Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01170

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01170

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01950 дугаар шийдвэртэй

Д.Б-н нэхэмжлэлтэй, Н.Б-т холбогдох

Гэм хорын хохиролд 82,276,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагч Н.Б- /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Н.Б- нь 2022 оны 05 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн *******, ******* хойд замд ******* улсын дугаартай, ******* маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа Д.Б-г мөргөж, хүнд гэмтэл учруулсан. Тэрээр энэ үйлдэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон ял шийтгэгдсэн.

1.2. Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 2022 оны 12 сарын 09-ний өдрөөс 6 сар 70 хувиар, 2023 оны 06 сарын 08-ны өдрөөс 6 сар 60 хувиар, 2023 оны 12 сарын 08-ны өдрөөс 12 сар 50 хувиар тогтоогдоод байна.

1.3. Д.Б- нь барилгын инженер мэргэжилтэй бөгөөд осолд орохоос өмнө мэргэжлээрээ ажиллаж, гэр бүлээ тэжээдэг байсан ба одоо хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр хийх боломжгүй болж 2024 оныг дуустал хөдөлмөрийн чадвар алдалтыг нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоосон. Барилгын салбарын ажил нь улирлын шинж чанартай байдаг учир нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлээр цалинждаг байсан. Иймд Д.Б-н осолд орохоос өмнөх нэг жил буюу 2021 оны 05 сарын 11-ээс 2022 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд авч байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дүнг 12 сард хуваан, нэг сарын дундаж орлогын хэмжээг тодорхойлон нэхэмжлэл гаргасан.

1.4. Нэг жилийн орлогыг 2021 оны 05 сарын 11-ээс 12 сарын 31-ний өдөр хүртэлх гэрээгээр гүйцэтгэсэн орлого 13,500,000 төгрөг, бусад орлого 5,941,300 төгрөг, цалин хөлс 8,312,390 төгрөг, нийт 27,753,690 төгрөгөөр, 2022 оны 01 сарын 01-ээс 05 сарын 10-ны өдрийг хүртэлх гэрээгээр гүйцэтгэсэн 3,500,000 төгрөг, бусад орлого 4,747,500 төгрөг, нийт 8,247,500 төгрөг буюу нийт орлогын дүн 39,001,190 төгрөгөөс тооцоход нэг сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 3,000,099 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдсанаас сар бүр 440,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Иймд 3,000,000 төгрөгөөс 440,000 төгрөгийг хасч 2,560,000 төгрөгийг осолд орсноос хойш хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон 2024 оныг дуустал 32 сараар тооцон 81,920,000 төгрөг, эмчилгээний зардал 356,680 төгрөг, нийт 82,276,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би нэхэмжлэгч Д.Б-д эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг тодорхой хэмжээнд төлсөн. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед иргэний хэргийн шүүхээр нэхэмжилж буй гэм хорын хохирлын талаарх нотлох баримт байхгүй байсан. Одоо ч нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлээр шаардсан эмчилгээний зардлыг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин цалингийн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй, учир нь энэ шаардлага баримтаар нотлогдохгүй байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Би уул уурхайн компанид ажилладаг байсан. Сантехникийн хүн ямар нарийн мэргэжлийн ажил хийдгийг бага зэрэг мэднэ. Хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан байна. Саяхныг хүртэл юу болж байгааг мэдэхгүй явсан гэхээр жилд 30,000,000 төгрөг олохгүй юм гэхэд хангалттай орлого олдог байсан нь харагдаж байна. Цаашдаа яаж гэр бүлээ тэжээх вэ. Монголд өнөөдөр нийгмийн даатгалаа төлөөд ажил хийдэг хүн цөөхөн, дансны хуулгыг үндэслээд 2,500,000 төгрөгийн орлого олдог гэж нэхэмжилжээ. Хариуцагч тал 10,000,000 төгрөг өгөөд эвлэрье гэж байгаа нь маш харамсалтай. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-оос 5,076,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлээс 77,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 96,176 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийн байдлыг харгалзан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Барилгын салбарын ажлын онцлог нь улирлын шинжтэй, ажиллагсдын цалин хөлс, орлогыг гүйцэтгэлээр тооцдог. Өөрөөр хэлбэл Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээгээр тооцогддоггүй. Нэхэмжлэгч нь мэргэжлийнхээ дагуу тодорхой ажил үйлчилгээг аж ахуйн нэгж, иргэнтэй тохиролцон гүйцэтгэж орлого олдог байсан нь шүүхэд гаргасан дансны хуулгаар нотлогддог. Гэтэл шүүхээс "тогтмол орлоготой байсан гэж дүгнэх боломжгүй" гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч цалин хөлс олж байсан талаараа хангалттай нотлоогүй. Дансанд нь орсон орлого болгоныг цалин хөлс гэж үзэхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй хохирлын талаар эвлэрэх санал удаа дараа гаргасан ч нэхэмжлэгч эвлэрээгүй. Татварын тухай хуулиар орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр цалин хөлс авсныг тодорхойлох гол баримт болно. Гэтэл хэрэгт ийм баримт авагдаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрнө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Н.Б-т холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсантай холбоотой эмчилгээний зардалд 356,680 төгрөг, дутуу авсан цалин хөлстэй адилтгах орлогод 81,920,000 төгрөг, нийт 82,276,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 10,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзан маргажээ.

3. Хариуцагч Н.Б- нь 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 21:25 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *******, ******* хойд замд ******* /******* Ар Икс-400/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчдод зогсож зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

3.1. Зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Б-н биед баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, чихний сувгийн шугаман хугарал, баруун зулай, чамархай дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дээд, доод зовхи, хоёр нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдож, уг гэмтэл амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 7138 дугаар дүгнэлт гарчээ.

3.2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

3.3. Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Д.Б- хөдөлмөрийн чадвараа алдсан болохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 6 сараар, 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 605588 дугаар шийдвэрээр 60 хувиар 6 сараар, мөн оны 12 сарын 07-ны өдрийн 651719 дугаар шийдвэрээр 50 хувиар 12 сараар тус тус тогтоожээ.

Хариуцагч Н.Б- нь гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн нь түүнийг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч эрүүл мэндээр хохирч, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, уг гэм хорыг мөнгөн хэлбэрээр хариуцах арилгах шалтгаант холбоо, үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв тогтоож дүгнэжээ.

4. Иймээс нэхэмжлэгч Д.Б- өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоныг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-оос уг гэм хорыг мөнгөн хэлбэрээр тооцож, хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн шаардсан эмчилгээний зардал 356,680 төгрөгийг хариуцагч зөвшөөрсөн нь талуудын зарчимд нийцэх тул анхан шатны шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч цалин хөлстэй адилтгах орлого 81,920,000 төгрөг гаргуулах шаардлагаа зам тээврийн осолд орсон 2022 оны 05 сарын 11-ний өдрөөс өмнөх нэг жилд авсан цалин хөлсийн дунджаар тооцон нэг сарын орлогыг 3,000,099 төгрөгөөр тодорхойлсон. Улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж 440,000 төгрөгийг хасаж, нэг сард 2,560,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж тооцож, 2024 оныг дуустал буюу 32 сарын хугацааны хохирлыг нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зам тээврийн осолд өртөх үедээ тогтмол орлогогүй байсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

5.1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг гэм хор учруулагч хариуцан арилгахад хохирогчийн хувьд хөдөлмөрийн чадвар алдах үедээ тогтмол цалин хөлс, орлоготой байснаа нотлох үүргийг хүлээдэг. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулга нь хохирогч нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ажил, үүргийг тогтмол гүйцэтгэх замаар цалин хөлс авч байснаас гадна хувиараа хөдөлмөр эрхлэх, бусадтай байгуулсан гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэх, хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүй этгээдэд хувьцаа, хөрөнгө эзэмших замаар ашиг хүртэх зэргээр иргэний эрх зүйн харилцаанд чөлөөтэй оролцож, орлого олж байсныг хамааруулан ойлгоно.

Гагцхүү уул орлого нь тодорхой цаг хугацааны туршид үргэлжилсэн тогтмол шинжтэй, хохирогчийн амьжиргааны эх үүсвэр болж байсан нь нотлогдсон байх шаардлагатай.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 05-12 сарын хугацаанд 8,312,390 төгрөгийн орлогыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр, мөн 2021 оны 09 сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд мэргэжлийн дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 15,346,200 төгрөг, нийт 23,658,590 төгрөгийн орлоготой байжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Голомт банк, Хаан банкны дансуудын дээрх хугацааны хуулгад барилгын ажлын хөлс, сангийн ажлын хөлс зэрэг гүйлгээний утга тодорхой бичигдсэн орлогын гүйлгээг маргаанд ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч зам тээврийн осолд өртөхөөс өмнөх нэг жилийн хугацааны орлогыг тодорхойлсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б-г ажил хөдөлмөр эрхэлж, тогтмол орлоготой байсан гэж дүгнэх тул тэрээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, орлогоо хариуцагч Н.Б-оос шаардах эрхтэй.

5.2. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн дээрх хугацаанд олсон дундаж орлогыг тодорхойлохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2021 оны 05-12 сарын хугацааны 8,312,390 төгрөгийн цалин хөлсөөр тооцон нэг сарын дундаж цалин хөлсийг тооцвол /8,312,390/8=1,039,048.75/ 1,039,049 төгрөг, үүнээс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 440,000 төгрөгийг /1,039,049-440,000=599,049/ хасч, зам тээврийн осол болсон 2022 оны 05 сараас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 04 сарын хугацаанд 24 сараар тооцон /599,049х24=14,377,176/ 14,377,176 төгрөг болон хариуцагчийн зөвшөөрсөн эмчилгээний зардал 356,680 төгрөг, нийт 14,733,850 төгрөгийг хариуцагч Н.Б-оос гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Нэхэмжлэгч нь дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 2024 оныг дуустал буюу ирээдүйд орох орлогын хэмжээгээр тодорхойлсон нь дээрх зохицуулалтад нийцэхгүй тул хангах үндэслэлгүй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01950 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ...505.2... гэснийг хасч, ...5,076,680... гэснийг 14,733,850 гэж, ...77,200,000... гэснийг 67,542,830 гэж,

2 дахь заалтын ...96,176... гэснийг 231,619 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ