Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2016/00856

 

    2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00856

                                       Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, 12-24 тоотод оршин суух М.Мөнхтөр, П.Баярцэнгэл нарт холбогдох ,

зээл, хүү 19 010 069 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, 

Хас банк Зуунмод салбарын нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 04 өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Хас банк Зуунмод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Зээлийн нийт төлбөр болох 19 010 069 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж төлсөн 253 000 төгрөгийн хамт  М.Мөнхтөр, П.Баярцэнгэл нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан Төв аймаг Зуунмод сум, 1-р баг, Номтын 18-р байхны 36 тоот Г000231812/Ү1427000273 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 32 мкв орон сууц бүхий барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж, зээлийн гэрээг цуцлаж өгнө үү” гэжээ.

                                           

Хариуцагч М.Мөнхтөр, П.Баярцэнгэл нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Хас банкнаас 2014 оны 04 сарын 21 өдөр өөрийн 2 өрөө байраа тавьж 30 сая төгрөг авсан. Авсан мөнгөө дүүтэйгээ нийлж ачааны машин авч, авсан машинаа “Мон Ровуз” компанид түрээсийн гэрээ хийж явсан боловч мөнгөө авч чадахгүй хойшлуулаад хямрал гэдэг нэрийн дор мөнгөө өгдөггүй учраас банкны сар бүр төлөх гэрээ хоцорч хойшлуулаад ийм байдалд хүрсэн нь үнэн. Тус байгууллагаас бид тээврийн хөлс 60 сая төгрөг авах боловч өгч чадахгүй болохоор нь зарах машин тэрэгнээс нь авч өр салсан. Ийм учраас банкны үлдэгдэл мөнгөө төлөх графикаас хоцроосон.

Одоо өөр компанид машинаа түрээсээр явуулж байгаа учир банкны мөнгөө түрээсийн мөнгөөрөө бүрэн төлнө. Мөнгөө  сар бүрийн 25 өдөр тооцоо хийхээр тохирсон юм. Ийм учир бид банкны графикийн дагуу бүрэн төлнө. Энэ зээлийг 3 сарын дотор бүрэн төлнө. Төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк Зуунмод салбар нь, хариуцагч М.Мөнхтөр, П.Баярцэнгэл нараас зээл, хүү 19 010 069 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч М.Мөнхтөр, П.Баярцэнгэл нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 31/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хас банкны Зуунмод салбарын нэхэмжилж буй зээл, хүү 19 010 069 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

 Хариуцагч нарын зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Хас банк Зуунмод салбарын нэхэмжлэлийн шаардлага зээл, хүү 19 010 069 төгрөгийг хариуцагч М.Мөнхтөр, П.Баярцэнгэл нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 000 төгрөгийн 50 хувь болох 126 500 төгрөгийг улсын төсвөөс, 126 500 төгрөгийг хариуцагч М.Мөнхтөр, П.Баярцэнгэл нараас гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” Зуунмод салбарт олгосугай.

 3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны ипотекийн зүйл болох Төв аймаг Зуунмод сум, 1 дүгээр баг, Номтын 18 дугаар байрны 36 тоот Г000231812/Ү1427000273 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 32 мкв орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгосугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Э.АРИУНАА