Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 183/2023/05332/И |
Дугаар | 210/МА2024/01172 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2024/01172
2024 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2024/01172 |
Л.И-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01397 дугаар шийдвэртэй
Л.И-ын нэхэмжлэлтэй, Т- ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.И-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч би 2020 оны 05 сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн А- маркийн авто ачигчийн зориулалттай механизмыг Т- ХХК-д нэг сарын 15,000,000 төгрөгөөр 3 сарын хугацаанд түрээслүүлэхээр Машин механизм түрээслэх гэрээг байгуулсан. Т- ХХК нь бүтэн 2 сар уг төхөөрөмжийг ажиллуулсан боловч одоог хүртэл үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд түрээсийн төлбөр 20,000,000 төгрөг, гэрээнд зааснаар 100 хоногийн алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг Т- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Т- ХХК нь М- ТӨХК-ийн ажлыг хийж гүйцэтгэхээр Л.И-той машин механизмыг түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани машинаа авч ажиллуулахаар 5 сая төгрөг төлж ажлаа эхлүүлсэн боловч нэхэмжлэгч нь мөнгөө нэхэж эхэлсэн. Бид гүйцэтгэлийн мөнгөө авсны дараа төлбөрийг төлөх тухай хэлсээр байхад нэхэмжлэгч нь ажлаа хийлгүй, техниктээ түлш дүүргүүлж аваад шөнөөр ачаад явсан байсан. Өөрсдөө гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа машин механизмаа ажиллуулаагүйн улмаас бид торгууль төлөх эрсдэлд орсон тул түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т- ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.И-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т- ХХК-аас 307,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.И-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2024 оны 03 сарын 29-ний өдөр зарлагдсан тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон тухай хүсэлт, баримтаа шүүхэд гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүхэээс миний хүсэлтийг дүгнэхдээ 2024 оны 03 сарын 21-ний өдөр 11.30 минутад эхлэх хуралдааны баримт нь шаардлага хангахгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд зохигчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.
Хэргийн баримтаар Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байгаа. Уг баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, уг баримтын шүүх хуралдаан болох огноо нь 2024.03.29 11:30 гэж бичигдсэн байхад шүүх мушгин гуйвуулж мэдэгдсэн огноог 2024.03.21-ний 11 цаг 30 минутад эхлэх шүүх хуралдаан гэж шүүхийн шийдвэрт дурдаж шаардлага хангаагүй гэсэн нь хууль зөрчсөн.
Хариуцагчийн төлөөлөгч би шүүх хуралдаан давхацсан болохоо шүүхийн баримтаар нотолсон байтал шүүх хуралдаа оролцох ёстой гэж үзсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх тэгш эрхийн зарчмыг ноцтой зөрчсөн. Хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байтал үнлэслэлгүй огноо гаргаж ирж дүгнэж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Л.И- нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй болон татгалзлаа баримтаар нотлоогүй болохыг зөв тогтоожээ. Шүүх хариуцагч Т- ХХК-аас түрээсийн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.И-т олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй.
Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх эрх зөрчигдсөн агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.
4. Хариуцагч Т- ХХК-аас 2024 оны 01 сарын 11-ний өдөр Ц.Д-д тус компанийг шүүхэд төлөөлөх эрхийг нэг жилийн хугацаатай олгосны дагуу төлөөлөгч нь 2024 оны 01 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардан авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Шүүх төлөөлөгчид мөн өдөр хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.
5. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024 оны 02 сарын 29-ний өдөр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2024 оны 03 сарын 01-ний өдөр товлосон байна. Тус товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцож хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангаснаар шүүх хуралдааныг хойшлуулж, хурлыг 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 13:30 цагт товложээ. Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад хариуцагчийн төлөөлөгч Ц.Д гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 03 сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлж, түүнд 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 11:30 цагт болох шүүх хуралдааны товыг 2024 оны 03 сарын 21-ний өдөр мэдэгдсэн баримтыг хавсаргажээ.
Анхан шатны шүүх өмнө нь товлогдсон шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй байсан гэж дүгнэж, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 03 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 13:30 цагт товлох үед өөр шүүх хуралдаан давхацсан тухай саналыг шүүхэд гаргаж байгаагүй байна.
Иймээс анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүхэд мэтгэлцэх эрхийг нь хязгаарласан гэж шүүхийг буруутгахгүй. Харин хариуцагч тал хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ