Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01197

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01197

 

Ш.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/01091 дугаар шийдвэртэй

Ш.Ц-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Ш.Ц-аас 168,608,000 төгрөг гаргуулан Г б- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох ********** байх 128 м.кв талбайтай хувийн сууц болон 300 м.кв газрыг В   ХХК-аар 2023 оны 05 сард үнэлүүлж 168,050,000 төгрөгөөр үнийг тогтоожээ.

Манай үл хөдлөх эд хөрөнгө нь сургууль, эмнэлэг хоёрын дунд байрлалтай, газарт орж дахин төлөвлөлтөд хамрагдсан байхад В в- ХХК нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн учир би Д- ХХК-аар 2023 оны 07 сард үнэлүүлэхэд 232,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд В в- ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжаар Ш.Ц-, Ц.А нараас 168,608,090 төгрөгийг гаргуулж Г б- ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох ********* 128 м.кв талбайтай хувийн сууц, мөн улсын бүртгэлийн ********* дугаартай 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн В в- ХХК-ийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4974 дугаар захирамжийг биелүүлэхээр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *********байх 128 м.кв талбайтай хувийн орон сууц, 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг В в- ХХК-аар үнэлгээ хийлгэн 168,050,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Гэвч тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байсан. Шүүх барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит ханшаас хэт доогуур, илтэд багаар үнэлсэн үндэслэлээ гомдолдоо хавсаргаж ирүүлээгүй гэж нэхэмжлэлийг 3 удаа татгалзсан. Иймд би 2023 оны 07 сард дээрх объектыг Д- ХХК-аар үнэлүүлэхэд 232,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүх нэг объектод 2 өөр үнэлгээ тогтоосон байхад маргааныг шийдэхийн тулд 2 шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй. Мөн шүүх анхнаасаа хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэсэн гомдлын үндэслэлээ тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн атлаа би үнэлүүлсэн баримтаа гаргаж өгөхөд энэ баримтын талаар огт яриагүй, тодруулалгүй хэргийг шийдсэнд гомдолтой байна. Үнэлгээг дахин үнэлүүлэх нь хэрэгт ач холбогдолгүй юм бол яах гэж баримт, нотолгоо шаарсан юм бэ, мөн ямар учраас Д- ХХК-ийн үнэлгээг үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч Ш.Ц-, Ц.А нараас 168,608,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б- ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр НШШГГ- 2023 оны 02 сарын 08-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон. Энэ тухай талууд маргаагүй.

Харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хариуцагч талаас 2024 оны 02 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд ...үнэлгээний тайланг 2023 оны 05 сарын 26-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн, нэхэмжлэгч нь үнэлгээний тайланг мэдэгдсэнээс хойш 54 хоногийн дараа шүүхэд гомдол гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, үнэлгээний мэдэгдлийг аваад шүүхэд гомдол гаргасан ч шүүх хүлээж аваагүй, 2 удаа үнэлгээгээ авчир гэж гомдлыг буцаасан, буцаасан баримт нь надад байгаа, шүүх хурал хойшилно гэж бодож ирсэн гэж тайлбарласан, мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүх нэхэмжлэлийг 3 удаа татгалзсан гэжээ.

5.1. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид үнэлгээний тайлангийн талаар 2023 оны 05 сарын 25-ны өдөр мэдэгдэж, 26-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн үнэлгээний тайлантай танилцсан хугацааг 2023 оны 05 сарын 26-ны өдөр гэж үзнэ.

5.2. Ш.Ц- нь 2023 оны 07 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 08 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024 оны 01 сарын 23-ны өдөр шийдвэрлэж, шүүх хуралдааныг мөн өдөр товлосон байна. Тус товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцож хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангаснаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 13:30 цагт товложээ. Шүүх нэхэмжлэгч Ш.Ц-ад мөн өдрийн шүүх хуралдаанаар хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

2024 оны 02 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т оролцож, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах хүсэлт гаргаснаар мөн шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 17:00 цагт товложээ. Гэвч төлөөлөгчөөс шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Харин төлөөлөгч хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэлгээчнийг оролцуулахаар шүүх хуралдаанд хүсэлт гаргасныг шүүх хангаагүй байна.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Ц- үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн гомдлоо 2023 оны 06 сарын 04-ний өдөрт багтаан шүүхэд гаргах байтал 2023 оны 07 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хуульд заасан хугацааг 62 хоногоор хэтрүүлжээ. Иймээс нэхэмжлэгч нь ********128 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших 300 м.кв талбайтай газрын зах зээлийн үнэлгээг 168,050,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний В в- ХХК-ийн үнэлгээний тайлангийн талаар шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан байна

5.4. Үүнээс гадна дээр дурдсанаар нэхэмжлэгч талаас үнэлгээний мэдэгдлийг аваад шүүхэд гомдол гаргасан ч 3 удаа татгалзсан, буцаасан баримт байгаа, шүүх хурал хойшилно гэж бодож ирсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаснаас үзвэл Шүүхийн шивэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан буюу гомдол гаргах хөөн хэлэлцэх хэтрүүлээгүй тухай баримтыг шүүхэд гаргах боломжтой байхад гаргаагүй гэж үзэхээр байна.

Учир нь шүүх нэхэмжлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан өгснөөс хойш 36 хоног, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нотлох баримт гаргах хүсэлт гаргаснаас хойш 12 хоногийн хугацаанд холбогдох баримтаа шүүхэд гаргах боломжтой байжээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  16285, 16694, 17165 дугаартай захирамжуудыг хавсаргасныг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авахгүй, мөн үнэлэхгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хувийн сууц, газрын үнэлгээг В в- ХХК-аар хийлгэхэд уг хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 168,050,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон гэж нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан.

Нэхэмжлэгчээс маргаж буй хувийн сууц, газрын зах зээлийн үнэлгээ 231,882,842 төгрөг болохыг нотолж Д- ХХК-ийн 2023 оны 07 сарын 27-ны өдрийн 23-152 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгүүдийн үнийн талаар тохиролцоогүй учир хариуцагч 2023 оны 05 сарын 22-ны өдөр В в- ХХК-ийн үнэлгээчин О.Б-г шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хэрэгт авагдсан В в- ХХК, Д- ХХК-иудын хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг харьцуулан дүгнэж В в- ХХК-ийн үнэлгээний тайланг хэрэгт ач холбогдол бүхий гэж анхан шатны шүүх дүгнэснийг дараах үндэслэлээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж үзлээ.

6.1. Д- ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 7-д үнэлэгдэж буй ************* хаягтай, улсын бүртгэлийн ************ дугаартай, 128 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн *************** дугаартай, 300 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон газар гэж тодорхойлжээ. Улмаар хөрөнгүүдийг үнэлэхдээ өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргуудаар тооцоолох үндэслэлгүй, ач холбогдолгүй гэж үзсэнийг тайлангийн 12-14 дэх хэсэгт дурджээ.

6.2. Тайлангийн 15-т хөрөнгүүдийг үнэлэхдээ (22-т) хувийн сууцыг өртгийн хандлагын аргын зардлын хандлагаар үнэлж 65,028,096 төгрөгөөр, газрыг (23-т) уг аргын суурь үнэ тогтоох аргачлалаар үнэлж 22,086,000 төгрөгөөр үнэлж, (24-т) өртгийн хандлагын аргаар дээрх хөрөнгүүдийг үнэлэхэд 87,114,096 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон. Мөн тайлангийн 25-д дурдсанаар нэхэмжлэгчийн өмчлөлийн тус 128 м.кв талбайтай хувийн сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байна. Ингэхдээ тус хувийн сууцтай ойролцоо байршилд буюу *********** байрлах 2 хувийн сууцын худалдах үнэтэй харьцуулан үнэлэх замаар дээрх 128 м.кв хувийн сууцыг 231,882,842 төгрөгийн үнэтэй гэж тогтоожээ. Энэ үнэлгээнд 300 м.кв газрын үнэлгээ багтсан эсэх нь тодорхойгүй байна.

Д- ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 26-д үнэлэгдэж буй хувийн сууц, газрын үнэлгээг нэгтгэн гаргахдаа хувийн сууцыг өртгийн хандлагаар 87,114,096 төгрөг, зах зээлийн хандлагаар 231,882,842 төгрөг, үнэлгээний дүн 231,882,842 төгрөг гэж тооцжээ.

6.3. Хөрөнгийн үнэлгээний В в- ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.1.1-д үнэлэгдэж буй хөрөнгийг мөн ********* хаягтай, улсын бүртгэлийн ********* дугаартай, 128 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 300 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон газар гэж тодорхойлсон. Улмаар хөрөнгүүдийг үнэлэхдээ өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргуудаар харьцуулан үнэлснийг тайлангийн 5-д дурдсан байна.

6.4. Тус тайлангийн 6-д зааснаар хөрөнгүүдийг өртгийн хандлагын аргаар үнэлэхдээ хувийн сууцыг 67,737,600 төгрөг, газрыг 3,307,500 төгрөг, нийт 71,045,100 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон. Харин орлогын хандлагын аргаар тус хувийн сууц, газрыг бусдад түрээслүүлсэн нөхцөлд нэг сарын 1,322,751 төгрөг, нэг жилд 15,873,016 төгрөгийн орлого олох боломжит байдлыг тодорхойлох замаар хөрөнгүүдийн үнэ цэнийг 95,938,327 төгрөгөөр тогтоожээ. Мөн зах зээлийн хандлагын аргаар хувийн сууц, газрын үнэлгээг гаргахдаа ******* байрлах 2 хувийн сууц, газартай харьцуулан үнэлж 100,314,226 төгрөгөөр үнэлгээг гаргасан байна.

Тус үнэлгээний тайлангийн хөрөнгийн үнэлгээний нэгтгэл хэсэгт үнэлэгдэж буй 128 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай газрыг өртгийн хандлагын аргаар үнэлж 67,737,600 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар үнэлж 100,314,226 төгрөг болсныг нэгтгэн дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг (67,737,600+100,051,826) 168,051,826 төгрөгөөр тогтоосон байна.

6.5. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг харьцуулан дүгнэхэд Д- ХХК-ийн тайланд хуульд заасан 3 аргаар хөрөнгүүдийг үнэлэх нь ач холбогдолгүй, тооцоолох боломжгүйг дурдсан боловч хувийн сууцыг өртгийн хандлагын аргаар 231,882,842 төгрөгөөр үнэлэхдээ 300 м.кв газрыг хамруулсан эсэх нь тодорхойгүй болжээ. Энэ нь Д- ХХК-ийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Харин В в- ХХК-ийн тайланд хөрөнгүүдийг ямар аргаар, хэрхэн үнэлснийг тодорхой тусгаж, өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар тус бүрд нь үнэлэх байдлаар хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг нэгтгэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэлтэй болон үнэлгээ тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тайланд тусгах, хөрөнгийн үнэлгээг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг бүрэн тусгасан, өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасантай нийцсэн байна.

6.6. Нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгүүдийг Д- ХХК 232,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүх нэг объектод 2 өөр үнэлгээ тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн атлаа үнэлүүлсэн баримтаа гаргаж өгөхөд энэ талаар яриагүй, тодруулалгүй хэргийг шийдсэн, шүүх Д- ХХК-ийн үнэлгээг үгүйсгэсэн нь ойлгомжгүй... гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймээс хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Ц-ын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/01091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ