Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01161

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01161

 

Ү.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01138 дугаар шийдвэртэй

Ү.Н-гийн нэхэмжлэлтэй, Г- ХХК, Б.А- нарт холбогдох

Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 18,895,176 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Н-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би анх орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг Б.А-тай 7,7 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь би Г т- ХХК-д тогтвор суурьшилтай, үр ашигтай, ажлын гүйцэтгэл сайтай ажиллах нөхцөлөөр урьдчилгаа төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдан авч, зээлийг сар бүр цалингаас төлөхөөр тохиролцсон. Нийт 12,895,176 төгрөг төлсөн ба Ковид-19 цар тахал гарч байгууллагын үйл ажиллагаа доголдсоноор ажлын гүйцэтгэл багасч байсан учир компаниас алдагдалтай байгаа, үр ашиг гаргахгүй байгаа тул байрыг хүлээлгэж өг, ажлаа өг гэж удаа дараа дарамт шахалт үзүүлж байсан.

Миний хувьд гэрээгээр тохирсон ёсоор цалингаас төлбөрийг төлнө гэж зөвшөөрөхгүй байсан ч удаа дараагийн дарамтын улмаас орон сууц түрээслэх гэрээ байгуулсан. Тухайн үед түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, орон сууцыг өөр хүнтэй хамтран өмчилсөн байсан. Иймд энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус тул төлсөн төлбөрөө буцааж авах нь зүйтэй гэж үзсэн. Гэрээ байгуулмагц байранд шууд орох боломжгүй байсан тул 6,000,000 төгрөгийн засвар хийсэн. Үүнийг хариуцагч зөвшөөрч тооцоонд оруулсан. Иймд 18,895,176 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Ү.Н- нь 2019 оны 04 сараас Г- ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн. Тус компанийн захирал Б.А-тай 2020 оны 01 сарын 02-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ажилтан сар бүр 1,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ч төлбөр бүрэн хийгдээгүй, 2, 3, 5 дугаар сард төлбөр хийгдээгүй тул анхны гэрээг түрээсийн гэрээ болгон өөрчилсөн. Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1-т төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг түрээсэлсэн гэж үзэн 600,000 төгрөгөөр тооцно гэж зааснаар Ү.Н-гийн 2019 оны 12 сараас 2022 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэл тухайн орон сууцанд 600,000 төгрөгийн түрээстэй амьдарсан нь нэхэмжлэлийн үнийн дүнд дүйцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-, Г- ХХК нараас 18,895,176 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,426 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 252,426 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-тай анх байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.4.1-т заасан төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн учир талууд харилцан тохиролцож уг гэрээг цуцлаж, 2020 оны 06 сарын 10-ны өдөр Орон сууц түрээслэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь эдгээр гэрээнүүдийн төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн болон төлбөр төлөх үүргээ зөрчсөний улмаас гэрээг цуцлах болсныг хэргийн баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгч зөвшөөрсөн нь тогтоогдсон байдаг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан тул олсон ашгийг харилцан буцаах үүрэгтэй гэж дүгнэсэн ба талууд гэрээг цуцалсан учир шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шийдвэрт, орон сууц худалдах-худалдан авах болон орон сууц түрээслэх гэсэн 2 өөр гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн атал гэрээг хуульд нийцээгүй, өмчлөгчтэй гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж дүгнэжээ. Талуудын хооронд үүссэн харилцаа нь түрээсийн гэрээний бус ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай хийсэн орон сууц хөлслөх гэрээ тул ажилтныг тогтвор суурьшилттай ажиллуулах, ая тухай байдлыг хангахын тулд ажил олгогч талаас гаргаж өгсөн орон сууц юм. Б.А- нь Г- ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч тул зохих этгээдийн зөвшөөрөл шаардлагагүй.

Талууд дээрх хоёр гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байхад шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан гэж үзэж хариуцагч нараас 18,895,176 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн Ү.Н- нь маргаан бүхий орон сууцанд тасралтгүй 31 сар буюу 2 жил 7 сарын хугацаанд амьдарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анх Г- ХХК-д орон сууцтай болох зорилгоор ажилд орсон. Хариуцагч Г- ХХК-ийн зүгээс орон сууцтай болгож өгье, манай компанид ажилла гэх саналыг надад тавьсан тул би тухайн байгууллагад ажилд орсон. Ковид-19 цар тахал гарснаас болж, төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн нь үнэн. Уг нөхцөл байдлаа удаа дараа тайлбарлаж, давагдашгүй хүчин зүйл гэж үзэж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргасан боловч татгалзсан. Тухайн гэрээг би өөрөө хүлээн зөвшөөрч хийгээгүй бөгөөд компаниас маш их дарамт шахалт үзүүлж, гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. Би орон сууцтай болох зорилгоор Г- ХХК-д ажилд орсноос бус орон сууц түрээслэхээр ажилд ороогүй. Уг нөхцөл байдлын улмаас худалдаж авахаар орсон орон сууцны төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ү.Н- нь хариуцагч Г- ХХК, Б.А- нарт холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 18,895,176 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Ү.Н-, Б.А- нарын хооронд 2020 оны 01 сарын 02-ны өдөр Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдан авагч Ү.Н- нь Г т- ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр урьдчилгаа төлбөргүйгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол 3 дугаар байрны 60 тоот хаягт байрлах орон сууцыг жилийн 8 хувийн хүүтэй, 7 жил 7 сарын хугацаанд 68,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авах, сар бүр цалингийн орлогоос орон сууцны төлбөрийг төлөхөөр, худалдагч Б.А- нь орон сууцны эзэмшлийг шилжүүлж, үнэ бүрэн төлөгдсөний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

3.2. Гэрээний 2.3-т зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч нь сар бүр 1,000,000 төгрөгийг худалдагч буюу хариуцагчид төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч Ү.Н-гийн хариуцагч /Г- ХХК-ийн гүйцэтгэх захирал/ Б.А-д гаргасан хүсэлт, байрны түрээсийн тооцоо, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

3.3. Гэрээний 4.1-д Худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн эсхүл хэсэгчлэн төлөөгүй, гэрээгээ хугацаанаас өмнө цуцлахаар болсон тохиолдолд орон сууцыг түрээсэлсэн гэж үзэн сар бүрийн төлбөрөөс 600,000 төгрөгөөр тооцон Худалдагч нь авах, үлдэгдэл төлбөрөөс хөрөнгийн ердийн буюу элэгдэл, эвдрэл гэмтлийг тооцон тухайн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг хасаж тооцон үлдэгдэл төлбөрийг худалдан авагчид буцаан төлнө гэж заасан ба талууд уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар орон сууц хөлслөх гэрээний үүргээр сольж дуусгавар болгохоор тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй.

3.4. Ү.Н- болон Г- ХХК-ийн хооронд 2020 оны 06 сарын 10-ны өдөр Орон сууц түрээслүүлэх гэрээ байгуулагдсан байх ба үүгээр дээрх орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болжээ.

Ү.Н- болон Г- ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээний зүйл нь хүн суурьшин амьдрах зориулалттай орон сууц бөгөөд аж ахуйн үйл ажиллагаатай холбоогүй байхад анхан шатны шүүх уг эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэнэ.

 

4. Нэхэмжлэгчээс 12,895,176 төгрөгийг хариуцагч талд төлсөн талаар зохигч маргаагүй.

Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 02 сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагч Г- ХХК-д гаргаж, талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноор нэхэмжлэгч орон сууцыг 2022 оны 05 сарын 26-ны өдөр чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл талууд орон сууц хөлслөх гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан байна.

5. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 сараас 2022 оны 05 сард нийт 29 сарын хугацаанд орон сууц эзэмшсэний хөлсийг нэг сарын хөлс 600,000 төгрөг, нийт 17,400,000 төгрөг (600,000х29) төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс түүний төлсөн 12,895,176 төгрөгийг хасч тооцвол нэхэмжлэгч нь 4,504,824 төгрөгийг хариуцагчид төлөхөөр байна.

 

6. Мөн нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмших хугацаандаа 6,000,000 төгрөгийн засвар хийснийг хариуцагч нар зөвшөөрсөн байх ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 205.2.1-д гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан тул нэхэмжлэгч уг засварын зардал 6,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7. Дээрх байдлаар зохигч талуудын үүргийг нэгтгэн тооцвол нэхэмжлэгч нь 1,495,176 төгрөгийг (6,000,000-4,504,824) хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй байна.

 

8. Иймээс Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-, Г- ХХК нараас 1,495,176 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Н-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г- ХХК, Б.А- нараас 1,495,176 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Н-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...252.426 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Н-д олгосугай гэснийг ...38,873 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү.Н-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Г- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ