Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01196

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01196

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/01709 дугаар шийдвэртэй

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ж-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 170,005,654 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж дүгнэлт гаргуулах, суурь, зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, болон далд ажлын актуудыг тус бүр гаргуулах, өмнө хийлгэсэн иж бүрэн зургийн үнэ 54,885,020 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, хариуцагч Д.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Иргэн Д.Ж- нь *******,******* тоотод байх өөрийн өмчлөлийн 274 м.кв газарт 36 айлын орон сууцны барилга барих саналыг гаргасны дагуу манай компани уг барилгад хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгийн хэмжээг м.кв-аар тооцон орон сууц авахаар тохиролцсон. Г- ХХК-аар суурийн ажил, зоорийн давхарын угсралтын ажил болон 1 давхарын ажлыг гүйцэтгүүлж, Д.Ж- нь бусад давхрын ажлыг өөр хүн, хуулийн этгээдээс хөрөнгө оруулалт авч барилгын ажлыг дуусгавар болгоно гэж тохиролцсон. Г- ХХК-аас 2014 оны 06 сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Тус 36 айлын орон сууцны барилгын ажил нь бусад давхарыг гүйцэтгүүлэхэд хөрөнгө оруулагч байхгүй гэсэн үндэслэлээр ажил зогссон. Ингээд 2021 оны 09 сарын 08-ны өдөр манай компани Д.Ж-тай тооцоо нийлэхэд тэрээр 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалт, барилгын ажил гүйцэтгэлийг буцаан төлөхөөр баталгаа гаргасан. Д.Ж- нь өнөөдрийг хүртэл 170,005,654 төгрөгийг буцаан төлдөггүй эсвэл барилгаа дуусгаж тохиролцсон талбайг өгөхгүй манай компанийг хохироож байна.

Г- ХХК-ийн зүгээс Д.Ж-тай удаа дараа уулзаж асуудлыг шийдвэрлэхийг зорьсон боловч үр дүнд хүрээгүй тул Д.Ж-аас 170,005,654 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би дээр дурдсан өөрийн өмчлөлийн газар дээр орон сууцны барилга барихаар Х- ХХК-аар орон сууцны барилгын зураг төслийг зуруулсан. Орон сууцны зоорийн давхарт гарааш, цахилгаан, дулааны техникийн өрөөг, 1-9 дүгээр давхарт нь давхартаа 4 айлтай нийт 36 айл, сууц бүрт гал тогоо, зочны , унтлагын болон ариун цэврийн өрөөг тус тус төлөвлөсөн. Барилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагаас гаргуулсны дараа Г- ХХК-тай уулзан хамтран ажиллахаар болж барилга угсралтын ажлаа эхлүүлсэн.

Гэтэл гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүйгээс болж барилгын ажил бүрэн зогссон. Өөрөөр хэлбэл, барилгын суурийн болон зоорийн давхрын цутгалт хийгдэх явцад гүйцэтгэгч нь хэмжээ алдан улаан шугам хэтрүүлснээс барилга угсралтын ажил үргэлжлэх боломжгүй болсон. Дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай ярилцаж, ойлголцохыг хичээсэн ч санаачилга гаргахгүй, холбогдохгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Г- ХХК нь нийт 170,005,654 төгрөгийн зардал гаргаж зоорийн болон суурийн ажлыг гүйцэтгэсэнд маргахгүй. Харин барилга угсралтын ажлыг хэмжээ алдаж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон барилгын зургийн мөнгийг аваад үлдсэн төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний газар дээр баригдах 36 айлын орон сууцны барилгын зураг төслийг Х- ХХК хийж, иж бүрэн зурагт магадлал хийж, дүгнэлт гаргасан. Мөн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авсан байсан. Гэтэл гүйцэтгэгч Г- ХХК нь барилгын суурийн ажил, зоорийн давхрын барилга угсралтын ажлыг хийхдээ батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүйгээс барилгын анхны зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Миний бие Х- ХХК-аар барилгын зургийн ажлыг гүйцэтгүүлэхэд 54,885,020 төгрөг төлөхөөр тохиролцсон ба Г- ХХК нь зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгээгүй учир Х- ХХК-аар хийлгэсэн зураг төслөөр цаашид барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй болсноор би ажлын хөлсөнд 54,885,020 төгрөгийг төлөхөөр хохирсон. Учир нь барилгын ажлыг үргэлжлүүлэх нөхцөлд барилгын иж бүрэн зургийг шинээр гаргуулж, мөн эрх бүхий байгууллагаар магадлал дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон.

Иймд Г- ХХК-аар одоо баригдсан байгаа зоорийн болон суурийн ажлын гүйцэтгэлд тохируулан барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж, дүгнэлт гаргуулах, суурь, зоорин давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, болон далд ажлын актуудыг тус бүр гаргуулах болон өмнө хийлгэсэн зургийн үнэ 54,885,020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Д.Ж- нь дээрх 36 айлын орон сууцны зураг төсөл болон холбогдох бусад баримтын бүрдүүлбэр хангагдсан гэж хэлсэн. Тухайн үед шинээр байгуулагдаад удаагүй байсан Л- ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ барилгын ажлыг манай компани гүйцэтгээгүй, зөвхөн хөрөнгө оруулалт хийсэн. Л- ХХК барилгын ажлыг хийсэн. Г- ХХК барилгын угсралтын ажлыг гүйцэтгээгүй учраас энэ талаарх баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ж-аас 170,005,654 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д, нэхэмжлэгч Г- ХХК-аас 54,885,020 төгрөг гаргуулж хариуцагч Д.Ж-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж дүгнэлт гаргуулах, суурь, зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, далд ажлын актуудыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,007,979 төгрөг, хариуцагчаас төлсөн 442,376 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,007,979 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 432,375 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Д.Ж- нь 2014 онд *******, Олзвой 39 тоотод байх өөрийн өмчлөлийн газар дээр 36 айлын орон сууцны зураг төсөл болон холбогдох бусад баримтын бүрдүүлбэр хангасан тухай хэлж "газарт хөрөнгө оруулалт хийгээч, тусламж хэрэгтэй байна, газраа алдах гээд байна" гэж ирж уулзсан. "Г-" ХХК-аас тус барилгын суурийн хэсэгт хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч, барилгын бусад давхрыг Д.Ж- нь өөр хөрөнгө оруулагчтай харилцан тохиролцож барилгыг барихаар болсон. Ингээд 36 айлын барилгын ажлыг дууссаны дараа хөрөнгө оруулалт хийсэн хэмжээгээр мөнгөн дүнд тэнцүүлэн хувааж авахаар болсон.

Д.Ж- нь тухайн үед шинээр байгуулагдаад удаагүй байсан "Л-" ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр болж, Г- ХХК-аас "Л- ХХК-д барилга угсралтын ажлын хөлс 24,000,000 төгрөг төлсөн. Мөн 2014 оны 06 сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нийт 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалтыг дээрх барилгад хийсэн.

Гэтэл дээрх барилгын бусад давхарт хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулалт хийх этгээдүүд байхгүй болсон гэх үндэслэлээр барилгын ажил зогссон. Д.Ж- нь 2021 оны 09 сарын 07-ны өдөр манай компанид баталгаа гаргаж "Иргэн Д.Ж- миний БЗД-ийн 25 дугаар хороо******* тоот хаягтай газарт 36 айлын орон сууцны барилгын ажилд танай компаниас 170,005,654,07 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ... хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж байна" гэсэн баримт үйлдсэн. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22-т зааснаар "Г-" ХХК нь барилгын хөрөнгө оруулагч бөгөөд үүнийг хариуцагчаас хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хөрөнгө оруулагч "Г- ХХК-ийг гүйцэтгэгч гэж дүгнэж, хууль зүйн буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

6.2. Шинжээч Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш, 3.Г нарын дүгнэлтэд "... Суурийн ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй мөн орон сууцны 76 дугаар барилгатай хэт ойр төлөвлөсөнөөс болж барилга хоорондын зай хэмжээ хангагдахгүй болсноор одоо байгаа 2 давхар дээр давхар нэмэх боломжгүй. Зоорийн давхрыг гүйцэтгэснээс хойш Х ХХК нь 1 болон 2 давхрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ олон нийтийн барилга болгон дотор өрөөний хуваарилалтыг өөрчилсөн. Мөн зоорийн давхрыг анхны зураг төслийн гараашийн зориулалтаар ашиглах боломжгүй буюу гарааш руу орох пандус хийх газаргүй. Зураг төсөлд өөрчлөлт оруулах замаар барилгыг үргэлжлүүлэн нэмж 9 давхар болгон орон сууц болгох боломжгүй. Тус барилгын зургийг дахин шинээр гаргуулах шаардлагагүй бөгөөд шинэчлэн зураг төслийг гаргуулснаар Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох норм, дүрмийг зөрчинө" гэж тус тус дүгнэсэн. Тус дүгнэлтээс үзэхэд маргааны зүйл болох 36 айлын орон сууцны барилга нь зэрэгцээ орших орон сууцны 76 дугаар барилгатай хэт ойр төлөвлөснөөс болж барилга баригдах боломжгүй болсон нь хөрөнгө оруулагч талд хамааралгүй юм.

6.3. Хариуцагч Д.Ж- нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т зааснаар барилгын захиалагч байна. Гэтэл барилгын захиалагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд тус тус заасан чиг үүрэг, эрх үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүй, ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг арилгах талаар арга хэмжээ аваагүй байдаг.

Шүүхийн шийдвэрт Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.19-т "барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах", мөн 37.1.5-д "барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах" гэж тус тус заасныг захиалагч хүлээнэ гэж заасан. Захиалагч Д.Ж- нь дээрх хуульд зааснаар барилгын ажлын гүйцэтгэлд хяналтаа тавьж, ил далд ажлын актыг өөртөө баталгаажуулах замаар барилгын материал, хийц бүтэцтэй холбоотой хяналтыг хийлгэх нь түүний үүрэг байна" гэж, мөн Г-" ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын суурь, зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж болон далд ажлын актуудыг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй" гэж тус тус шүүх дүгнэсэн.

Хариуцагчийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйлдлийг шүүх ийнхүү нэгэнт тогтоосон.

6.4. Шинжээч Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш, 3.Г нарын дүгнэлтэд "Иргэн Д.Ж-ын захиалгатай барилга зоорь бүхий 2 давхар /үзлэгийн үед/ барилгад Өрхийн эрүүл мэндийн төрийн үйл ажиллагааг явуулж байгаа нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгааг дүгнэсэн.

Мөн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т зааснаар хариуцагч нь Барилгын тухай хуулийг зөрчиж орон сууцны барилгыг ашиглан орлого олж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй, барилгаас ашиг олж байгаа нь тус барилгын "Л-" ХХК-ийн ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзсэн нь нотлогдож байгааг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

6.5. Шийдвэрт "Захиалагч Д.Ж- нь Х- ХХК-аар 36 айлын орон сууцны барилгын эскиз зургийг боловсруулах ажлыг 54,885,020 төгрөгөөр гүйцэтгүүлсэн нь "Х-" ХХК-ийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 14/22 тоот тодорхойлолтоор тогтоогдсон", "Гүйцэтгэгч "Г-" ХХК нь "Х- ХХК-иар иргэн Д.Ж-ын 36 айлын орон сууцны барилгын эскиз зургийг боловсруулах ажлын хөлс 54,885,020 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний талаар маргаагүй, үгүйсгэсэн баримтыг хэрэгт гаргаагүй гэсэн. Хариуцагч нь "Х-" ХХК-ийн боловсруулсан эскиз зургийн дагуу барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүйгээс үүдэн уг зургийг боловсруулахад төлөх ажлын хөлсөөр хохирч, "Х-" ХХК-д 10,000,000 төгрөг бэлнээр төлсөн, үлдэх төлбөрийг барилгыг барьж дуусгасны дараа орон сууц өгөхөөр тохирсон, одоо барилга баригдах боломжгүй болсон тул хөлсийг мөнгөн хэлбэрээр өгөх болж байна" гэдэг. Хариуцагч нь "Х-" ХХК-тай холбогдох гэрээг байгуулсан баримт хэрэгт авагдаагүй. Мөн 10,000,000 төгрөгийн хөлс төлсөн баримтаа шүүхэд гарган өгөөгүй байхад хариуцагчийн тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

"Х-" ХХК нь Д.Ж-аас 54,885,020 төгрөгийг нэхэмжилж шаардсан зүйл байдаггүй. Нөгөөтэйгүүр хариуцагч Д.Ж- нь "Х- ХХК-аар зураг төсөл зохиогчийн хувьд хяналтыг тавьж байсан тухай нотлох баримтыг гаргаагүй учир мөнгө төлөх эсэх нь эргэлзээтэй, хохирол учирсан гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Л- ХХК гэх туслан гүйцэтгэгч компанийн талаар мэдэхгүй. Шүүх баталгаа болон түүний агуулгыг зөв тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт дээр тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Х- ХХК-аас тодорхойлолт гаргаж өгсөн. Зураг төслийн ажлыг тодорхой нэг компани өөрийн хүссэн дүнгээр гүйцэтгэдэг зүйл биш бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвөөс баталсан Монгол Улсын стандарт, норм, дүрмээр,суурь үнэлгээг тодорхой зохицуулсан. Хэрэв уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зураг төслийн ажлын бодитой үнэлгээг тогтоолгох эрх нь нээлттэй байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй. Иймээс давж заалдах шатны шүүх хуралдаанд зураг төслийн үнэ 54,000,000 төгрөг бодитой бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Энэ асуудлыг нэхэмжлэгч компанид хэлсээр, нэхэмжлэгч асуудлыг шийднэ гэсээр ирсэн. Эцэст нь 2021 оны 09 сарын 07-ны өдөр баталгаа бичүүлж авсан. Баталгааны хугацаа бичүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаагаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой хариуцагчаас дахин зардал гарах учраас барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүйг шинжээч дүгнэлтдээ тодорхой дурдсан. Суурийн ажил зургаас өөрөөр цутгагдсан. Энэ 76 байр баригдчихсан, суурийн ажил эхэлж байх үед оршин суугчдын зүгээс маргаан гараад Д.Ж-д олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх актын ажлыг хүчингүй болгуулъя гэдэг маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 170,000,000 төгрөгийн асуудалд хөрөнгө оруулалт хийгээд зардал гарган барилгын суурийн ажлыг цутгасанд маргаагүй. Гэхдээ гүйцэтгэгч компани барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үедээ алдаа гаргасан учир хариуцагч учирсан хохирлоо нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан гаргасан 170,005,654 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, барилгын эскиз зураг өөрчлөн батлуулах, эскиз зургийн дагуу иж бүрэн ажлын зураг хийлгэх, уг зургийг магадлалаар оруулж дүгнэлт гаргуулах, суурь болон зоорийн давхарт хийсэн ажлын материалуудын сертификат, бетоны маркийн тодорхойлолт, дээж, далд ажлын актуудыг гаргуулах, өмнө хийлгэсэн иж бүрэн зургийн үнэ 54,885,020 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талууд гэрээг бичгээр байгуулаагүй ч Д.Ж- нь өөрийн өмчлөлийн *******,******* тоотод байх 274 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт ******* давхар орон сууц барих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авч, уг барилгын ажлын гүйцэтгэгчээр Г- ХХК, барилгын зураг, төсөл зохиогчоор Х- ХХК тус тус ажиллахаар болсон, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 08 сарын 23-ны өдрийн ******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон, нэхэмжлэгч Г- ХХК уг орон сууцны барилгын суурь болон, зоорийн давхрын ажлыг гүйцэтгэхэд 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болон орон сууц ашиглалтад орох үед ашгийг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө авахаар тохиролцсон байна. /1хх 9, 60-83, 156-215, 2хх.18-73/

 

4. Энэ тохиролцооноос дүгнэвэл хариуцагч нь ******* орон сууцны барилга барих зөвшөөрөл бүхий өөрийн өмчлөлийн 274 м.кв талбайтай газраар, нэхэмжлэгч уг барилгын суурийн болон зоорийн давхарын ажлыг гүйцэтгэх байдлаар хөрөнгө оруулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулснаас гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөрөнгө оруулалтыг буцаан гаргуулах гэж тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд ...барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гарсны дараа Г- ХХК-тай хамтран ажиллахаар болж барилгын ажлыг эхлүүлсэн... гэсэн талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдгээний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Гэтэл анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзэж давж заалдах шатны шүүх зөвтгөв.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан тул зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж болно..

 

5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн газарт баригдах 36 айлын орон сууцны барилгын суурийн болон зоорийн давхрын барилга угсралтын ажлыг 2014 оноос 2016 оны хооронд 170,005,654 төгрөгөөр гүйцэтгэсэн нь зохигчийн тайлбар, хариуцагч Д.Ж-ын 2021 оны 09 сарын 07-ны өдөр Г- ХХК-д гаргасан баталгаанд ...миний ******* тоот хаягтай газарт 36 айлын орон сууцны барилгын ажилд танай компаниас 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилгын суурийн ажил зоорийн давхрын угсралтын ажил хийснийг хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж байна гэсэн баримт, гэрч Г.Т-ийн ...би Г- ХХК-д 2014 оны 06 сараас 2015 оны 08 сар хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилласан. Энэ хугацаанд манай компани одоо ярьж байгаа 36 айлын орон сууцны барилгын зоорь, суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн... гэсэн мэдүүлгээр тогтоогдсоныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Түүнчлэн нэхэмжлэгч дээрх барилга угсралтын ажлыг Л- ХХК-аар гүйцэтгүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй ч хэнээр гүйцэтгүүлснээс үл хамаарч хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ нэхэмжлэгч бодитоор биелүүлж гэрээнд заасан үүргээ гүйцэтгэжээ.

 

6. Талууд хамтын үйл ажиллагааг 2016 онд дуусгавар болгож Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан талаар маргаагүй бөгөөд гэрээг цуцлах болсон шалтгааныг нэхэмжлэгчээс ...****** орон сууцны барилгын суурийн ажил, зоорийн давхрын угсралтын ажил болон 1 давхрын ажлыг гүйцэтгүүлж, Д.Ж- нь бусад давхрын ажлыг өөр хүн, хуулийн этгээдээс хөрөнгө оруулалт авч барилгын ажлыг дуусгахаар тохиролцсон... гэсэн бол хариуцагч талаас ...нэхэмжлэгч орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүйгээс барилгын ажил бүрэн зогссон. Гүйцэтгэгч хэмжээ алдаж улаан шугам хэтрүүлсэн дээрх асуудлыг шийдвэрлэхээр нэхэмжлэгчтэй ярилцахыг хичээсэн ч ойлголцохгүй өнөөдрийг хүрсэн... гэсэн агуулгаар илэрхийлжээ.

6.1. Нэхэмжлэгч Г- ХХК нь дээрх барилга угсралтын ажлыг Х- ХХК-ийн боловсруулсан эскиз, зураг төслийн дагуу гүйцэтгээгүйн улмаас барилгыг 2 дугаар давхраас дээш үргэлжлүүлэн барих боломжгүй болсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчдийн дараах дүгнэлтээр тогтоогджээ.

Шинжээч Х ХХК-ийн 2023 оны 166 тоот дүгнэлтэд ...барилга нь Х- ХХК-ийн зураг төслөөр суурийн хэмжээ нь тэнхлэгээрээ 12х18м, 9 давхар, консольгүй ... төлөвлөгджээ. Барилгын 1-р давхрыг барихдаа зэрэгцээ байх 76-р байрны тагт хэсэгт тулсан тул баганыг өөрчилсөн ... барилга консольгүй төлөвлөгдсөн боловч зоорийн давхрын хучилтаас эхэлж консоль гаргасан ... барилгын зоорийн давхрыг Х- ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй байна гэж,

мөн шинжээч Хотын стандарт, хяналтын газар-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш, З.Г нарын 2023 оны дүгнэлтэд ...барилга нь гадна хэмжилтээр 17.58х12.60 м, консоль хэсгээр 18.76 м ба зураг төсөлд тусгагдсан пандус хийгдээгүй, зоорийн давхрын хаалгыг баруун хойд хэсгээр орохоор өөрчилсөн, хэмжилтээр зоорийн газрын түвшин +- түвшнээс доош 1.73 м суусан, лифтний хөндий 2.6х2.16 м, обьект нь 76-р барилгатай баруун урд хэсгээр 1.3 м, зүүн урд хэсгээр 0.98 м байгаа батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй байна. Суурийн ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, мөн 76-р барилгатай хэт ойр төлөвлөснөөс барилга хоорондын зай хангагдахгүй болсноор 2 давхар дээр нэмж давхар нэмэх боломжгүй. Мөн зураг төсөлд өөрчлөлт оруулах замаар барилгыг үргэлжлүүлэн 9 давхар болгон орон сууц болгох боломжгүй... гэж дүгнэжээ.

Дээрхээс үндэслэн нэхэмжлэгч Г- ХХК нь Барилгын тухай /2008 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан байх, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна гэснийг болон талууд 2016 онд барилгын суурь, зоорийн давхрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусахаас өмнө шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д барилгын ажлыг баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх гэж заасныг зөрчиж барилгын ажил гүйцэтгэсэн болохыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

6.2. Хариуцагч Д.Ж- нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны ******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-д заасан барилгын захиалагчийн хувьд шинжээчийн дүгнэлтэд заасан зөрчил, доголдол бий болоход Барилгын тухай хуульд заасан захиалагчийн хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь нөлөөлсөн гэж үзнэ.

Тодруулбал, Барилгын тухай /2008 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т зааснаар барилгын захиалагч нь барилга байгууламж барих газрын техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах болон барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах-аар заасан үүргээ биелүүлээгүй нь түүний шүүх хуралдаанд суурийн ажил хийгээд газар ухах үед очиж үзээгүй, хэмжилт хийгээгүй гэх болон 2016 онд Х- ХХК барилга нь юу болж байна гээд дуудсан. Тэгээд очиж үзсэн, тэр үед л мэдсэн гэж тайлбарласнаар тогтоогдсон байна. Түүнчлэн хариуцагч нь барилга захиалагчийн хяналтыг өөрөөр хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд мөн /2008 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх үүргээ мөн хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь барилгын суурь болон зоорийн давхрын ажлыг 2014-2016 оны хооронд гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаанд шинээр батлагдсан Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5-д зааснаар хариуцагч нь барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчтэй барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээ байгуулаагүй, мөн барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгээгүй нь барилгын зураг төслийн зохиогч Х- ХХК-ийн хүсэлтийн дагуу барилгын үйл ажиллагаатай танилцсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Д.Ж-ыг 2013 оны ******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-д заасан ******* орон сууцны барилга баригдах боломжгүй болсонд мөн буруутай гэж дүгнэнэ.

 

7. Талууд хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон үр дүнд хүрээгүй, зохигчийн хэн алины буруутай үйл ажиллагааны улмаас хамтын үйл ажиллагаа дуусгавар болсонтой холбоотой нэхэмжлэгч Г- ХХК-ийн хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад барилгад 170,005,654 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг хариуцагч Д.Ж- маргаагүй, төлбөрийг буцаан төлөхөөс татгалзахгүй гэжээ. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон нөхцөлд талууд үлдэх хөрөнгийг хуваарилахаар зохицуулсан ба нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтаар баригдсан суурь, зоорийн давхрын хэсгийн барилга угсралтын ажлын үр дүн хариуцагчид үлдсэнийг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч Д.Ж-аас 170,005,654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

Харин Х- ХХК-ийн боловсруулсан эскиз, зургийн дагуу нэхэмжлэгч барилгын ажлыг гүйцэтгээгүйгээс барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй болж, Х- ХХК-ийн боловсруулсан эскиз, зураг ач холбогдолгүй болсон үндэслэлээр хариуцагч зургийн үнэ 54,885,020 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээ цуцлагдсанд зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж нөхцөл байдлыг буруу дүгнэж, нэхэмжлэгчээс 58,885,020 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өмнө дүгнэснээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болоход зохигчийн хэн аль нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг цуцалсан, иймээс гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагавар, хохирлыг гэрээний талууд хамтран хариуцах үүрэгтэй. Гэрээ дуусгавар болсны үр дагаврыг хариуцагч шаардсан учир Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол арилгах асуудлыг шийдвэрлэх учиртай. Дээрх *******орон сууцны барилгын эскиз, зураг төсөл боловсруулсны үнэ 54,885,020 төгрөгийг Х- ХХК-д төлөх хариуцагчийн үүргийг нэхэмжлэгч дангаар хариуцахгүй, талууд хамтран хариуцах учир уг үнийн 50 хувь 27,442,510 төгрөгийг нэхэмжлэгч Г- ХХК-аас гаргуулан хариуцагч Д.Ж-д олгох нь зүйтэй.

 

8. Иймээс нэхэмжлэгчээс 54,885,020 төгрөгийн хохирол гаргуулахтай холбоотой үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн гэх нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүх буруу тодорхойлсныг залруулж, нэхэмжлэгч Г- ХХК-аас 27,442,510 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ж-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/01709 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ж-аас 170,005,654 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д, нэхэмжлэгч Г- ХХК-аас 27,442,510 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ж-д тус тус олгож гэж өөрчилж,

2 дахь заалтын ...432,375 төгрөг... гэснийг 295,163 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ