллах эрхтэй болохоос бус сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нарын талаар сурталчилгаа явуулах, тэдгээрийг дэмжсэн аливаа үйлдэл хийх, сонгогчдод нөлөөлөх, санал хураах, тоолох ажилд саад хийх зэргээр үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглох талаар Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д тодорхой заажээ.
Иймд нэхэмжлэгч З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нарыг төрийн албан хаагчийнхаа хувьд дээрх сургалтад хамрагдсан хэмээн буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа нь өөрийн гаргасан 2016 оны А/18 тоот тушаалыг хүчингүй болгож, З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нарын 2016 оны 5, 6 дугаар сарын цалингаас үндэслэлгүйгээр суутгагдсан цалингийн 20 хувийг буцаан олгохоор зохигчид эвлэрсэн нь хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа нар харилцан тохиролцож, Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нарын тус бүрийн цалингаас үндэслэлгүйгээр суутгагдсан 2016 оны 5, 6 дугаар сарын цалингийн 20 хувийг нөхөн олгохоор зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Бямбацогт, Д.Залуухүү, З.Оюунгэрэл нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг эс биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА