Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 102/2022/02477/И |
Дугаар | 210/МА2024/01171 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2024/01171
2024 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2024/01171 |
Б-
ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01844 дугаар шийдвэртэй
Б- ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Ү- ХХК-д холбогдох
Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 35,005,833.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч нь 1,000,000 ширхэг бэлдэцийг бөглөөний хамт нэхэмжлэгчид нийлүүлэх тендерт шалгарсан учир тус компанитай гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн бөгөөд бэлдэцийг 2020 оны 06 сард нийлүүлж дууссан. Тухайн 2020 оны 12 сараас Ковид гарсан бөгөөд 2021 оны 05 сард хорио цээр тавигдан үйлдвэр ажиллаж эхэлсэн. Энэ үеэс цэвэр усны бэлдэцүүд чанарын шаардлага хангаагүй. Энэ талаар хариуцагчид 2021 оны 6, 7 сард албан бичиг хүргүүлж, бэлдэц чанарын шаардлага хангахгүй тухай мэдэгдэхэд тус компанийн менежер Б.Аирээд тийм байх ёсгүй дээ, шалгая гээд 1,000 ширхэг бэлдцийг шалгахаар авч явсан ч хариу ирүүлээгүй.
Бэлдэцийн талаар шүүх шинжээч томилж бэлдэцийг тоолуулж, доголдлыг тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 194,465 ширхэг хуванцар савны бэлдэц, бөглөөний үнэ, хуванцар савны хорогдлын үед ажиллах ажилдын хөлс, шошгоны зардал, хорогдлыг үйлдвэрлэхэд ашигласан цахилгааны зардал, шинжээчийн хөлс нийт 35,005,833.95 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Энэхүү бэлдэцийг тухайн үед хэрэглэх боломжгүй байсан ба Б.А 1,000 ширхэгийг авч яваад ирээгүй учир доголдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2020 оны 05 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээр 0,5 л-ийн савны хуруу шил, бөглөө тус тус 1,000,000 ширхэгийг нийлүүлсэн. Манай компани гэрээ, техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, шаардлагад нийцсэн хуруу шил, бөглөөг нийлүүлснийг талууд 2020 оны 06 сарын 30-ны өдөр Цэвэр усны савын бэлдэц хүлээн авсан тухай нотломж-оор баталгаажуулсан. Нотломжид ...нийт 1,000,000 ширхэг хуруу шил, 1,000,000 ширхэг бөглөөг 3 удаагийн тээвэрлэлтээр авчирч, байгууллагын агуулахад буулгаж, тоолж хүлээн авсан, бэлдэцийг үйлдвэрийн шугамаар оруулахад хэвийн ажиллаж байв, магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүгнэлтийг гаргуулж, нотломжид хавсаргав гэж дурдсан.
Гэрээний тусгай нөхцөлийн 5.2-т заасан үүргийн дагуу барааны чанар байдал, тоо ширхэг, сав баглаа боодлыг нэг бүрчлэн шалгаж, тоолж, хүлээн аваад түүнийг дээрх нотломж, гэрээ дүгнэсэн протоколоор баталгаажуулсан ба гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэлд дурдсан шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар Ү- ХХК-аас 35,005,833 төгрөг гаргуулах тухай Б- ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хэргийг хэт нэг талыг барьж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан бөгөөд нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, хариуцагчийн гэм буруу, хохирол учруулсан үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Шийдвэрт "... 1 сая ширхэгийг нийцүүлэх үүрэг хүлээсний дагуу манай компаниас гэрээ, техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт шаардлагад бүрэн нийцсэн хуруу шил болон бөглөөг нийлүүлснийг талууд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цэвэр усны савын бэлдэц хүлээн авсан тухай нотломжоор баталгаажуулсан байдаг. Тус нотломжид зааснаар нийт 1 сая... хуруу шил, бөглөөг 3 удаагийн тээвэрлэлтээр авчирч, байгууллагын агуулгахад буулгаж, тоолж хүлээн авсан, бэлдэцийг үйлдвэрийн шугамаар оруулахад хэвийн ажиллаж байв, ... магадлан итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүгнэлтийг гаргуулж, нотломжид хавсаргав" гэж дурдсан. Тус лабораторийн сорилын дүгнэлтийг бид мөн хийлгэж хүлээлгэн өгсөн" гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан 1 сая бэлдэцний тоонд маргаагүй, үйлдвэрлэлийн явцад гарсан бэлдэцийн чанар, доголдлын талаар маргаж, чанарын шаардлага хангаагүй доголдолтой холбоотой хохирлыг нэхэмжилсэн. Бид 1 сая ширхэг бэлдэцийг шаардлага хангасан, доголдол гарахгүй гэж итгэж, барааг хүлээн авахдаа нотломж үйлдэн хүлээн авсан нь үнэн ч тухайн үед 1 сая бэлдэцийн чанар, доголдлыг нэг бүрчлэн шалгах боломжгүй байсан. Энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.7 дахь хэсэгт зааснаар худалдан авагч, захиалагчийн чанар байдлын доголдолтой бараа, материал, бүтээгдэхүүнийг шаардлага хангасан бүтээгдэхүүнээр солиулах, учирсан хохирлыг барагдуулах, худалдагч, нийлүүлэгчээс шаардах эрхийг шүүх зөрчиж шийдвэрлэсэн гэж үзнэ.
4.2. Шүүх лабораторийн сорилын дүгнэлтийг сайн ойлгоогүй бөгөөд эрүүл ахуйн талаас гаргасан лабораторийн дүгнэлтийг бэлдэцийн технологийн чанар /доголдол/-ын дүгнэлт гэж буруу ойлгож дүгнэсэн.
Шийдвэрт "...чанарын нотломж гаргуулан зарлагын баримтад хавсаргах" гэж гэрээнд заасан боловч гэрээний энэ заалт огт хэрэгжээгүй, хэрэгжсэн баримт байхгүй байгааг, 5.6-д "Захиалагч талаас 2021 оны 06 сарын 18-ны өдөр нийлүүлэгч талд асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүрүүлж, гологдол гарч байгаа ... шаардлага хүргүүлсэн байна" гэснийг баримтаар тогтоогдсон гэж буруу дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 1 сая ширхэг бэлдэцийг нэг дор шалгах, чанарыг үнэлэх боломжгүй, 1 сая бэлдэц бол тус үйлдвэрийн 1 жилийн хэрэгцээ, 1 жилийн хугацаанд бэлдэцийн чанар, доголдлын тоо бүрэн гаргах боломжтой талаар шүүхэд маш олон удаа тайлбарлаж байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б- ТӨААТҮГ нь хариуцагч Ү- ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 35,005,833.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
4. Зохигчийн хооронд 2020 оны 05 сарын 06-ны өдөр Соёмбот цэвэр усны үйлдвэрт 0.5 литрийн савны хуруу шил, бөглөө бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 1,000,000 ширхэг 0,5 литрийн савны хуруу шилийг 1 ширхэгийг 121 төгрөгөөр тооцон нийт 121,000,000 төгрөгөөр, мөн 1,000,000 ширхэг бөглөөг 1 ширхэгийг 19.80 төгрөгөөр тооцон нийт 19,800,000 төгрөгөөр 2020 оны 06 сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч гэрээний үнэ 140,800,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
5. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч 2020 оны 06 сарын 15-23-ны өдрийн хооронд 1,000,000 ширхэг хуруу шил, 1,000,000 ширхэг бөглөөг нэхэмжлэгчид нийлүүлж, нэхэмжлэгч гэрээний үнэ 140,800,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.
6. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 129 тоот, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 155 тоот албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлж, түүний худалдсан бэлдэцийн 20-25 хувь нь стандарт хэмжээнээс 8 мм богино, үлээлгэх явцад ёроол нь цайрах, цоорох, халаагч машинаас гарах үедээ цагаан гарч ирэх зэрэг доголдолтой талаар мэдэгдсэн байна.
6.1. Талууд 2020 оны 06 сарын 25-ны өдөр Гэрээ дүгнэсэн тухай протокол, 2020 оны 06 сарын 30-ны өдөр Цэвэр усны савны бэлдэц хүлээн авсан тухай нотломж үйлдсэн байх ба магадлан итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг гаргуулж хавсаргасан талаар дурдсан байна. Н- ХХК-ийн магадлан итгэмжлэгдсэн лабораторийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн сорилтын дүнгийн хуудаст 20 ширхэг хуванцар савны бэлцэцэд хар тугалга, кадьми, pH өөрчлөлт, будгийн тогтворжилт, E Coli, бактерийн ерөнхий тоо гэсэн 6 үзүүлэлтээр шинжилгээ хийж, үр дүн нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй болохыг тодорхойлжээ.
6.2. Шинжээч Х ХХК-ийн 2023 оны 10 сарын 12-ны өдрийн 599 дугаартай дүгнэлтэд 194,465 ширхэг бэлдэц буюу хуруу шил, бөглөөг хэрэглэх боломжгүй доголдолтой, доголдол нь бэлдэцээс хамааралтай гэж дүгнэжээ.
Уг дүгнэлтэд алдаа янз бүрийн хэлбэртэй буюу бэлдэц дунд хэсгээр тэлсэн, бусад хэсгээр тэлээгүй, ёроол цоорсон, бэлдэц тэлээгүй цоорсон, бэлдэц уртын дагуу сунасан боловч тэлээгүй, ероол цоорсон тэлээгүй, амны хүзүү хэсгээр тэлээгүй, бэлдэц бүрэн тэлээгүй, ёроол цоорсон, гүйцэд тэлээгүй, халаах төхөөрөмжөөс гарахдаа цайрсан хэлбэрүүдтэй болохыг тодорхойлсон байна. Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг баримтаар үгүйсгэж маргаагүй байна.
Иймээс хариуцагчийн нийлүүлсэн 194,465 ширхэг бэлдэцийг доголдолтой гэж дүгнэх үндэслэлтэй.
6.3. Мөн уг доголдол нь бэлдэцийг үйлдвэрлэлд оруулснаар илэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийг бэлдэцийг хүлээж авах үедээ түүний доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан гэж дүгнэхгүй. Талуудын үйлдсэн Гэрээ дүгнэсэн тухай протокол, Цэвэр усны савны бэлдэц хүлээн авсан тухай нотломж болон Н- ХХК-ийн магадлан итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр дээрх доголдлыг илрүүлэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг буруу тайлбарлаж, нэхэмжлэгч бэлдэцийг гэрээнд зааснаар шалгаж акт үйлдэн хүлээн авснаар уг доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь буруу болжээ.
7. Гэрээний тусгай нөхцөлийн 2.2-т зааснаар хариуцагч нь бэлдэцийн чанарт өөрчлөлт гарсан бол нэг жилийн дотор үнэ төлбөргүй солих үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн дээрх 129, 155 тоот албан бичгүүдийн дагуу зохих арга хэмжээ аваагүй байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг доголдолтой 194,465 ширхэг бэлдэцийн хэмжээнд гэрээнээс татгалзсан гэж дүгнэх учир хариуцагчаас уг 194,465 ширхэг бэлдэцийн үнийг гэрээнд заасан нэгж үнэ 121 төгрөгөөр тооцон 23,530,265 төгрөгийг (194,465х121) гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгч нь бэлдэцийг ашиглах явцад доголдол илэрсэнтэй холбоотойгоор тухайн бэлдэцэд гаргасан эрчим хүчний болон ажилтнуудын цалингийн зардал, мөн шошгоны зардал нийт 4,325,161 төгрөг, доголдолтой бэлдэцийн бөглөөний үнэ 3,850,407 төгрөг, шинжээчид төлсөн хөлс 3,300,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Гэвч тухайн доголдолтой 194,465 ширхэг бэлдэцэд 4,325,161 төгрөгийн эрчим хүчний болон ажилтнуудын цалингийн зардал гаргасан гэх нэхэмжлэгчийн тооцоолол нь нэг талын баримт байх бөгөөд уг тооцооллыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь бөглөөг дахин ашиглах боломжгүй болон бөглөөний үнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлээ шүүхэд тайлбарлаагүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй байна. Шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн ажиллагаа тул шинжээчийн хөлсийг нэхэмжлэгч хариуцна.
Иймээс хохирол 11,475,568 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 23,530,265 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/01844 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү- ХХК-аас 23,530,265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б- ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 11,475,568 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...дурдсугай... гэснийг дурдаж, хариуцагч Ү- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 275,601 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ