Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01162

 

 

 

2024 05 31 210/МА2024/01162

 

 

УБТЗ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/01480 дугаар шийдвэртэй

УБТЗ-ын нэхэмжлэлтэй, Г- ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 2,221,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Э.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г- ХХК нь цайны ургамал агуулах, хадгалах зориулалтаар зоорь шаардлагатай байгааг дурдаж тус нийгэмлэгийн харьяа Ногоон зоорь байгууламжийн зоорийг түрээсээр ашиглах хүсэлт ирүүлж, улмаар талууд 2022 оны 09 сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн, А дүүрэгт- байх Хүнсний бүтээгдэхүүн болон бараа материал хадгалах зориулалттай, 150 м.кв талбайтай 2 дугаартай агуулахыг 1 жилийн хугацаатай, сарын 1,350,000 төгрөгийн төлбөр төлж, эзэмших хугацааны ашиглалтын зардлаа түрээслэгч хариуцахаар тохиролцсон.

Түрээслэгч буюу хариуцагч нь 2022 оны 10 сарын 21-ний өдрийн албан бичгээр бидний үйлдвэрлэдэг ургамлын ногоон сувд цайны ургамлыг тус зооринд хадгалах горим таарахгүй тул цаашид түрээслэх боломжгүй-г дурдаж гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулснаас хойшхи түрээсийн төлбөр 2,221,000 төгрөгийг хариуцагчаас шаардах үед тус компани нь зоорийг ашиглаагүй гэж төлбөр төлөхөөс татгалзсан. Иймд хариуцагч Г- ХХК-аас түрээсийн төлбөр 2,221,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид 2022 оны 07 сард тус Ногоон зоорьтой танилцахад хуучны зоорь тул зоорийн стандарт хангаагүй, тасалгааны хэм хэмжигч термометргүй, хаалга нь дутуу хаагддаг, салхи орохуйц, шал, агааржуулагчийн хоолой нь хагарч эвдэрсэн байсан. Ингээд зоорийг түрээслэхээр болж манай компани хүсэлтээ өгсөн. Улаанбаатар төмөр замаас 2022 оны 09 сарын эхээр Агуулахын гэрээгээ хийнэ үү хэмээн холбогдсон ба бид зооринд хадгалах цайны ургамал, ургацаа хураагаагүй байсан. Улмаар хурааснаас хойш 1 сарын хугацаанд сүүдэрт хатаасны дараа тээрэмдэн жижиглэж, шуудайлсны эцэст зооринд хадгалах шаардлагатай байдаг тул 9-р сарын сүүлчээр гэрээг хийе гэсэн. Гэтэл "Өөр газар зоорийг авчих вий, танайх ядаж ёс болгон гэрээ хийчихвэл манайх зоорио хадгалж байя, агуулахыг ашиглах үеэс түрээсийг төлж болно" гэж амаар мэдэгдэн ятгаж, шахамдуулсан. Иймд манайх итгэж гэрээг байгуулсан.

Ингээд 2022 оны 10 сарын 11-ний өдөр нэхэмжлэгчтэй холбогдон зоорины бэлэн байдал хандагдсан эсэхийг шалгахад 07 сард үзсэн байдал хэвээр байсан тул зоорийг ашиглах боломжгүйг хэлсэн. Стандартын шаардлага хангасан агуулахыг хүлээн авах акт үйлдээгүйгээс гадна манай компани зоорийг зориулалтын дагуу ашиглаагүй. Гэрээнд гарын үсэг зурсан ч зоорийг ашиглах боломжгүй, ашиглах зориулалтаар тоноглож, засварлах тухай манай талын шаардлагыг биелүүлээгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулсан ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г- ХХК-аас 2,221,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч УБТЗ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,486 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрт "Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 2022 оны 09 сарын 09-ний өдрийн ТГ/22/355 дугаартай үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь тус гэрээний хуулбар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул тус гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тухайн гэрээг байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж заасан байна. 2022 оны 09 сарын 09-ний өдрийн ТГ/22/355 дугаартай үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээгээр "УБТЗ-ын харьяа "Ногоон зоорь"-ийн нэг хэсэг болох 2 номерын зоорины нөхцөлийг танилцуулан хүлээн зөвшөөрсөн тул "Г-" ХХК-д түрээслэсэн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийгээгүй, дээрх хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бүтнээр нь түрээслээгүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тус компанийн захирал Э.Г нь зоорийн түлхүүрийг авч гэрээний дагуу актаар хүлээлцэнэ гэсэн боловч орон нутагт ажиллахаар явж гэрээний үүргээ биелүүлээгүй нь нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдсон байтал шүүх энэ талаар дүгнээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Манай байгууллагын цайны ургамал хийцгүй учраас нэг ч удаа ашиглаж байгаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч УБТЗ- нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2022 оны 09 сарын 22-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүрэгт 2,221,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ байгуулсан хэдий ч уг зоорь ашиглалтын шаардлага хангаагүй, ашиглаагүй тул гэрээг цуцалсан гэсэн тайлбар гарган маргажээ.

3. Талууд 2022 оны 09 сарын 22-ны өдөр ТГ/22/355 тоот түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 3.1-д зааснаар түрээслүүлэгч нь хүнсний бүтээгдэхүүн болон бараа материал хадгалах зориулалттай, 150 м.кв талбайтай, хөрөнгийн 00000000000 бүртгэлийн дугаартай агуулахыг нэг сарын 1,350,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч нь агуулахыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ

4. Гэвч шүүх хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ.

5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь бие даасан үл хөдлөх эд хөрөнгө байх учиртай. Харин талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл нь улсын бүртгэлд бүртгэгдсэн бие даасан обьект болохгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 сарын 09-ний өдрийн 5/1844 тоот албан бичигт үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, өмчлөгчийн мэдээлэл, нэгж талбарын дугаар, хаяг байршил, №ТТ/22/355 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийн талаарх мэдээлэл зэрэг нь тодорхойгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх мэдээллийг гаргах боломжгүй байна. гэж тэмдэглэгдсэнээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, түрээсийн зүйл болох агуулахыг бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж үзэхээр байна.

Иймээс талууд гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх бөгөөд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байхад анхан шатны шүүх түрээсийн гэрээг хууль зөрчсөн гэж дүгнэн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

6. Түрээсийн гэрээний 3.4-т заасны дагуу талууд түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжтой байдлаар, түүний чанар байдлыг шалгаж, актаар хүлээлцэхээр тохиролцжээ. Нэхэмжлэгч хуульд зааснаар түрээсийн зүйл болох агуулахыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтойг тодорхойлж, акт үйлдэн түрээслэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймээс ...зоорийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй ... түрээсийн зүйлийг актаар хүлээн аваагүй... гэж анхан шатны шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдал нийцсэн гэж үзнэ.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэж өгөөгүй тул түрээслүүлэгч нь төлбөр шаардах эрхгүй тул хариуцагч Г- ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 2,221,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч УБТЗ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/01480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан... гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,486 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ