| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00947/И |
| Дугаар | 01089 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 01089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 19-р хороо, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэл-75 тоот “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-44 тоотод оршин суух Бямбажав овогтой Пүрэвдаваад /ГМ-68102501 / хариуцагдах 2,700,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул, хариуцагч Б.Пүрэвдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Пүрэвдаваагаас 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөх тэнгэрийн заяа ХХК аас Б.Пүрэвдаваа нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,000,000\ хоёр сая\ төгрөг 60 хоногийн хугацаатай, сарын 10% хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 40,000 төгөрөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 15 өдрийн зээлийн төлөлт 600,000 төгрөг төлсөн, үлдэгдэл үндсэн зээл, зээлийн хүү болох 1,800,000 төгрөгийг төлөлгүй хохироож байна.Барьцаат зээлийн гэрээний 10-т зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5% алданги бодохоор тохиролцсон байх тул гэрээг 2015-12- 02- ноос 2016-02-01-ний хооронд байгуулсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл 120 хоног, өдрийн алданги 9000 төгрөг нийт 120 9000= 1,080,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 234.4 т зааснаар дээрхи алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% хүртэл бууруулан 900,000 төгрөг болгон тооцож байна.Иймд Пүрэвдаваагаас зээлийн үндсэн үүрэг 1,800,000 төгрөг, алданги 900,000 төгрөг нийт 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул шүүх хуралдаанд: Нэхэмжлэлээ дэмжинэ.
Пүрэвдаваа зээлийн гэрээний дагуу нийт 2 400 000 төгрөг эргүүлэн төлөх боловч 600,000 төгрөг төлсөн,гэрээний хугацаа хэтэрсэн тул төлөгдөөгүй зээл 1,800,000 төгрөг,гэрээнд заасны дагуу алданги 900,000 төгрөг нэхэмжилж байгаа.Алдангийг бууруулах боломжгүй.Гэрээний хугацаа дуусаад олон сар болж байна гэжээ.
Хариуцагч Б.Пүрэвдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Пүрэвдаваа би Хөх тэнгэрийн заяа ХХК-иас 2,000,000 төгрөг 60 хоногийн хугацаатай авч 600,000 төгрөг төлсөн.Гэнэт бие өвдөж удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болж эргэн төлөлтөө цаг тухайд нь төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн.Хөх тэнгэрийн заяа ХХК-иас удаа дараа зээл авсан буюу миний 6 дахь удаагийн зээл байсан.Тухайн зээлж авсан мөнгөө хугацаа алдалгүй төлж байсан.Одоо нэхэмжилж байгаа 2,700,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.Үндсэн 1,800,000 төгрөгийг төлнө гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК хариуцагч Б.Пүрэвдаваагаас зээлийн төлбөр,алданги нийт 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрсөн.
Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөнгөн зээлийн гэрээ байгуулагдаж, Хөх тэнгэрийн заяа ХХК-аас Б.Пүрэвдаваа 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан болох нь,хариуцагч зээлийн төлбөрт 600,000 төгрөг төлсөн,зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дууссан болох нь зохигчдын тайлбар,хэргийн 6 дугаар хуудаст авагдсан “зээлийн гэрээ” гэсэн бичмэл баримт зэргээг нотлогдож байна.
Хариуцагч зээл авсан болон 600,000 төгрөг төлсөн талаар маргаагүй.Харин алдангийг төлөхөөс татгалзсан,зээлийн төлбөр 1,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,000,000 төгрөг,зээлийн хүү 400,000 төгрөг нийт 2,400,000 төгрөг төлөх үүрэг нэхэмжлэгчийн өмнө хүлээснээс 600,000 төгрөг гэрээний хугацаанд төлжээ.Үндсэн зээлээс 1,800,000 төгрөг төлөгдөөгүй байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2.6-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад нийцсэн байх тул хариуцагч Б.Пүрэвдаваагаас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.Зээлдэгч зээлийн гэрээний хугацааг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 4 сараар хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч алданги 900,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 %иас хэтэрч болохгүй” гэсэн заалтад нийцсэн байх ба алдангийн хэмжээг бууруулах үндэслэлтэй нөхцөл байдал хариуцагчийн тайлбараар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Б.Пүрэвдаваа шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаар төлүүлөхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Пүрэвдаваагаас 2,700,000 төгрөг гаргуулан Хөх тэнгэрийн заяа ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 58150 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч Б.Пүрэвдаваагаас 58150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ