Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 155

 

Ч.Баттулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх

Өмгөөлөгч Б.Цэрэнбат

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар магадлалтай, 201509000212 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Баттулга түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн сулласан Өөлд овогт Чулуунбаатарын Баттулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар шүүгдэгч Ч.Баттулгын Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Ч.Баттулгыг орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, 43.041.000 /дөчин гурван сая дөчин нэгэн мянга/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Баттулгаас нийт 27.648.900 төгрөг гаргуулж, 8.512.500 төгрөгийг хохирогч Ж.Батсайханд, 2.594.000 төгрөгийг хохирогч Ч.Батжаргалд, 10.420.000 төгрөгийг хохирогч Н.Үлмэдэхэд, 2.375.000 төгрөгийг хохирогч Ц.Урнаад, 1.302.000 төгрөгийг хохирогч Б.Дуламхоролд, 470.000 төгрөгийг хохирогч О.Энхбатад, 1.525.000 төгрөгийг Т.Сугарт, 50.400 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ш.Урангоод, 400.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Тавантивд нарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Баттулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цагдаад баригдахдаа өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, бүх үйлдсэн хэргээ өөрөө илчилж, авсан эд зүйлсээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч алдагдсан зүйл дотор Б.Дуламхоролын гэрээс бэлэн 370.000 төгрөг, виски архи, Ц.Урнаагийн гэрээс 6 ширхэг хундага, 2 ширхэг бугуйн цаг, Ч.Батжаргалын гэрээс 2 ширхэг гар утас, 2 цэн цул мөнгө, Н.Үлмэдэхийн гэрээс 1 ширхэг бугуйн цаг, цагаан алтан бөгж зэрэг байсан гэж нотлох баримтгүйгээр гүжирдэж гүтгэж өгсөн мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг баримтлан тулгаж тасалсанд гомдолтой байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж 16.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан ба үлдсэн хохирлыг бүрэн барагдуулна. Эдгээр байдлыг хянан үзэж хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Б.Дуламхоролын гэрээс 370.000 төгрөг, Ц.Урнаагийн гэрээс 6 ширхэг бүрмэл хундага, 2 ширхэг бугуйн цаг, Батжаргалын гэрээс 2 ширхэг гар утас, 2 цэн цул мөнгө, Н.Үлмэдэхийн гэрээс 1 ширхэг бугуйн цаг, цагаан алтан бөгж зэргийг аваагүй гэж мэдүүлдэг ба хохирогч нарын алдсан эд зүйлүүдийг дахин үнэлгээнд оруулах хүсэлт гаргасан байдаг. Хохирогч   Ж.Батсайханы алдсан 7 ширхэг мөнгөн аяганы 2 нь бүрмэл аяга байсан, Ц.Урнаагийн алдсан гэх 5 ширхэг үнэртэй усны 2-оос бусад нь хэрэглэсэн хуучин уснууд байсан зэргээс гадна аваагүй эд зүйлүүдийг авсан гэж тооцож үнэлж хохироосон. Мөн хохирлыг өндөр үнээр үнэлж тооцсоноос болж хохирлын хэмжээнээс онц их буюу 43.041.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хүнд ял шийтгэл оногдуулсан байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын амаар хохирлыг тогтоосон үнэлгээ хийлгэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149, 153, 165 дугаар зүйлүүдийг зөрчсөнөөс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн байна.

Хохирлын үнэлгээг дахин өөр шинжээч томилон үнэлүүлэх ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Ч.Баттулга нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ноос 2015 оны 06 дугаар сарын 05-ны хооронд 7 удаагийн үйлдлээр Ч.Батжаргалын гэрээс нийт 2.594.000 төгрөгийн, Н.Үлмэдэхийн гэрээс нийт 1.0420.000 төгрөгийн, М.Ганзоригийн /Ц.Урнаагийн/ гэрээс 2.375.000 төгрөгийн, Б.Дуламхоролын гэрээс 1.302.000 төгрөгийн, О.Энхбатын гэрээс 470.000 төгрөгийн, Т.Сугарын гэрээс 1.525.000 төгрөгийн, Ж.Батсайханы гэрээс 24.355.000 төгрөгийн эд зүйлс тус тус хулгайлж, давтан үйлдлээр иргэдэд 43.041.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хэмээн дүгнэж үйл баримтыг тогтоосон нь үндэслэлтэй байна.

Мөн хохирогч нарын алдагдсан эд зүйлийн үнэлгээг үнэлгээ тогтоох мэргэжлийн байгууллагаас хууль, журмын дагуу гаргасан дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг тогтоож Ч.Баттулгад ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзнэ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Ч.Баттулга түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын “хохирлын үнэлгээг дахин гаргуулж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Баттулга түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                                           Б.БАТ-ЭРДЭНЭ

                                         ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН