Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2017/00987/и |
Дугаар | 001/ХТ2017/00987 |
Огноо | 2017-09-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2017/00987
Б.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00476 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 929 дүгээр магадлалтай
Б.Эын нэхэмжлэлтэй
Б.Мт холбогдох
4.344.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Г.Тунгалагийн гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Б.М, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012-01-05-ны өдөр Б.Мтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Мажеста хотхон”, 12 давхар барилгын А блокны 7 дугаар давхарт байрлах орон сууцыг 1 мкв-ыг 1.550.000 төгрөгөөр тооцож, 97.5 мкв талбайтай орон сууцыг зарим нэг өөрчлөлт хийлгэхээр гэрээндээ тусгаж, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч Б.М нь гэрээний 5.1.2-т заасныг зөрчиж гэрээний 1.2-т заасан талбайгаас 2.59 мкв дутуу, өөрөөр хэлбэл, 94.91 мкв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагчаас 2.59 мкв талбайн дутуу төлбөр 4 014 500 төгрөгийг үүнтэй уялдан гарсан зардал тэмдэгтийн хураамжид төлсөн 88 200 төгрөг, орон сууцны хэмжилт хийлгэсэн зардалд 183 000 төгрөг, архиваас зураг хуулбарлан авсан төлбөрт 5 000 төгрөг, дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан төлбөрт 54 000 төгрөг, нийт 4 344 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас гаргасан хариу тайлбарт : Нэхэмжлэгч нь шүүхэд миний нэртэй гэрээ хавсаргасан боловч би түүнийг нэг ч удаа харж байгаагүй, танихгүй хүн байна. Уг гэрээг тухайн үед барилгыг барьж гүйцэтгэсэн “Есөнбүрд” ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер П.Наранхүү надаар зуруулсан байна. Би өөрөө “Есөнбүрд” ХХК-д хөрөнгө оруулагч ба захиалагчийн гэрээ хийсэн. Б.Эаас орон сууцны захиалгын мөнгийг аваагүй. Мөнгө хүлээн авагч нь “Есөнбүрд” ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер П.Наранхүү, ня-бо Б.Соёл нарын гарын үсэгтэй бөгөөд тус компанийн тамга тэмдэгтэй орлогын баримт байна. Эдгээр хүмүүс тухайн үед энэ байрны тооцоог надтай хийгээгүй. Тийм учраас нэхэмжлэгч дээрх мөнгөө “Есөнбүрд” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй. Уг “Мажести” хотхоны барилгын гүйцэтгэлтэй холбоотой хөрөнгө оруулагч Б.М, гүйцэтгэгч байгууллага “Есөнбүрд” ХХК-тай эд хөрөнгийн маргаантай байгаа учраас хуулийн байгууллагад эрүүгийн хэрэг П.Наранхүү, Б.Соёл нарт холбогдон үүсгэгдэн шалгагдаж байгаа. Б.М хариуцагч биш. Тэрээр энэ байшингийн захиалагч ба “Есөн бүрд” ХХК уг байрыг барьж гүйцэтгэсэн. Хэрэв дутуу м.кв бүхий байр хүлээлгэж өгсөн бол “Есөн бүрд” ХХК дутуу м.кв бүхий байрыг хүлээлгэж өгсөн. Анх байрны захиалга авахдаа “Есөн бүрд” ХХК-ийн ажилтан П.Наранхүү, н.Болорнямбуу нар хүлээж авсан. Байр захиалгын гэрээн дээр Б.Мийн гарын үсэг байсан. Үүнийг Б.М ч өөрөө миний гарын үсэг мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн ч ямар учир уг гэрээ дээр зурсанг мэдэхгүй байна гэж хэлдэг. Гэрээ хийх үед хариуцагч нь Монгол улсад байгаагүй. Энэ нь хилийн шалганы лавлагаагаар харагдаж байгаа. Нэхэмжлэгч ч гэрээ хийх үед Б.М байгаагүй гэдэг. П.Наранхүү гэрээг цааш нь авч яваад захирлаар гарын үсэг зуруулаад ирье гэж хэлж гэрээ авч ирсэн гэж хэлсэн. “Есөн бүрд” ХХК энэ байрны борлуулалтыг хариуцаж мөнгийг авч байсан. “Есөн бүрд” ХХК-ийн захирал нас барсан учраас энэ компанийн өв залгамжлагч, жинхэнэ эзэмшигч нь тогтоогдоогүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00476 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан Б.Мээс 4 014 500 төгрөг гаргуулан Б.Эд олгож, нэхэмжлэлээс 330 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 929 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 182 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Б.Э шүүхэд хандахаасаа өмнө өөрийн хүсэлтээр “Тоонто Гранд” ХХК-д хандан хийлгэсэн “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл” гэх нэртэй 2014-05-14-ний өдрийн баримт, “Дүгнэлт” гэх нэртэй баримт зэргийг гаргасныг шүүх үндэслэн орон сууцны талбай гэрээнд зааснаас бага байна гэж үзсэн. Б.Эын төлсөн мөнгөнөөс илүү мөнгө төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эдгээр нь шинжээчийн дүгнэлт биш байхад шүүх мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд, хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачлагаа шинжээч томилно, шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж хуульд заасан байгаа. Шинжилгээг гадуур хийлгэж байгаа бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална. Иймд “Тоонто Гранд” ХХК-с үйлдсэн баримт нь нотлох баримт цуглуулах, хуульд заасан журмын дагуу гүйцэтгэгдсэн баримт буюу нотлох чадвараа алдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм. Анхан шатны шүүх хэргийн оролцогчид хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаагүй. Түүнчлэн хэргийн оролцогч Б.М нь уг талбайн хэмжилтийн талаар мэдээлэл авч, уг ажиллагаанд оролцоогүй юм. Дүгнэлт гаргагч этгээдэд асуулт тавих, тэдгээрээс татгалзах, дүгнэлтийн талаар гомдол гаргах зэрэг эрхээ эдлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж байна. Шүүх талуудын хооронд 2012-01-05 -ны өдөр гэрээ байгуулагдсан гэсэн нь үндэслэлгүй. Үүнд: Б.М нь уг орон сууцны хорооллын хөрөнгө оруулагч, захиалагч юм. Б.М, “Есөн бүрд” ХХК нарын хооронд байгуулагдсан 2012-04-01-ний өдрийн “Гэрээ” гэх баримтын хуулбарыг хариуцагч гарган өгсөн. Гэрээ байгуулагдсан гэх 2012-01-05 -ны өдөр Б.М Монгол Улсад байгаагүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь шүүхэд тайлбар гаргахдаа “Гэрээ байгуулагдсан тэр өдөр Б.Мийг хараагүй, түүнтэй уулзаагүй, түүнд мөнгөө өгөөгүй” гэдэг. Харин орон сууц борлуулалтын менежер П.Наранхүү нь өөр өрөө рүү гэрээг авч ороод Б.Мийн гарын үсэгтэй өгсөн гэж хэлдэг. Хэргийн 5, 6, 7 дугаар талд авагдсан орон сууцны төлбөрийн баримтад Б.Мийн нэг ч гарын үсэг байхгүй бөгөөд тэрээр эдгээр мөнгийг хүлээн аваагүй. Харин эдгээр баримтад “Есөн бүрд” ХХК-ийн тамга дарагдсан, уг байгууллагын ажилтан П.Наранхүү, нягтлан бодогч Б.Соёл нарын гарын үсэг зурагдсан байдаг. Б.М уг орон сууцыг барьж ашиглалтад өгсөн этгээд биш юм. Б.М нь уг орон сууцыг талбайн зөрүүтэйгээр худалдан авагчид хүлээлгэн өгсөн этгээд биш болох нь, орон сууцаа П.Наранхүүгээс хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбараас харагдана. Гэрчилгээ гаргах бүх бичиг баримтыг “Есөн бүрд” ХХК- үйлдэж өгч байсныг нэхэмжлэгч архиваас хуулбарлан өгсөн байдаг. Б.М өөрөө ч гэсэн дутуу кв.м бүхий орон сууцыг оруулсан хөрөнгө оруулалтынхаа хариу төлбөрт “Есөн бүрд” ХХК-иас хүлээн авснаа мэдээгүй явж, адилхан хохирсон иргэн юм. Шүүх уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрх үүссэн эсэх асуудлыг мөн нягтлан үзээгүй бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцаа хүлээн авахдаа талбайг хэмжиж үзэх боломжтой байсан атлаа энэ эрхээ сайн дураараа хэрэгжүүлээгүй байна.Иймд шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Э нь Б.Мээс орон сууцны талбайн зөрүүний үнэ 4 014 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 88 200 төгрөг, орон сууцны хэмжилт хийлгэсэн зардал 183 000 төгрөг, архиваас баримт хуулбарлахад гарсан зардал 5 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дахин гаргуулсан төлбөр 54 000 төгрөг нийт 4 344 700 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй,маргахдаа “... орон сууцны мөнгийг аваагүй... барилгын гүйцэтгэгч нь “Есөн бүрд” ХХК тул Б.М хариуцагч биш...” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналты шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.Баянгол дүүргийн 18-р хороо, Мажеста хотхоны 12 давхар 83А байр, 25 тоот 3 өрөө “...Орон сууцны захиалагчтай хийх” 2012-01-05-ны өдрийн А/02 дугаартай 4 гэрээ /хх 14-17,40-41, 55-57, 89-91/ хэрэгт авагджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 102/ШЗ2016/21490 дугаар захирамж гаргаж шинжээч томилж “...хэргийн 40-41, 55-56 дугаар талд авагдсан гэрээнд зурагдсан Б.Э гэсэн гарын үсэг Б.Эынх мөн эсэх..”-г тогтоохыг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтэст даалгасан байна. /хх 113-114/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2016-09-02-ны өдөр 4843 дугаар дүгнэлт гаргаж, “...шинжилгээг 55-56 дугаар талд авагдсан... гэрээний эх хувьд хийсэн...”гэх боловч хэргийн 55-56 дугаар талд гэрээний эх хувь бус, харин гэрээний хуулбар байгаагаас гадна уг гэрээ нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн архивт байгаа гэх гэрээний эх хувийн хуулбар мөн эсэх нь тодорхойгүй, шинжилгээний обьект хэрэгт байхгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
2. Баянгол дүүргийн 18-р хороо, Мажеста хотхоны 12 давхар 83А байр, 25 тоот 3 өрөө “Орон сууцны захиалагчтай хийх” 2012-01-05-ны өдрийн А/02 дугаар гэрээг нэхэмжлэгч хэнтэй байгуулсан нь тогтоогдоогүй байна.
Хэргийн 14-17 дугаар талд буй гэрээнд зурсан гарын үсэг нь хариуцагчийнх мөн болохыг шинжээч 2017-01-07-ны өдрийн 370 дугаар дүгнэлтээр тогтоосон нь /хх 164-172/ төлбөрийг Б.Мээс гаргуулах хангалттай үндэслэл болохгүй.
Хариуцагчийг “Есөн бүрд” ХХК-ийн дэд захирлаар 2011-03-01-ний өдрөөс эхлэн томилсон тушаал хэрэгт авагдсан /хх 61/ байх бөгөөд үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүйгээс гадна хэрэгт буй зарим гэрээнээс үзвэл нэхэмжлэлд дурдсан 3 өрөө орон сууцны гүйцэтгэгч “Есөн бүрд” ХХК байна. Хуулийн этгээдтэй холбоотой байж болох гэрээний үүргийг иргэнд хариуцуулахад үндэслэл шаардлагатай.
3. Маргааны зүйл болсон орон сууцны анхны зураг төсөл өөрчлөгдсөн эсэх нь нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд ч холбогдолтой.
Хэргийн 89 дүгээр талд “...2 дахь захиалагч..” гэж тэмдэглэсэн байгаа тул орон сууц нь анхны зураг төсөлд ямар хэмжээтэй байсан, төлөвлөсөн зургийн дагуу баригдсан эсэх нь тогтоогдоогүй гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00476 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 929 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 79.182 төгрөгийг Г.Тунгалагт захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ