Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01173

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01173

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 184/ШШ2024/01828 дугаар шийдвэртэй

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 1992 оноос 2000 онуудад А- аймгийн Ш-тэй суманд мал маллаж амьдарч байсан. Архиваас А дансны хуулга авахад 1997 оны материал олдохгүй байна. Сумын Засаг даргын Тамгын газраас лавлахад 1997 онд архив шатсан нь үнэн гэх тодорхойлолт өгсөн. Иймд намайг 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл А- аймгийн Ш-тэй суманд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Би өөрийн малаа маллаж байсан. Улсын мал маллаж байгаагүй гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Харчин овогт Ж-ийн Б-г 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл А- аймгийн Ш-тэй сумын С-багт малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Би А- аймгийн Ш-тэй суманд амьдарч байсан ба 1992 оноос 2000 онд А- аймгийн Ш-тэй сумын Ч, С багт мал маллаж байсан юм. Одоо тэтгэвэрт гарах гэхэд заавал шүүхэд хандаж мал маллаж байснаа тогтоолгох шаардлагатай гэж Нийгмийн даатгалын газраас шаардсан учир шүүхэд хандсан. Нийгмийн даатгалаас 1992 оноос 2000 он хүртэлх хугацааг нөхөн тооцсон учир мал маллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага үүсч байна. Би анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ зөв тодорхойлж гаргаагүй, баримтаа дутуу өгсөн байна. 2024 оны 02 сараас Орон тооны бус зөвлөл татан буугдсан байдаг. Хэрэгт ач холбогдолтой баримтуудаа шүүхэд өгч ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй тул нотлох баримт гаргаж ажиллаж байснаа тогтоолгох боломж олгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ж.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

3. Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, баримтын хүрээнд бус харин бодит үнэнийг тогтоох зарчмаар нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох шаардлагатай.

 

4. Нэхэмжлэгч нь 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох гэж хүсэлтээ тодорхойлсон байх боловч давж заалдах гомдолдоо ...Нийгмийн даатгалаас 1992 - 2000 он хүртэл хугацааг нөхөн тооцсон... талаар дурдсан бөгөөд энэ талаархи баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 1997 онд малчнаар ажиллаж байсан ч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, эсхүл хувиараа мал маллаж байсан эсэхийг нь тодруулжээ. Харин нэхэмжлэгч нь 1992-2000 оны хооронд улсад ажилласан жил нь тасарсныг болон нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан талаараа шүүхэд тайлбарлаагүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтийг тодорхой бус буюу дээрх 1992-2000 онд улсад ажиллаж байсан болон нийгмийн даатгалын шимтгэлээ Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2012 оны/ хуульд заасны дагуу нөхөн тооцуулсан бол шүүх тус хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан дээрх үйл баримтыг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломжгүй. Энэ талаар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох эрх бүхий Нийгмийн даатгалын байгууллагаас тодруулж, холбогдох баримт, мэдээллийг хэрэгт нотлох баримтаар авагдсаны дараа нэхэмжлэгчийн хүсэлтийг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

 

5. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар процессын хуулийг буруу хэрэглэсэн, улмаар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 184/ШШ2024/01828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ