Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         03            21                                    2019/ШЦТ/263

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Даваасүрэн;

шүүгдэгч: Э.Ц (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...... овогт Э.Цт холбогдох эрүүгийн 1909007440187  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 21-ний  өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ................ оршин суух, ял шийтгэлгүй, .................регистерийн дугаартай,  Э. Ц.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуурь бүжгийн эрдмийн театрын орчим зам дээр Б.Хаш-Эрдэнийг “машинаараа шахлаа” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хаш-Эрдэний /хх-ийн 4-5/, гэрч Э.Энхзулын /хх-ийн 8/, гэрч Ю.Ганьдийн /хх-ийн 9/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, Э.Цын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2112 тоот дүгнэлт /хх-ийн 11/, Э.Цын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-29/, Э.Цын хүсэлт /хх-ийн 42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуурь бүжгийн эрдмийн театрын орчим зам дээр Б.Хаш-Эрдэнийг “машинаараа шахлаа” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Хаш-Эрдэний /хх-ийн 4-5/: “...Бид Дуурь бүжгийн эрдмийн театрын ертөнцийн зүгээр баруун талд түгжрээнд орж, шахаад байсан “Скай лян” маркийн машинтай зэрэгцэж ирсэн. Би цонхоо онгойлгон тус машины жолоочид хандан “Аятай яваач” гэж ууртайгаар хэлсэн. Тэгтэл тэр машины жолооч над руу салаавч гаргасан. Гэтэл манай хадам ээж тэр хүнд хандан ”зүгээр яваач” гэж хэлэхэд салаавч гаргаад байсан. Миний уур хүрээд машинаас буусан. Тэр үл таних эрэгтэй хүн машинаасаа буусан. Би тэр эрэгтэйд хандан “чи яаж яваад байгаа юм” гэж хэлэхэд тэр эрэгтэй үгийн зөрүүгүй миний нүүр лүү нэг удаа цохьсон...” гэх мэдүүлгээр,

 

          гэрч Э.Энхзулын /хх-ийн 8/:”...машинаас буугаад очих хооронд Б.Хаш-Эрдэнийн хамарнаас цус гарч, нүд нь хавдсан байсан гэсэн...” мэдүүлгээр,

 

          гэрч Ю.Ганьдийн /хх-ийн 9/:” ...Ц гэх залуу гарч ирээд Б.Хаш-Эрдэний нүүрлүү гараараа нь цохиод байх шиг байсан байсан..." гэсэн мэдүүлгээр,

 

Э.Цын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 19/: “....2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, талбайн зүүн талын уулзвар дээр өөрийн машинтайгаа явж байтал хажуу талаас машинтай залуу цонхоор орилоод намайг шахаж зогсоогоод намайг машинаас буулгаж ирсэн. Тэгээд Хаш-Эрдэнэ гэх залуу намайг цохих гэхээр нь би бултаад гарынхаа алгаар нэг удаа хамар, нүүр хэсэгт нь цохиход зөрүүлж манай зодох гэхээр нь би машин тойрч зугтсан удалгүй цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

            “...Б.Хаш-Эрдэний биед хөндийн урд ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамарт зулгаралт, баруун дээд 7-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2112 тоот дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Э.Цын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Э.Цыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Хаш-Эрдэнэ “сайн дураар эвлэрсэн, гомдол, санал, хохирол төлбөрийн маргаангүй ” гэсэн баримт хэргийн 43 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Э.Цыг “хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржгон овогт Эрдэнэбатын Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ