| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0357/Э |
| Дугаар | 347 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгон овогт Ч-ын О-д холбогдох эрүүгийн 1909013460380 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хаан банкинд харилцааны менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамжны 33 дугаар байрны 20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЦД 86120200 / Боржгон овогт Ч-н О нь:
- 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” караокед иргэн С.Цолмонтой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Цолмон мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Хаан” караокег түрээслэн ажиллуулж байна. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед караоке дээрээ ирэхэд манай 08 дугаартай өрөөнд Хаан банкны хүмүүс орсон байсан. Манай байгууллага дотоод журмынхаа дагуу шөнийн 03 цагт Хаан банкны хүмүүсийн өрөө рүү орж “Манайх хаах гэж байна. Та нар дуусгаараа” гэж манай зөөгч 2-3 удаа хэлсэн. Тэгээд 03 цаг 20 минут болчихоод байхад гарахгүй байхаар нь би өөрөө ороод “Намайг уучлаарай. Манайх хаалаа. Та нараас өөр хүн байхгүй байна” гэж хэлсэн. Намайг ороход Хаан банкны хоёр эмэгтэй ажилтан, өөр хоёр эрэгтэй хүнтэй сууж байсан. Нэг эмэгтэйгийнх нь нөхөр нь ирчихсэн өрөөнд сууж байсан хоёр залуугийн нэгийг нь манай эхнэртэй юу хийгээд байгаа юм бэ гээд цохиод байсан. Тэгсэн чинь хар өнгийн пальтотой эмэгтэй нь намайг “Чи муу тэнэг авгай. Зайлаач” гэж хэлээд миний зүүн нүд, уруул хэсэгт нэг, нэг удаа гараараа хүчтэй цохьсон. Би өрөөнөөс нь шууд гараад текен дээр очоод цагдаа дуудсан гэжээ. / хх 4-5 /
Гэрч Ч.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие 2019 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 24 цагийн орчимд Салм баарны хажуу талын караокед МБ, Эрка, Бат-Уянга, Отгонзаяа бид нар үлдээд гарах гэж байтал Бат-Уянгын нөхөр орж ирээд манай МБ-г цохиод авсан ба зөөгч нартай хамт орж ирсэн. Тэгсэн чинь нэг үл таних эмэгтэй бид нарыг аймаар доромжлоод байсан ба би найз Бат-Уянгын нөхрийг тайвшруулах гээд ядаж байхад буруу ойлголт өгөөд байсан. Тэгээд сүүлдээ доромжлоод байхаар нь гараараа цохьсон чинь цагдаад мэдэгдсэн гэжээ. / хх 6-7 /
Яллагдагч Ч.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хаан караокед өөрийн найз нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн газар нилээн сууж байтал манай найз Бат-Уянгын нөхөр нь орж ирээд манай эрэгтэй найз МБ-тэй /нэрийг нь мэдэхгүй гэх/ маргалдсан. Тэгсэн чинь гаднаас үл таних нэг эмэгтэй орж ирээд бид нарыг доромжлоод байсан ба би найз Бат-Уянгын нөхрийг тайвшруулах гээд ядаж байхад буруу ойлголт өгөөд байсан. Тэгээд сүүлдээ миний уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа цохьчихсон. Миний цохилт 2 газар туссан байж магадгүй. Би баруун гараараа тухайн эмэгтэйгийн нүүр хэсэг рүү нь дээрээс доошоо чиглэлтэй цохьсон. Тэр үед эхлээд нүд хэсгийг нь онож дараа нь уруул хэсгийг нь онож цохисон байх. Би цагдаагийн байгууллага дээр ирж согтуурал шалгах багажаар шалгаж үзэхэд 0.92 хувийн согтолттой байсан. Би бусдын биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 16-17 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4052 дугаар дүгнэлтэнд:
1. С.Цолмонгийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл
тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 9 /
Шүүгдэгч Ч.О 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20-21 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 25 / зэрэг болно.
Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 800.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” караокед иргэн С.Цолмонтой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би ороод “Намайг уучлаарай. Манайх хаалаа. Та нараас өөр хүн байхгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь хар өнгийн пальтотой эмэгтэй нь намайг “Чи муу тэнэг авгай. Зайлаач” гэж хэлээд миний зүүн нүд, зүүн уруул хэсэгт нэг, нэг удаа гараараа хүчтэй цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Цолмонгийн мэдүүлэг / хх 4-5 /, ...Нэг үл таних эмэгтэй бид нарыг доромжлоод байхаар нь гараараа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Отгонзаяагийн мэдүүлэг / хх 6-7 /, ... Би найз Бат-Уянгын нөхрийг тайвшруулах гээд ядаж байхад буруу ойлголт өгөөд байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа цохьчихсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ч.Отгонзаяагийн мэдүүлэг / хх 16-17 /, ...С.Цолмонгийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл
тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4052 дугаар дүгнэлт / хх 9 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Онь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Ч.О-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Ч-ын О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Отгонзаяад оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.О нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ