Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01234

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01234

 

Х.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/01915 дугаар шийдвэртэй

Х.Д-ын нэхэмжлэлтэй,Г.Э-ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 21,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, нэхэмжлэгчээс 15,793,367 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2016 оны 10 сараас 2017 оны 6 сар хүртэлх хугацаанд 9,500,000 төгрөгийг дансаар, мөн 2019 оны 08 сарын 03-ны өдөр 11,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 21,000,000 төгрөгийгГ.Э-ад зээлдүүлсэн. 2019 оны 08 сарын 03-ны өдөрГ.Э-тай төлбөр барагдуулах хэлцэл хийж 11,500,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлснийг баталж, надад уг мөнгийг 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл тохиролцсон хугацаанд мөнгөө төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчГ.Э-аас зээлийн төлбөр 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчээс ямар нэгэн төлбөр, мөнгө аваагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:Г.Э- нь 2016 оны 02 сарын 04-ний өдөр 1,950 доллар, 2016 оны 01 сарын 29-ний өдөр 5,500 ам.долларыг тус тус Х.Д-д зээлдүүлж, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. 1,950 ам.долларын 1 сарын хүү 117 ам.доллар бөгөөд 3 сарын хүү 351 ам.доллар болно. Төлбөрийг 2016 оны 05 сарын 04-ний өдөр төлөхөөр байсан ч 2016 оны 05 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн ба төлбөр гүйцэтгэх 05 сарын 04-25-ны өдөр хүртэлх 21 хоногийн гүйцэтгээгүй үүрэгт 0.5 хувиар алданги тооцоход нэг өдрийн алданги 11.5 ам.доллар юм.

Үүнийг хэтрүүлсэн хоногоор үржүүлбэл 241,6 ам.доллар болсныг зээл, хүүг нэмэхэд 2,542.6 ам.доллар болно. Х.Д-ын төлсөн 5,000,000 төгрөгийг 1,997.83 төгрөгт хувааж ам.долларт шилжүүлбэл 2,503 ам.доллар болох ба зээлээс хасч тооцвол зээлээс 39.6 ам.доллар дутуу төлөгдсөн. Харин 2016 оны 01 сарын 29-ний өдөр 5,500 ам.долларыг нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба 3 сарын хүү 990 ам.доллар болно. Зээлийн нийт үлдэгдэл 6,529.6 /39.6+5,500+990/ ам.доллар бөгөөд Х.Д- 2016 оны 10 сарын 27-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөг нь /ханш 2,363.1/ 423.17 ам.доллар болсныг зээлээс хасвал 6,106.43 ам.доллар үлдэж байна. Дараа нь 2017 оны 05 сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг төлсөн нь /ханш 2,418.19/ 1,240.6 ам.доллар, 06 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлсөн нь /ханш 2,389.86/ 209.22 ам.доллар болсныг зээлээс хасхахад үлдэгдэл нь 4,656.6 ам.доллар байгаа.

Өнөөгийн ам.долларын ханш 3,391.36 төгрөгөөр зээлийг тооцоход 15,793.367.7 төгрөг болж байгаа тул Х.Д-аас зээлийн гэрээний үлдэгдэл 15,793,367.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 9,500,000 төгрөг зээлснийг төлсөн мэтээр тайлбарласныг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 2016 оны 01 сарын 29-нд 5,500 ам.доллар, 02 сарын 04-нд 1,950 ам.долларыг нэхэмжлэгчид зээлдүүлсэн гэжээ. Нэхэмжлэгчээс 2016 оны 01 сарын 29-нд 5,500 доллар, 02 сарын 04-нд 2,000 долларыг Б.Д-ид зээлдүүлсэн тухай зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн нь огноо, зээлдүүлсэн мөнгөний хэмжээ, хүү, алданги зэргээр адил бөгөөдГ.Э- нь нэхэмжлэгчээр дамжуулж Б.Д-ид 7,500 ам.доллар зээлдүүлж, Б.Д- нь уг мөнгийг хариуцагчид төлөх үүрэг хүлээсэн. Иймээс хариуцагч нь Б.Д-оос зээлээ шаардаж байсан нь хэргийн 87 талд авагдсан чатнаас харагдана.

Тиймээс нэхэмжлэгч 7,500 ам.долларыг хариуцагчаас зээлээгүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчГ.Э-аас 11,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлээс 9,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус зааснаар хариуцагчГ.Э-ын нэхэмжлэгч Х.Д-аас 15,792,206.9 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 262,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 236,917 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчГ.Э-аас 198,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлээс 11,500,000 төгрөгийг хангасныг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь 2016 оны 01 сарын 29-ний өдөр 5,500 доллар, 2016 оны 02 сарын 04-ний өдөр 1,950 ам.долларыг нэхэмжлэгчид зээлдүүлсэн тухай гар бичмэлд нэхэмжлэгч гарын үсэг зурсанд талууд маргаагүй, харин бодит байдалд хэрэгжээгүйг, тус 7,450 ам.долларыг хариуцагч нь нэхэмжлэгчид бус Б.Д-ид зээлдүүлсэн нь баримтаар нотлогддог.

Энэ нь шүүх хуралдаанд "...Г.Э-ын хувьд Х.Д-аас бус Н.Д-оос авах ёстой гэж ойлгоод яваад байсан...", "...Г.Э- Н.Д- ньГ.Э-ын хуурай ах...", "Г.Э- төлөөлүүлэх эрхийг Х.Д-аас авах ёстой байсан, Х.Д-ын хувьд төлөөлүүлэх эрхээ өгөөгүй... гэсэн тайлбарууд, мөн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд Д: чи эхлээд миний мөнгийг хүүтэй нь авснаа батлуул, хэмээн бичихэд хариуд нь Э: би зурна" гэх баримт болон бусад баримтаар нотлогддог. Иймээс тус 7,500 долларыг Х.Д- зээлж аваагүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Иймээс чГ.Э- нь Н.Д-оос зээлээ шаардсаар ирсэн.

Иймд 9,500,000 төгрөгийг хариуцагч өөрийн дансанд авсан нь тодорхой тусгагдсан тул нэхэмжлэлээс 9,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Шийдвэрт ...Хариуцагч нь 2016 оны 01 сарын 29-ний өдөр болон 2016 оны 02 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчээс шаардаж байх бөгөөд энэхүү сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тодруулбал эдгээр зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаарГ.Э- нь Х.Д-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, түүнчлэнГ.Э-ын дансанд Х.Д- болон түүний эхнэр П.Б-ийн Хаан банкны данснаас хамгийн сүүлд 2017 оны 06 сарын 05-ны өдөр зээлийн төлөлт хийгдэж, үүнээс хойш ч шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэргийн баримтаар хариуцагч зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл тогтоогдохгүй байна..." гэж дүгнэсэн. Болсон явдлын тухайд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 01 сарын 29-ний өдөр 5,500 ам.доллар, 2016 оны 02 сарын 04-ний өдөр 1,950 ам.доллар, нийт 7,450 ам.долларыг бэлнээр авч зээлийн гэрээг бичгээр байгуулсан.

Мөн энэ өдөр нэхэмжлэгч нь Б.Д-ид 7,500 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд 48-11 УБ улсын дугаартай авто ачигчийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээ дуусгавар болсныг 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 16/035 дугаар "А" ХХК-аас Б.Д- нь 20,000,000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд ***** улсын дугаартай авто ачигчийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлснээр тогтоогдох бөгөөд талууд зээлийн гэрээтэй холбоотой бусдад өр төлбөргүйг зээлийн гэрээнд дурдсан байдаг.

Дээрхээс дүгнэхэд Х.Д- нь Б.Д-ид 2016 оны 01 сарын 29-ний өдөр зээлийн гэрээгээр 7,500 ам.долларыг зээлүүлж, зээлээ 2016 оны 05 сарын 24-ний өдрөөс өмнө бүрэн барагдуулсан гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бичсэн чатанд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оныг хүртэлх хугацаанд Б.Д-оос мөнгөө авах ёстой гэх ойлголтыг өгч байсан. Мөн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгөө авсны дараагаар Б.Д-оос мөнгийг чинь гаргаж өгнө гэх ойлголтыг мөн өгсөн гэж үзэж байна.

Энэ нь нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 08 сард зээлдүүлсэн гэх 11,500,000 төгрөгийн үүргийг шаардаж, харин энэхүү үүрэг дуусгавар болсноор Б.Д-ид зээлдүүлсэн 7,500 ам.долларын төлбөрийг буцаан биелүүлэхээр татгалзлаа илэрхийлжээ. Үүнийг хариуцагчГ.Э- хүлээн зөвшөөрсөн буюу энэ өдрөөс эхлэн зээлүүлсэн мөнгөө дахин шаардаагүй байдаг.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар нэхэмжлэгчид хариуцагч нь өр төлбөрөө төлсний дараагаар хариуцагчийн шаардах эрх үүсэхээр буюу хөөн хэлэлцэх хугацаа энэ өдрийг хүртэл зогссон. Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч нь өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болсон. Гэтэл шүүхээс дээрх үйл баримтыг үл харгалзан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Долларын зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал огт яригдахгүй. Нэхэмжлэгчийн хувьд 9,500,000 төгрөгийгГ.Э-ад зээлдүүлсэн нь дансны хуулга, талуудын хооронд бичсэн чатаар тогтоогддог. Хэргийн 87 дахь талд авагдсан чатад Х.Д- ...чи эхлээд миний мөнгийг хүүтэй нь авсан гэдгээ батлуул гэхэд,Г.Э- ...би зурна гэж хариу чат бичсэн байдаг.Г.Э- Х.Д-д зээлдүүлсэн гэх ам.долларыг эргүүлэн шаардаж байгаагүй. Хариуцагчийн хувьд хэрэг маргааныг шийдвэрлүүлэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Х.Д- нь хариуцагчГ.Э-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мөн нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 4,656.6 ам.доллар буюу 15,793,367.7 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

4. Талуудын тайлбар, хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа хэрхэн үүссэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь зээл 9,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгч 7,450 ам.доллар зээлж авснаа буцаан төлсөн гэсэн үндэслэлээр татгалзаж, улмаар 7,450 ам.доллараас үлдэх 4,656.6 ам.долларыг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчаас 7,450 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгчээс 7,400 ам.долларыг иргэн Б.Д-ид шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагчид уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн этгээд нь нэхэмжлэгч, эсхүл Б.Д-ийн хэн нь болох талаар зохигч маргасан байна.

Иймээс шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхийн тулд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины тайлбарт дурдагдаж буй иргэн Б.Д-ид 7,400 ам.доллар шилжүүлсэн асуудлыг тодруулах нь хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтойгоос гадна зохигчийн хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэснээр Б.Д-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэхүйц байна.

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Б.Д-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа явуулсан ч түүний хаяг тодорхойгүйн улмаас оролцуулж чадаагүй байх ба дээр дурдсанаар маргааны үйл баримт тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх тодруулах шаардлагатай байсан гэж үзнэ.

6. Дээрх ажиллагааг анхан шатны шүүх явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх ба давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцээх замаар залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/01915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 166,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 237,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ