Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 309

 

С.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар тогтоолтой, С.Б-т холбогдох 17253 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1944 оны байдлаар: Овог С, нэр Б, нас 66, эрэгтэй, Завхан аймгийн Алдархаан сумын 2 дугаар баг, ам бүл 8, цэрэг ба сургуульд яваагүй, хөрөнгийн хувь 17, гэр 1, монгол бичиг мэдэхгүй, түвд ном бага зэрэг мэддэг, гавьяа шагнал ба ял шийтгэлгүй, гишүүн бус, татагдахын өмнө гэр, малын ажилтай байсан.

С.Б- нь 1944 онд шашны хуурамч аргаар сүсэгтэн ард олныг мунхруулан төөрөгдүүлж, тэдний хөрөнгө хогшлыг ямар ч үнэ төлбөргүйгээр авч, мөлжин хувийн ашгийг хичээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар тогтоолоор С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ял шийтгэж, ашиг олж авсан зүйлүүдийг хураан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүгийн хэргийн таслан шийтгэсэн 95 дугаар тогтоолоор С.Б-т 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар улс төрийн хэрэгт 6 сар хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1. С.Б-ын үйлдсэн гэх гэмт хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн үеийн нийгэм болоод ард иргэдэд ямар хор, хохирол учруулсныг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, зарим гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болголгүй ард олны өөрсдийнх нь гуйлт хүсэлтээр нас барсан хүний хойтохыг дааж, ном гүрэм уншиж, өвчтэй хүмүүст рашаан өгч, иргэдийн сэтгэлээсээ барьц болгож өгсөн зүйлийг авсныг ашгийг хичээсэн гэж үзэж, төр засгаас шашны талаар баримталж байсан бодлогын золиос болгож, С.Б-ын өөрийнх нь хэргээ хүлээсэн мэдүүлгийг ялын төлөвлөгөөний гол нотлох баримт болгож, улс төрийн хэрэгт шийтгэсэн нь дараах баримтуудаас харагдаж байна. Үүнд:

Гэрч Жамьянгийн 1944 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэгт: “миний хадам болох Нацаг, Сангаа нарыг үхэхэд Б-т бага сага зүйлийг өгсөн боловч, морь өгсөн удаа байхгүй. Эцэг Чийсүрэнг үхэхэд Б- нь аваачиж хаясан ба оточ ерөөлийг уншсан барьцанд эм хонь 1, хадаг 1, 20 төгрөгтэй өгсөн. Улаан хээр морио уналга болгон өгснөөс барьцанд өгөөгүй болно” гэж мэдүүлсэн.

Гэрч Дангаа мэдүүлэхдээ: “миний эх Дүгэржавыг 1944 оны 01 ба 02 сарын үеэр өвдөхөд бидний гуйлтаар Б- нь “Алтангэрэл” зэрэг ном уншиж, рашаан өгсөн тул хариуд нь хадаг 1-ийг өгсөн” гэж мэдүүлсэн.

Гэрч Д.Пүрэвжав мэдүүлэхдээ: “Жавхлант сумын Жамьянмижидийн эх чавганцыг өвчлөхөд “бүлтгэр” хэмээх Б-ыг гэрээс нь залж авчраад гүрэм уншуулж байсан чухам барьцанд юу өгснийг мэдэхгүй ...” гэж мэдүүлсэн байна.

1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: “...Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.

С.Б- нь нутгийнхаа ард иргэдийн хүсэлт, гуйлтаар ном, гүрэм уншиж, тэдний сайн дураараа өгсөн хадаг 2, 20 төгрөг, хонь нэгийг авсныг нь буруутгаж, ардын мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн гэж улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүгийн хэргийн таслан шийтгэсэн 95 дугаар тогтоолоор С.Б-т 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар улс төрийн хэрэгт 6 сар хорих ялаар хилсээр шийтгэсэн байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, С овогтой Б-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

С.Б-ыг шашны мухар сүсгээр ард олныг мунхруулан өргөл барьц авч ашигласан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар таслан шийтгэх тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ял шийтгэж, ард олноос барьцанд авсан эд зүйлийг хураан хураан авч, улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд С.Б- нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн эд зүйлийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнээс тусламж авсан хүмүүсийн бие махбодь өвдсөн, нас барсан гэх баримт тогтоогдоогүй, бусдыг ятгаж мунхруулсан гэх гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоогоогүй бөгөөд албадлага, дарамт үзүүлэн хэрэг хүлээлгэсэн мэдүүлэгт үндэслэн ял шийтгэсэн, мөн хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсан “..өөрсдийнх нь хүсэлт, гуйлтаар гүрэм, ном уншиж, сайн дураараа эд зүйл өгсөн” гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж, бусад баримттай харьцуулан няцаан үгүйсгэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн С.Б-ыг хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С.Б-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1944 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Сүрэнгийн Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

                                             

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН