Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 09

 

 

Ч.Ганбат нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Оюунцэцэг, ялтан нарын өмгөөлөгч Ц.Энх-Амар, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Ганбат нарт холбогдох эрүүгийн 201621010079 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хархүүхэн овогт Чулуунбатын Ганбат,

Монгол улсын иргэн, 1991 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 26 настай, эрэгтэй дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Энхийнхэн овогт Баатаржавын Ванчин-Эрдэнэ нар нь догшин авирлан, бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журам ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх ” Шүүгдэгч Хархүүхэн овогт Чулуунбатын Ганбат, Энхийнхэн овогт Баатаржавын Ванчин-Эрдэнэ нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ганбатыг 3 / гурав/

жил 3 /гурав/ сар, Б.Ванчин-Эрдэнийг 3 /гурав/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Ганбат, Б.Ванчин-Эрдэнэ нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих  ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ганбатад ногдуулсан 3 /гурав/ жил 3 /гурав/ сар, Б.Ванчин-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд Ч.Ганбатыг 2 /хоёр/ жил, 2/хоёр/ сар, Б.Ванчин-Эрдэнийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлын хүрээнд шүүгдэгч Ч.Ганбат, Б.Ванчин-Эрдэнэ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багийн нутаг дэвсгэрт орших Хөрс шатахуун түгээх станцын байрны гадна үл ялих зүйлээр шалтаглаж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, бүлэглэн танхайрах явцдаа А.Үсифханыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааснаар Ч.Ганбат, Б.Ванчин-Эрдэнэ нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд тэнсэн хянан харгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Ганбат, Б.Ванчин-Эрдэнэ нарын бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, бүлэглэн танхайрсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар догшин авирлаж танхайрсан гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Харин бүлэглэн танхайрсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан үйлдлийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Ялтан нарын өмгөөлөгч Ц.Энх-Амар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нар нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.  Хэргийн зүйлчлэл дээр бидний зүгээс маргаагүй. Иймээс Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                                                                        

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

            Ч.Ганбат, Б.Ванчин-Эрдэнэ нар нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Ховд аймгийн Үенч сумын  Хөх үзүүр багийн нутаг дэвсгэрт орших Хөрс шатахуун түгээх станц байрны гадна үл ялих зүйлээр шалтаглаж бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрах явцдаа догшин авирлаж иргэн А.Үсифханыг бүлэглэн зодож  бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх прокуророос Ч.Ганбат, Б.Ванчин-Эрдэнэ нарын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх Ч.Ганбат, Б.Ванчин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн бүлэглэж үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтыг орхигдуулж зөвхөн Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар  “ догшин авирлаж танхайрсан “ гэж  дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын   шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол Ч.Ганбат,Б.Ванчин-Эрдэнэ нарыг урд батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлал нь  нэн даруй заавал биелэгдэх бөгөөд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

                                                      ШҮҮГЧИД                                      Д.МӨНХӨӨ

                                                                                                             Б.ДАМБА