Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

     2019         03          19                                     2019/ШЦТ/254

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

улсын яллагч: Б.Мөнгөншагай,

шүүгдэгч, /хохирогч/: П.О, П.Б /өөрсдийгөө өмгөөлж/,

шүүгдэгч Г.Х: /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвийн Б, Боржигон овогт Пүрэвийн П.О, Боржигин овогт Ганлантуугийн Г.Х нарт холбогдох эрүүгийн 1809024611220 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019  оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 44-56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ХО:71110767 регистрийн дугаартай, Боржигон овогт Пүрэвийн Б.

2.Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31-44 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дугаар зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 572 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай. ЦД:64042468 регистрийн дугаартай, Боржигон овогт Пүрэвийн П.О.

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Бэст стандарт сервис” ХХК-нд нярав ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23а-9 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31-43 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, МП:95011011 регистрийн дугаартай, Боржигин овогт Ганлантуугийн Г.Х.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 31 дүгээр байрны орцонд иргэн П.Оын үснээс зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч П.О нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 31 дүгээр байрны орцонд иргэн П.Бгийн үснээс зулгаан зодож эрүү мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Х нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 31 дүгээр байрны орцонд иргэн Н.Лхагвасүрэнгийн уруул руу гараар цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Х мэдүүлэхдээ: Тухайн өдрийг санахгүй байна. Би гэрлүүгээ орох гээд явж байсан. Тэгээд орох гэж байсан манай дүү гадаа тоглох гэхээр нь тоглоомын талбай дээр хүргэж өгөөд гэрлүүгээ орсон. Гэрлүүгээ ороход хүмүүс чанга дугараад байхаар нь дээшээ гараад харсан чинь ээж Б, П.О 2 зууралдсан байсан. Би салгах гэж байсан чинь нөхөр нь гарч ирээд цохьсон. Ээж Б цохиулсанаа мэдэхгүй хойшоо унаад бие биенээ үстэлцээд байсан. Ээж Б цохиулаад унахад босгоод байж байтал манай аав, дүү 2 гарч ирээд дундуур орж ирээд салгах гэж оролдсон. Тэгээд цагдаа дуудсан. П.О нөхрөө аваад гэрлүүгээ орсон. Хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл тулгаж байгаад гайхаж байна. Би анх мэдүүлэг өгөхдөө П.Оыг цохьсон байхаа гэж мэдүүлэг өгсөн тэрүүгээр явсан юм шиг байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: .”..П.Оын нөхөр хаалгыг хүчтэй саваад онгойлгоход миний дух гэмтсэн. Мөнгөн гүүр гэдэг эмнэлэгт эмчлүүлээд зүгээр болсон. Одоогоор эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч П.О мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гадаа дасгал хийгээд гүйгээд ороод ирэхэд манай нөхөр хаалга  онгойлгосон.Тухайн үеийг би санахгүй байна. Б манайхыг дээрэлхээд байна уу гэж хэлснийг санаж байна. Тухайн үед би мэдүүлгээ өгөөд явсан одоо санахгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Б /хх-ийн 9/, хохирогч П.О /хх-ийн 11-12/, хохирогч Н.Лхагвасүрэн /хх-ийн 14-15/, гэрч Б.Лхагва /хх-ийн 23, 83/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, Г.Хгын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20, 25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6511, 6417, 6475  тоот дүгнэлт /хх-ийн 29, 33, 37/, П.Б, П.О, Г.Х нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-61/, П.О, П.Б, Г.Х, Н.Лхагвасүрэн нарын хүсэлт /хх-ийн 120-124/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 31 дүгээр байрны орцонд иргэн П.Оын үснээс зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч П.О нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 31 дүгээр байрны орцонд иргэн П.Бгийн үснээс зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 31 дүгээр байрны орцонд иргэн Н.Лхагвасүрэнгийн уруул руу гараар цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч П.Оын /хх-ийн 11-12/:  “2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг 30 минутын орчим гэртэй байж байтал манай хонх дуугарсан. Би хаалгаа тайлаад давхар хаалга тайлж өгтөл хажуу айлын хөрш Б “муу авгай минь” гээд над руу дайрахаар нь би шууд зугтаагаад  би өөрөө гэрийн хаалгаа татаж хаах гэтэл Б манай хаалгыг мөргөж унаад миний үснээс татаж намайг унагаасан. Тэгээд намайг  орилоход манай нөхөр Лхагвасүрэн, найз Лхагва нар болон Бгийн хүүхдүүд бүгдээрээ гарч ирээд салгатал Бгийн хүүхэд нь “манай ээжийг зодчихлоо” гээд Лхагвасүрэнгийн уруул руу нэг удаа гараараа цохьсон...” гэх мэдүүлгээр,

          хохирогч П.Бгийн /хх-ийн 9/:” ... Хөрш айлынхаа хонхыг дарахад нэг эмэгтэй гарч ирээд байнгын хонх дарах юм, “түрээсийн ядаргаатай гуйлгачингууд вэ?” гэхээр нь “ та нар гал хамгаалагч битгий тавь” гээд 4 хоног манайхыг тоггүй байлгасан байна. Цахилгаанчин ирээд тавих гэсэн чинь гал хамгаалагч байхгүй байна гэсэн  чинь араас  намайг хүчтэй түлхсэн. Тэгэхлээр нь би зөрүүлээд барьцалдаж авсан. Үсдэлцээд байж байсан. Гэтэл цаанаас нөхөр нь санаатайгаар хаалгаа хүчтэй саваад гарч ирсэн. Гэтэл хаалга савахад нь миний дух хэсэг руү хаалганы ирмэг таараад зүсэгдчихсэн гэх мэдүүлгээр,  

 

          хохирогч Н.Лхагвасүрэнгийн /хх-ийн 14-15/:“...хүмүүс орилж чарлаад байхаар нь би үүд рүү яваад очтол хөрш айлын Б манай эхнэр хоёр хоорондоо үсдэлцээд байж байхад нь би голоор нь ороод салгатал Бгийн хүүхэд нь миний дээд уруул руу нэг удаа цохьсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Ганлантуугийн /хх-ийн 19/ “...том хүү Г.Х нь “ээжийн нүүрийг хаалгаар цохичихлоо” гээд орилоод байхаар нь би гэрийн хаалга онгойлгоод гартал эхнэр Б хөрш айлын П.О гэх эмэгтэйтэй зууралдсан байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Лхагвын /хх-ийн 23, 83/: “...П.Оыг нэг эмэгтэй үснээс нь зулгаагаад дарсан байсан. ...Лхагвасүрэн цаад өрөөнөөс гарч ирээд салгах гээд хаалгаа хаах гээд гараа алдлаад байж байтал П.О нөхрийнхөө гар доогуур тонгойгоод ороод ирсэн. Тэр хооронд   ...залуу орилоод Лхагвасүрэнгийн уруул руу цохьсон...” гэх мэдүүлгээр,

          шинжээч эмч Ө.Сарангэрэлийн /хх-ийн 26/: “...П.Оын зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирсан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үснээс зулгаахад, татаж чангаахад тархи доргилт гэмтэл үүснэ...” гэх мэдүүлгээр,

 

          шинжээч эмч Т.Амартүвшингийн /хх-ийн 27/: “...П.Бгийн биед тархи доргилт, духны шарх бүхий гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны шарх гэмтэл төмөр хаалганы ирмэгт цохигдох, цохих, мөргөхөд үүсэх боломжтой. “Хүн мөргүүлсэн үү”, “өөрөө мөргөсөн үү” гэдгийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлгээр,

 

Г.Хгын гэрчээр мэдүүлсэн /хх-ийн  20-25/ “...хажуу айлын П.О эгч, ээж хоёр биенээ үстээд байж байхаар нь салгах гэж дундуур орсон чинь нөхөр нь гэрийнхээ хаалгыг саваад гарч ирсэн. ...Миний уур хүрээд Лхагвасүрэн ахын уруул руу нь хальт цохьсон...” гэх мэдүүлгээр,

П.Оын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан бслохыг тогтоогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6517 тоот дүгнэлт /хх-ийн 33/, хохирогч П.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6475 тоот дүгнэлт /хх-ийн 37/, хохирогч Н.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6511 тоот дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч нарын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч П.Б, П.О, Г.Х нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч  П.О, П.Б, Н.Лхагвасүрэн нар нь  “ ... ямар нэгэн гомдол санал байхгүй, бид нар  эвлэрсэн ” гэсэн баримт хэргийн 120-124 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, П.Б, Г.Х нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч .......... Пүрэвийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

.......... Пүрэвийн П.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

.......... Ганлантуугийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Оыг   450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, П.О, Г.Х нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, П.О, Г.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ