Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00855

 

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00855

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1958 оны 12 дугаар сарын 30 өдөр төрсөн, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, бүлгийн 15 дугаар гудамжны 653-б тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот Баянгол дүүргийн 16 дугаар хороо, туулын 18-374 тоотод түр оршин суух Боржигон овогтой Наранхүүгийн Оюунбилэг РД:/НХ58123003/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний бие Төв аймгийн Баянчандмань суманд 7 дугаар анги төгссөн. 1973 оны 7 сарын 20 өдрөөс 1978 оны 2 сарын 23 өдрийн хооронд Баянчандмань сумын Туршлага фермд саальчнаар, 1978 оны 3 сараас 1984 оны 11 сарын 10 өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байгаад 1984 оны 11 сарын 11 өдрөөс 1987 оны 1 сарын 11 өдрийг хүртэл Баянчандмань сумын Армийн сангийн аж ахуйд гахайчин, туулайчинаар, 1987 оны 01 сарын 15 өдрөөс 1988 оны 4 сарын 27 өдрийг хүртэл тус сумын дунд сургуульд үйлчлэгчээр, 1988 оны 5 сарын 5 өдрөөс 1991 оны 02 сарын 10 өдрийг хүртэл мөн сангийн аж ахуйд гахайн тэжээл бэлтгэгчээр  ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бүх бичилт нь байгаа боловч архиваас зарим ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандах болсон. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. 1978 оны 3 сараас 1984 оны 11 сарын 10 өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байсан нь хувь тэнцүүлсэнээр тэтгэвэр тогтоогдсон учир тогтоолгох шаардлагагүй гэсэн.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 4-11, 13, 15-16, 21-24, 27-28, 35-36/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь 1973 оны 7 сарын 20 өдрөөс 1978 оны 2 сарын 25 өдөр хүртэл Баянчандмань сумын Туршлага фермд саальчнаар, 1984 оны 11 сарын 11 өдрөөс 1987 оны 1 сарын 15 өдөр хүртэл Баянчандмань сумын Армийн сангийн аж ахуйд гахайчин, туулайчинаар, 1987 оны 01 сарын 15 өдрөөс 1988 оны 4 сарын 27 өдөр хүртэл тус сумын дунд сургуульд үйлчлэгчээр, 1988 оны 05 сарын 05 өдрөөс 1991 оны 02 сарын 10 өдөр хүртэл мөн сангийн аж ахуйд гахайн тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн зарим тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Оюунбилэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор  шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл:

  1. Мал аж ахуйн Туршлага фермийн даргаас 1976 оны 11 сарын 24 өдөр Ц.Оюунбилэгт олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 4-5/,
  2. Төв аймгийн Архивын тасгийн 2014 оны  1 сарын 8 өдрийн 2996 тоот бичиг /хх 6/,
  3. Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 09 сарын 23 өдрийн 8018 тоот лавлагаа /хх 7/,
  4. Төв аймгийн Баянчандмань дахь “Туршлага” фермийн даргын 1977 оны 04 сарын 13 өдрийн “...Цэнд овогтой Оюунбилэг... нарыг 2 дугаар сарын 25 өдрөөс тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй 25 дугаартай тушаалын хуулбар /хх 8/,
  5. Ардын армийн 179 дүгээр ангийн даргын 1985 оны 02 сарын 20 өдрийн ажилд томилох тухай “...Наранхүү овогтой Оюунбилэгийг 11 сарын 11 өдрөөс эхлэн туулайчнаар...тус тус томилсугай...” гэх бичилттэй 18 дугаартай  тушаалын хуулбар /хх 9/,
  6. Баянчандмань сангийн аж ахуйн даргын 1987 оны 02 сарын 11 өдрийн ажлаас чөлөөлөх ба цалингүй чөлөө олгох тухай “...гахайн хоол бэлтгэгч Наранхүү овогтой Оюунбилэгийг 1987 оны 01 сарын 15 өдрөөс эхлэн тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй 18 дугаартай тушаалын хуулбар /хх 10/,
  7. Төв аймаг, Баянчандмань сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 01 сарын 15 өдрийн ажилчин авах тухай 02 дугаартай тушаалын хуулбар /хх 11/,
  8. гэрч Г.Болормаагийн тодорхойлолт, шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 13, 27/, түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 35-36/ М.Чулуунбаатарын тодорхойлолт /хх 15/,
  9. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 5 сарын 10 өдрийн 681 тоот шийдвэрийн хуулбар /хх 16/,
  10. Гэрч Ч.Ичинхорлоогийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт, мэдүүлэг /хх 21-24, 28/ зэрэг нотлох баримтуудаар Н.Оюунбилэг нь 1973 оны 7 сарын 20 өдрөөс 1978 оны 2 сарын 25 өдөр хүртэл Баянчандмань сумын Туршлага фермд саальчнаар, 1984 оны 11 сарын 11 өдрөөс 1987 оны 1 сарын 15 өдөр хүртэл Баянчандмань сумын Армийн сангийн аж ахуйд гахайчин, туулайчинаар, 1988 оны 05 сарын 03 өдрөөс 1991 оны 02 сарын 10 өдөр хүртэл мөн сангийн аж ахуйд гахайн тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Наранхүүгийн Оюунбилэг нь 1973 оны 7 сарын 20 өдрөөс 1978 оны 2 сарын 25 өдрийн хүртэл Баянчандмань сумын Туршлага фермд саальчнаар, 1984 оны 11 сарын 11 өдрөөс 1987 оны 1 сарын 15 өдрийг хүртэл Баянчандмань сумын Армийн сангийн аж ахуйд гахайчин, туулайчинаар, 1988 оны 05 сарын 03 өдрөөс 1991 оны 02 сарын 10 өдрийг хүртэл мөн сангийн аж ахуйд гахайн тэжээл бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Э.АРИУНАА