Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0390/З |
Дугаар | 221/МА2019/0486 |
Огноо | 2019-09-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2019/0486
2019 оны 09 сарын 12 өдөр |
Дугаар 221/МА2019/0486 |
Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн гомдолтой
зөрчлийн хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргасан “Э” ХХК-ийн захирал Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С, хариуцагч Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0401 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “Э” ХХК-ийн захирал Б.Бямбацогтын давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Б, Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. “Э” ХХК-ийн захирал Б.Б 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:
“Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ......., Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Б .........., Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Э .......... тоот шийтгэлийн хуудаснуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0401 дүгээр шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5, Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн .... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох “Э” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
Гурав. “Э” ХХК-ийн захирал Б.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ........ дугаар удирдамжийн зорилгыг анхааралдаа авалгүй шууд Зөрчлийн тухай хуулийг үндэслэж арга хэмжээ авсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Т үйлдлийг зөвтгөсөн шийдвэр гаргасныг бид зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Бодит нөхцөл, улирлын байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийг 5000 нэгжээр торгох бус харин хугацаатай үүрэг даалгавар өгөх боломжтой байжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдриийн ......... тоот удирдамжид шалгалтын зорилгыг “…зохих хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль саин мөрдөлт болон эрсдлийг тодорхойлж, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахад оршино” гэж тодорхойлсон, удирдамжийн 8.2-т “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллана” гэжээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д ч агуулгын хувьд ижил зохицуулалт байдаг.
Өвлийн хүйтэнд уурын зуухыг зогсоох бодит боломжгүй, хэрэв зогсоох тохиолдолд хэрэглэгч албан байгууллагууд хөлдөх үр дагаварт хүргэхээр байсан тул илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгөх боломж хариуцагчид байсан.
“Э” ХХК-ийн зуухны үнс барих системийн их бие цоорч орчноо бохирдуулсан, химийн ус бэлтгэлийн төхөөрөмж байхгүй, хянах хэрэгслийн баталгаажилт байхгүй байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх заалтыг хангаагүй гэсэн үндэслэлээр торгуулийн шийтгэл ногдуулсан байх боловч зуухны үнс барих системийн хана өвлийн турш тасралтгүй өндөр градуст ажиллаж байх тохиолдолд хэт халалтаас улайсч цоорох магадлалтай тул зуухны ажиллагааг зогсоолгүйгээр янзлах боломжгүй.
Мөн бусад зөрчлүүдийн хувьд ч хугацаатай үүрэг даалгавар өгч, харин тогтоосон хугацаанд зохих засвар үйлчилгээг хийгээгүй, хийсэн ч чанарын шаардлага хангахгүй байх тохиолдолд шийтгэлийн арга хэмжээг авах нь хууль, хяналт шалгалтын зорилго, удирдамжид нийцнэ.
Тухайлбал шийтгэлийн хуудсын үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5-д “…зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, эсхүл техникийн гэмтэл гаргахад хүргэсэн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хуулийн этгээдийг ...... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор зааснаас үзэхэд “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, тоног төхөөрөмжийн угсралт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн” зэрэг тохиолдлууд нь үр дагаврын хувьд дээрхтэй адил байх тохиолдолд торгуулийг ногдуулах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0401 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ...... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн “Э” ХХК-ийн захирал Б.Б гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “Э” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН