Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/0079

 

 

Ш.Д-ын  нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний

газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

Б.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “3авхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2017 оны 02 дугаар сард ажилласны цалин гаргуулах”

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0777 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун,

Хариуцагч М.Гүрсэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, өмгөөлөгч О.Мөнхболд нар,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0777 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгон, Ш.Д-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгүүлэх, мөн 2017 оны 2 дугаар сард ажилласан хугацааны цалинг нөхөн гаргуулахыг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Д , түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Ш.Д-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0777 дугаар магадлалыг хариуцагчийн зүгээс нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсэгтээ “Ш.Д-ын  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт хандаж гаргасан чөлөө хүссэн өргөдөлд тус газрын дарга М.Г “эмнэлгийн магадалгаагаар явж байгаа тул давхар цалинтай чөлөө олгохгүй гэсэн хариу өгье” гэсэн цохолтыг маргааш нь буюу 25-ны өдөр хийсэн байдал, мөн шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа “...эмнэлгийн магадалгаагаар явж байгаа учир давхар цалинтай чөлөө олгохгүй, эмчилгээ хийлгээд эмнэлгийн магадалгаа, листээ заавал авчраарай, түүнийг чинь үндэслээд цалин хөлсийг чинь бодож олгоно шүү” гэдгийг тухайн үед сануулаад явуулсан” гэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй, 8 хоног ажил тасалсан гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэжээ. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч Ш.Д д 10 хоногийн цалинтай болон цалингүй чөлөө олгоогүй бөгөөд /үүнийг Ш.Д-ын ирүүлсэн өргөдөл дээр хийсэн цохолтоор нотлогдож байгаа. XX-38-p хуудас/ Улаанбаатар хотод очиж эмнэлгийн байгууллагаас шаардлагатай эмчилгээ, үйлчилгээгээ аваад 10 хоног, 20 хоног ч болж болно гагцхүү эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудсаа заавал авчраарай гэдэг шаардлагыг тавьсан боловч Ш.Д  нь Шилүүстэй сумын сум дундын эмнэлгээс хуурамч эмнэлгийн хуудас авчирсан болохыг тогтоож, /ШССДЭ эмч Б.М-Э-ийн өгсөн мэдүүлэг манай байгууллагад ирүүлсэн албан тоот. XX-36-p хуудас/ ажилдаа ирээгүй хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэж үзэж маргаан бүхий тушаалыг гаргасан байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх авч үзээгүй нь хууль бус үйлдэлтэй эвлэрч байгаа сэтгэгдэл төрүүлж хэт нэг талыг баримталж байна гэж үзэж байна.

5. Монгол улсын хууль тогтоомжуудын хувьд “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл шүүхийн 4.1.8-д зааснаар “.... өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан ...” зэрэг шалтгаануудыг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан гэдгийг эмнэлэгт үзүүлсэн /эхоны бичиг, лабораторийн шинжилгээний хариу/ баримт бичгээр биш ажилтан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, албан үүргээ гүйцэтгэх боломжгүй, хүндэтгэсэн үзэх шалтгаантай байсан гэдгийг нотлох гол баримт нь эмнэлгийн байгууллагаас хууль, журмын дагуу олгосон албан ёсны эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудас байх ёстой бөгөөд Ш.Д  нь өөрийгөө ажил, албан үүргээ гүйцэтгэх боломжгүй, хүндэтгэн үзэх байсан гэдгээ нотлох албан ёсны ямар ч эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудсыг хариуцагчид тушаал гарахаас өмнө нотлох баримтаар өгч байгаагүй болно. Энэ тухайгаа шүүхийн өмнө миний алдаа байсан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрдөг. /захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын 2 дахь хуудасны 1 хэсэгт дурдсан байна./

6. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсэгтээ “.... 2 дугаар сард Улаанбаатар хотод үзлэг шинжилгээнд хамрагдсан болохыг тус тус гэрчилсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан өвчтөний түүх, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас 13А маягт, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжилгээний хариу, тус эмнэлгээс өвчтөн илгээх хуудас 13Б маягт зэргээр нотлогджээ” гэж хуурамч буюу бүрэн нотлогдоогүй баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/910, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/951 тоот албан бичгүүдээр Ш.Д  нь тухайн цаг хугацаанд эмнэлгээр үйлчлүүлээгүй болохыг тодорхойлсон. Ш.Д  нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлсэн нь үнэн бол тухайн эмнэлгийн цахим бүртгэлд хадгалагдах байсан бөгөөд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/174 дүгээр тушаалаар батлагдсан “Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ын 2.2, 2.3 заалтуудыг үндэслэж нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь бүрэн үндэслэлтэй юм.

 7. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/30 дугаар тушаалаар батлагдсан “иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.4.2, 2.14 зэрэг заалтуудаас үзвэл “эмнэлэгт өвчтөн илгээх 13А хуудастай үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлсэн эмнэлгийн байгууллага нь заавал эмнэлгийн хуудас олгохоор” журамласан байгаа бөгөөд Ш.Д  нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлсэн бол заавал эмнэлгийн хуудас олгох ёстой бөгөөд эмнэлгийн хуудас олгоогүй, мөн цахим бүртгэлд бүртгэгдээгүй /Улсын 1-р төв эмнэлгээс авсан нотлох баримтуудаас/ зэргээс үзвэл Ш.Д  нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлээгүй болох нь хангалттай нотлогдож байна.

8. Хариуцагч талын зүгээс Ш.Д-аас ажилдаа ирээгүй хугацааны эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудсаа авчирч өгөхийг тушаал гарах хүртэл хугацаанд байнга нэхэж, шаардаж байсан бөгөөд Ш.Д-ыг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өөрийн биеэр ирэхэд нь тушаал гарах гээд байна яг одоо эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудсаа, эмнэлэгт үзүүлсэн баримтаа аваад ир гэж хэлээд явуулахад надад өгөх баримт байхгүй гээд тушаалаа нэхээд тушаал гаргуулаад аваад явсан бөгөөд Ш.Д  нь шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг хариуцагч талд огт гаргаж өгч байгаагүй болно. Үүнийгээ Ш.Д  нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Мөн тушаал гарсны дараа Ш.Д-ын  ажил, түүний хэрэглэж байсан техник хэрэгслийг хүлээлцсэний дараа Ш.Д-ын хэрэглэж байсан компьютерыг асаахад түүний фэйсбүүк цахим хаяг нь нээлттэй байсан бөгөөд фэйсбүүк цахим сүлжээгээр A B гэдэг // хаягтай хүнтэй “хуурамч эмнэлгийн бичиг олж авах, эмнэлгийн бичиг 30,000 төгрөгөөр худалдаж авахаар” энэ талаар харилцсан харилцан яриа нь үлдсэн байсан ба үүнийг бид баримтжуулж авч хэрэгт нотлох баримт болгон өгсөн байдаг. Ш.Д-ын  албан хэрэгцээнд хэрэглэж байсан Notebook-ийг хувь хүний нууцыг хамгаалах үүднээс манай байгууллага нь хамгаалтандаа авсан байгаа юм. Давж заалдах шатны шүүх Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс албан ёсоор үгүйсгэсэн Ш.Д-аас нотлох баримтаар өгсөн эмнэлгийн албан ёсны бүртгэлгүй, хуурамч баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

9. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0777 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн Шилүүстэй сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Д-ыг “Эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэхээр өргөдөл гаргасан боловч энэ хугацааны эмнэлгийн холбогдох бичиг баримтыг зохих газраас нь бүрдүүлж өгөөгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8 хоногийн ажил тасалж ноцтой зөрчил гаргасан” гэж 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

11. Нэхэмжлэгч Ш.Д  нь “... Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгүүлж онош тодруулах... тул 10 хоногийн цалинтай чөлөө олгоно уу” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд 10 хоногийн цалингүй чөлөө олгосон, ажил таслаагүй гэж, хариуцагчаас “...Ш.Д-ын  гаргасан өргөдлийг судалж үзээд ... цалин болон цалингүй чөлөө олгоогүй ба Ш.Д-д эмчилгээ хийлгээд эмнэлгийн магадалгаа, листээ заавал авчраарай, түүнийг үндэслэн цалин хөлсийг бодож олгоно” гэдгийг сануулаад явуулсан, хотоос ирсэн даруйдаа энэ талаарх нотлох баримтыг байгууллагадаа гаргаж өгөөгүй гэж тус тус маргасан байна.  

 

12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т нийцсэн байна.

13. Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй, 8 хоног ажил тасалсан гэж дүгнэх боломжгүй, тухайн үед түүнийг эмнэлэгт үзүүлэхээр явахыг зөвшөөрсөн  нь “чөлөө олгоогүй” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн шинжтэй гэсэн давж заалдах шатны дүгнэлт буруу биш юм. 

14. Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгч өвчний улмаас эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот явсныг хариуцагч мэдэж байсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил  тасалж, сахилгын зөрчил гаргасан хэмээн үзэж  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийн хүнд хэлбэрийг сонгон ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд нийцэхгүй байна.

15. Нэхэмжлэгч Ш.Д-д Шилүүстэй сумын сум дундын эмнэлгээс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас 13А маягт”-ыг түүнийг тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа бичиж өгсөн, мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжилгээний хариунууд, тухайн эмнэлгээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ш.Д-д олгосон  “Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас 13Б маягт” тус тус хэрэгт авагдсаныг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн байх тул хариуцагчийн “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс ирүүлсэн ... албан бичгүүдээр Ш.Д  нь тухайн цаг хугацаанд эмнэлгээр үйлчлүүлээгүй, ...эмнэлэгт өвчтөн илгээх 13А хуудастай үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлсэн эмнэлгийн байгууллага нь заавал эмнэлгийн хуудас олгохоор журамласан” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. 

16. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2017/0777 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН