| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0226/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
улсын яллагч Г.Сундуй,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809053540157 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банкинд жолооч ажилтай, ам бүл-1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 31 байр 01 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоотод түр оршин суудаг,
2011 оны 10 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, А.А /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 3 дугаар орцны подвалд иргэн Б.Жаргалсайхантай маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 3 дугаар орцны подвалд иргэн Б.Жаргалсайхантай маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 3 дугаар орцны подвалд иргэн Б.Жаргалсайхантай маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Жаргалсайханы “Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн урд байдаг 5 дугаар байрны 3 дугаар орцны подвалд гэртээ байхад хажуу өрөө түрээсэлдэг Анхаа гээд залуу өрөөндөө хүмүүстэй архи уугаад чанга чанга яриад амраахгүй болохоор нь би хаалгыг нь тогшоод маргааш ажилтай, одоо унтаж амаръя гэж хэлсэн. Тэгээд өрөөндөө ороод сууж байтал гаднаас хаалга тогшихоор нь тайлтал Анхаа гээд залуу намайг заамдаж татаж гаргаад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохих шиг болсон. Би Анхаатай зууралдаж байгаад шатан дээр тээглээд унасан. Тэгээд манай эхнэр Алтанцэцэг гарч ирээд намайг салгасан. ...Миний биед учирсан гэмтлийг манай хажуу өрөө түрээсэлж амьдардаг Анхаа гээд залуу учруулсан. Тухайн үед Анхаа гээд залуу гараараа миний нүүрэнд 2 удаа цохисон. Тэгээд намайг шатны уруу чирч унагаахдаа миний нуруу, мөр зэргийг шатанд нидэрч гэмтээсэн. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Анхаа гээд залуу надаас албан ёсоор уучлалт гуйсан. Мөн эмчилгээний мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн болохоор одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-7, 9/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14054 тоот актын “…Б.Жаргалсайханы биед баруун дээд зовхи, зүүн хөмсөгний гадна талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч А.А мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн урд байдаг 5 дугаар байрны 3 дугаар орцны подвалын 6 тоот гэртээ 2 найзтайгаа архи уугаад сууж байхад манай хажуу өрөөний Жаргалсайхан гээд ах чанга дуу, чимээ гаргаад байна, дуугүй бай гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би маргалдаж уур хүрээд Жаргалсайханы нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон.…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч А.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Ат танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч А.Ат 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Ат 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Ялтан А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР