Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01100

 

 

                                 

                                       

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан, Л.Ариунцэцэг, Б.Бямбасүрэн шүүгч тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-9-65 тоотод оршин суух Онгод тайж нар овгийн Отгонбаярын Алтанзулын /ГЭ-85042404 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-38 тоотод оршин суух Боржигон овгийн Цогтхүүгийн Ундралд /ТЕ-91010116/ хариуцагдах 894,300 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Алтанзул, хариуцагч Ц.Ундрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар иргэдийн төлөөлөгч Ч.Отгонбаяр нар оролцов.

 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч О.Алтанзул  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие О.Алтанзул нь 2015-03-13-ны орой 17 цаг40 минутын үед Ц.Ундралын 47-37 ОРРО дугаартай Тоёото приус маркийн автомашинд сууж яваад жолооч Ц.Ундрал нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 8.2-р заалтуудыг зөрчин осол болж миний бие хүнд зэргийн гэмтэл авсан.Энэ гэмтлээс болж хөдөлмөрийн чадвараа алдаж, цалин орлогоороо хохирсон.Тус осолд орох үедээ өмсөж явсан хувцасаа хууль дүрэм сайн мэдэхгүйгээс тухайн үед мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилж чадаагүй.Миний өмсөж явсан хувцасыг гэрийнхэн маань ухаангүй байхад шатаасан байна.Одоогоор байгаа куртик, ээмэгээ нэхэмжилмээр байна.Тэр үед зүүж явсан ээмэгний өрөөсөн алга болсон.Ээмэгээ 2015 онд хотын Мөнгөн завъяагаас 210,000 төгрөгөөр авч байсан.Куртикээ 2014 онд Баян худалдааны төвөөс 350 000 төгрөгөөр авч байсан.Мөн 2016-04-03-нд Өвөрхангайн хужирт сум руу эмчилгээнд явсан зардал 477,200 төгрөг гарсан.Үүнээс Нийгмийн халамжийн сангаас 238,300 төгрөг гаргуулж авсан.Үлдэгдэл 238,900 төгрөгийг нэхэмжилсэн. Хувцасны мөнгө 560,000 төгрөг нийт 798,300 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгч О.Алтанзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Мөн нэхэмжлэлээ 96000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хужирт рашаан  сувилалын 238900 төгрөг,ээмэг курттикны мөнгө нэхэмжлсэн.Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш аарцаг нурууны барианы 20,000 төгрөгөөр,Мажаа эмнэлэгт  21 000 төгрөгөөр эмчлүүлсэн,шүүхээс шинжээч томилсонд 35 000 төгрөг шинжээчид төлсөн,өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу ШШГА-наас 20 000 төгрөг зардал гэж надаас авсан.Эдгээр баримтуудыг өгч байна.Куртка тухайн үед өмсөж явсан тэр хэвээрээ байгаа.Нэг өрөөсөн ээмэг гээгдсэн.Өрөөсөн нь эвдэрсэн.Мөрдөн байцаалтын үед өмсөж явсан хувцасны хохиролоо нэхэмжлэх талаар би мэдэхгүй байсан.Шүүх хуралдаанд өмгөөлөгч аваад нэхэмжилсэн боловч баримтгүй гээд дараа нэхэмжилж болно гэсэн.Би байнгын эмчилгээтэй байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.Ундрал шүүхэд гаргасан тайлбартаа: О.Алтанзулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.Учир нь О.Алтанзул нь осолд орох үедээ өмсөж явсан куртик ээмэг зэргийг нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгч байхдаа нэхэмжилж байгаагүй, мөн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж,үнэлгээ гаргуулж байгаагүй юм.Энэ тал дээр эрүүгийн хэрэгт үнэлүүлсэн нотлох баримт байдаггүй бөгөөд шүүх хурал дээр О.Алтанзулын куртик, ээмгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Мөн Өвөрхангай аймгийн Хужирт рашаан сувилалд явсан замын зардал, эмчилгээний төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

Хариуцагч Ц.Ундрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна.Хужирт явсан зардал 238900 төгрөг,эмчилгээний 41 000 төгрөгийг зөвшөөрнө.Бусад зардлыг зөвшөөрөхгүй.2015 оны 3 сард осол болоод 2015 оны 12 сард шүүх хурал болсон.Энэ олон сарын хугацаанд куртик ээмэг гэж нэхэмжилж байгаагүй.Шүүх хуралдаанд  нэхэмжилсэн боловч хэрэгсэхгүй болгосон.Ийм ээмэг куртиктэй явсаныг нотлох зүйлгүй байна.Баримтууд нь эргэлзээтэй.Би хэргийг шийдвэрлэх үед энэ хүнд 5 сая төгрөгний нөхөн төлбөр төлсөн.Мөн шүүхийн шийдвэрээр 800 000 төгрөг төлсөн.Би санаатай хэрэг хийгээгүй.Болгоомжгүй осол болсон гэжээ.

 

Шүүх хэргийн материалаас нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:  

 Нэхэмжлэгч О.Алтанзул хариуцагч Ц.Ундралаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 894,300 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг хэсэгчлэн зөвшөөрсөн.

2015 оны 3 сарын 13-ны өдөр хариуцагч Ц.Ундрал Тоёота приус маркийн машин жолоодож яваад Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт осол гаргасан,уг осолд Ц.Ундрал гэм буруутай болох нь,ослын улмаас уг машинд зорчиж явсан О.Алтанзулын биед хүнд гэмтэл учирсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015-12-02-ны өдрийн 209 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Хариуцагч Ц.Ундрал гэм буруугийн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “ Бусдын эрх,амь нас,эрүүл мэнд,...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу О.Алтанзулд учруулсан хохиролыг арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч О.Алтанзул уг ослын улмаас биедээ учирсан гэмтлийг эмчлүүлсэн эмчилгээний зардал,мөн осол болох үед өмсөж хэрэглэж явсан, хэрэглэх боломжгүй болсон ээмэг,куртикны үнэ,шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ээмэг куртикны үнэлгээ тогтоох ажиллагааны үнэлгээчний хөлс,Ц.Ундралаас төлбөр гаргуулах тухай өмнөх шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал зэргийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч эмчилгээний зардал 279900 төгрөгний шаардлагыг зөвшөөрсөн,бусад шаардлагыг зөвшөөрөөгүй.

Шүүхээс томилогдсон шинжээч өдөн куртикны үнэлгээг 252 000 төгрөгөөр,монетон ээмэгний үнэлгээг 191 100 төгрөгөөр тус тус тогтоосон нь хэргийн 27-34 дүгээр хуудаст авагдсан байх ба шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан куртик,өрөөсөн ээмэгийг шинжлэн судалсан.Судлахад куртикны баруун ханцуйны мөрний хэсэгт урагдсан,нэлдээ шороогоор бохирлогдсон байдалтай,өрөөсөн ээмэг нь ямар нэг зүйлд хавчуулагдаж хэлбэрээ алдсан байдалтай байв.

Хэрэгт авагдсан 209 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /хх9-10 дугаар талд/ “...О.Алтанзулын ...баруун мөр,өгзөг ташаа,баруун өвдөгний гадна талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл...”гэж,”...осол болох үед өмсөж явсан гэх хувцсыг мөрдөн байцаалтын шатанд үндэслэл журмын дагуу хурааж аваагүй,үнэлгээ хийгдээгүй тул..” гэж, “...О.Алтанзулын 3 592 800 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж  тус тус заасан байна.

Эдгээр баримтаар,О.Алтанзул эрүүгийн хэрэг шийдвэрлэх шүүх хуралдаанд осол болох үед өмсөж явсан хувцасны хохирол нэхэмжилж байсан болох нь нотлогдож байх бөгөөд гэмтэл авсан баруун мөрний хэсэгт куртик урагдсан байдалтай байгаа,өрөөсөн ээмэг ямар нэг зүйлд хавчуулагдаж шахагдсан байдалтай хэлбэрээ алдсан нь тогтоогдож байх тул хэрэгт авагдсан шүүхийн шинжлэн судалсан куртик ээмгийг О.Алтанзул осолд орох үедээ өмсөж хэрэглэж явсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж заасан тул О.Алтанзулын нэхэмжлэл гаргах эрхийн  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.Иймд куртик ээмэгний хохиролыг тогтоосон үнэлгээгээр тооцон  хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүх шинжээч томилж куртик ээмэгний үнийг тогтоосон ба шинжээчийн хөлсөнд О.Алтанзул 35 000 төгрөг төлсөн,шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд  20 000 төгрөг төлсөн нь тус тус баримтаар /хэргийн 40,42 дугаар хуудаст/нотлогдож байх тул Иргэний хуулийн 229  дүгээр зүйлийн 229.1-д “ Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Ц.Ундрал нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй болно.

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас эмчилгээний зардал 279 900 төгрөг,куртик ээмэгний үнэ 443100 төгрөг,бусад зардал 55 000 төгрөг нийт 778 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 116 600 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас 23 222 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ц.Ундралаас 778 000 төгрөг гаргуулан О.Алтанзулд олгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 116 600 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж,хариуцагчаас 23 222 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                        

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ

                                        

                                             ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                     

                                                                                             Б.БЯМАСҮРЭН