Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2016/00860

 

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2016/00860

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1956 оны 03 дугаар сарын 15 өдөр төрсөн, Төв аймаг, Борнуур сум, 2 дугаар баг, Мандал малчдын хороо 1 дүгээр гудамж, 73 тоотод оршин суух, Боржигон овогтой Данзангийн Пүрэвням РД:/НЙ56031503/-ын

Ш.Сүхээ, Б.Жавзансүрэн нар нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Пүрэвням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрэвням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний охин Б.Жавзансүрэн нь Ж.Анударь, С.Энхболд нарын эцэг Ш.Сүхээтэй хамтын амьдралтай байсан. Б.Жавзансүрэн, Ш.Сүхээ нар нь гэрлэлтийн батлагаагүй байж байгаад нас барсан. Аав Ш.Сүхээ нь 2005 онд нас барсан, эх Б.Жавзансүрэн 2009 онд нас барсан. Ингээд 2 зээ маань миний асрамжид үлдсэн. Ж.Анударь 2016 оны 05 дугаар сарын 10 өдөр 18 нас хүрсэн. С.Энхболд 2004 оны 02 дугаар сарын 16 өдөр төрсөн, одоо 13 настай. Миний зээ Ж.Анударь 18 нас хүрсэн  оюутан болж байгаа учраас эцэг Ш.Сүхээгээр овоглож төрөөс өгдөг 1 200 000 төгрөгийн тэтгэлгийг авах зорилгоор шүүхэд хандсан. Иймд Б.Жавзансүрэн Ш.Сүхээ нарыг хамтын амьдралтай байсныг  тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хэрэгт цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг /хх 5-10, 16-17, 23-24, 26-27/ тал бүрээс нь бодитоор шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрэвням нь тус шүүхэд Ш.Сүхээ, Б.Жавзансүрэн нар нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Ш.Сүхээ, Б.Жавзансүрэн нар нь 1998 оны 05 дугаар сарын 10 өдрөөс 2015 оны 09 дугаар сарын 18 өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь

  1. Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 14 өдрийн асран хамгаалагч тогтоох тухай 292 дугаартай захирамж /хх 5/,
  2. 2004 оны 03 дугаар сарын 12 өдөр төрсөн хүү С.Энхболдын төрсний гэрчилгээний хуулбар /хх 6/,
  3. Ж.Анударийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 7/,
  4. 2009 оны 07 дугаар сарын 17 өдрийн Б.Жавзансүрэнгийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 8/,
  5. 2005 оны 09 дүгээр сарын 18 өдрийн Ш.Сүхээгийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 9/,
  6. Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06 өдрийн 82 дугаартай тодорхойлолт /хх 10/,
  7. Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 22 өдрийн 94 дугаартай тодорхойлолт /хх 23/,
  8. Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 22 өдрийн 01/194  дугаартай тодорхойлолт /хх 24/,
  9. гэрч А.Цэцэгмаагийн тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 16, 26/,
  10. гэрч Э.Мөнхтуяагийн, тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 17, 27/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Ш.Сүхээ, Б.Жавзансүрэн нар нь хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Буурал овогт Шагдарын Сүхээ, Сартуул овогт Бэгзбаатарын Жавзансүрэн нарыг 1998 оны 05 дугаар сарын 10 өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 18 өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Пүрэвням нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.АРИУНАА