Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 08

 


Хас банкны нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхийн шүүх
 хуралдааны бүрэлдэхүүнд: 
    
                                                                         Даргалагч шүүгч: Т.Жаргалсайхан 
                                                                    Шүүгчид: Л.Нямдорж, Л.Уламбаяр
Оролцогчид:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа
 Нарийн бичгийн дарга: О.Дэжидмаа

Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг даргалж шийдвэрлэсэн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Хас банкны нэхэмжлэлтэй, Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нарт холбогдох 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн 22.902.131,49 төгрөг, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715,49 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 276.444 төгрөг, зээлийн гэрээ нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 
    
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Даваасүрэн овогтой Бямбаабаатар /РД: ДЗ86071919/, хамтран үүрэг гүйцэтгэгч Даваасүрэн овогтой Жавзандулам /РД: ДЗ84101508/ нар нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200007271 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7%-ийн хүүтэй холимог зориулалтаар авсан. Зээлдэгч нь 1200007271 тоот зээлийн гэрээний 4.3-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Д.Бямбаабаатар болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Жавзандулам нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. 1200007271 дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 145 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрсдийн өмчлөлийн: 
1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Тоосгоны үйлдвэрийн зүүн хойд талд байрлах 200 м.кв талбайтай байр, Ү-0518001816
2. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13-2-13 тоотод байрлах Ү-0518000646, 31 м.кв байр
3. Говь-Алтай аймгийн Есөнбулаг Баяншанд байрлах Ү-0518001001, 33 м.кв байр
4.Эзэмших эрхтэй газар, Баяншанд баг Тоосгоны үйлдвэрийн зүүн талд №0360592, 641.5 м.кв зэргийг барьцаалсан. 
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 
1. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 22.902.131.49 төгрөг, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг байгаа ба Зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 276.444 төгрөг, зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү. 
2. Барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ханджав анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Даваасүрэнгийн Бямбаабаатар, хамтран зээлдэгч Даваасүрэн овогтой Жавзандулам нарт 2012 оны 8 дугаар сарын 30-нд 50.000.000 төгрөгийн 60 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй төслийн зээлийг манай банкнаас авсан. Зээлдэгчийн тухайд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байгаа. Шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, болон барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоос гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн төлбөр 22.902.131, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715 төгрөг, тэмдэгтийн хураамж, нотариатаар батлуулсан төлбөрийг зээлдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нар нь анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа: Даваасүрэн овогтой Бямбаабаатар /РД: ДЗ86071919/ миний бие нь өөрийн эгч Даваасүрэн овогтой Жавзандулам /РД: ДЗ84101508/ бид 2012 оны 8 дугаар сард Хас банкнаас 50.000.000 төгрөгийн зээлийг авсан. Өнгөрсөн хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан ба одоо үлдэгдэл 23.698.715,49 төгрөг байгаа. Миний бие нь эрхэлж байсан аж ахуйн үйл ажиллагаа бүрэн зогссон ч “Алтайн Хүдэр” ХХК-д ажиллаж зээлээ төлж байсан. Өнгөрсөн оны 9 дүгээр сард ажиллаж байсан компаний ажил бүрэн зогссон. Хас банк ирж уулзахад хугацаа хэтэрсэн зээлийг төлнө гэдгээ удаа дараа хэлж байсан. Миний бие нь үлдэгдэл мөнгийг бөөнөөр төлж чадахгүй ба хугацаа хэтрүүлсэн саруудын төлбөрийг бүрэн барагдуулж, үлдсэн зээлийг сар сард нь хийх хүсэлтэй байгаагаа уламжилж байна. Сард төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлсэн нь миний буруутай үйлдэл бөгөөд цаашид зээлийн хугацаа дуустал сар сард нь хугацаа хэтрүүлэхгүй төлж дуусгах хүсэлтэй байна. Уг зээл нь 2017 оны 11 сард дуусах хүртэл бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн 22.902.131.49 төгрөг, хүү779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715.49 төгрөгийг хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нараас гаргуулж Хас банкны Говь-Алтай салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.444 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нараас 23.698.715.49 төгрөгийн тэмдэгтийн хураамж 276.444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 
Хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нар Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 
Зээлдэгч бид Хас банкны Говь-Алтайн салбараас зээл авсан. Үүнийг хуваарын дагуу төлж байсан боловч сүүлийн саруудад төлж чадаагүй юм. Одоо уг үндсэн зээлээ хуваарийн дагуу төлөх боломжтой байгаа тул бидний зээлийн хуваарийн дагуу төлүүлж өгнө үү. Зээлийг анх авахдаа 60 сарын хугацаанд төлж барагдуулахаар авсан. Түүнээс бөөнөөр нь төлөх боломжгүй юм. Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байна. 
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23.698.715,49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэг талаас Хас банкны Говь-Алтай салбар, нөгөө талаас хариуцагч Д.Бямбаабаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Жавзандулам нартай 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50.000.000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй  зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ тус тус байгуулсан. Зохигчид гэрээг байгуулсан болон зээлдэгч, зээлдүүлэгчид гэрээнд заасан зээл 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээнд маргаагүй байна.
Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон, мөн нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй байна. 
Гэрээний дагуу зээлийг авсан боловч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй гэдэгтэй хариуцагч нар маргаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Хас банкны Говь-Алтай салбар гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЖАРГАЛСАЙХАН
      ШҮҮГЧИД                                        Л.НЯМДОРЖ
                                                                Л.УЛАМБАЯР