Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

 

 

     2019         03          22                                     2019/ШЦТ/273

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

шүүгдэгч: С.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт С.Нт холбогдох эрүүгийн 1909004500194 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, гуталчин мэргэжилтэй, гуталчинаар ажилладаг, ам бүл 6,  ..................... оршин суудаг, ял шийтгэлгүй, ........................ регистерийн дугаартай, Боржигон овогт С.Н.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч С.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 82 дугаар гудамжинд хохирогч Э.Мөнхсүлдтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь олон удаа цохиж, баруун нүдний дээд, доод зовхи, дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, шарх, хамрын нурууны зулгаралт /нөсөө/, хамрын угалз, зүүн шанааны зулгаралт, уруулын дээд хэсгийн цус хуралт, дээд уруулын язрал, 2 шүдний сулрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Мөнхсүлд /хх-ийн 10-15/,  гэрч Ч.Шүрэнцэцэг /хх-ийн 17/ нарын мэдүүлсэн мэдүүлэг,  С.Нын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1793 тоот дүгнэлт /хх-ийн 21/, С.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-41/, С.Нын хүсэлт /хх-ийн 60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 82 дугаар гудамжинд хохирогч Э.Мөнхсүлдтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан  үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Э.Мөнхсүлдийн /хх-ийн 10-15/: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ байж байсан чинь ажлын маань С.Н гэх залуу надтай гар утсаар ярьж холбогдоод “чи манайд хүрээд ирээ хоёулаа юм ярьж сууя” гэж хэлсэн гэсэн.  Тэгж хэлэхээр нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 82 дугаар гудамжны 110 тоотод нь очсон. Тэгээд С.Н нь намайг автобусны буудал дээр тосоод “манай гэрлүү хамт явья” гээд 82 дугаар гудамж руу дагуулж явж байгаад “намайг чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд шалтгаангүй нүүрэн тус газар луу маань цохиод өшиглөөд байсан. Дараа нь би “С.Ныг чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэж хэлсэн чинь С.Н нь хэлэхдээ “чиний нэрийг миний эхнэр дуудаад байна...” гэх мэдүүлгээр,

Гэрч Ч.Шүрэнцэцэгийн /хх-ийн 17/: “... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн оройны 19-20 цагийн үед манай нөхөр С.Н нь ажлын газрын найз С.Мөнхсүлдтэй гар утсаар холбогдож гэртээ дуудсан. ...Удалгүй Мөнхсүлд хашааны гадаа ирсэн чинь манай нөхөр Наранбаатар, Мөнхсүлдийг цохиод эхэлсэн..." гэх мэдүүлгээр,

 

С.Нын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4, 19-20/: “... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 20 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 82 дугаар гудамжны 110 тоот хашааныхаа гадаа цуг ажилдаг найз Э.Мөнхсүлдийг дуудсан. ...Тэгээд би Мөнхсүлдийг “хаашаа юм бэ гэр бүл үймүүлээд” гэж хэлэхэд Мөнхсүлд надад хандаж “тийм юм байхгүй шүү” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би Мөнхсүлдийн нүүр рүү нэг удаа баруун гараараа цохисон. Дараа нь бид хоёр хоорондоо зууралдаж байгаад миний машины хойд талын суудал дээр сууцгаагаад би  ахин “Мөнхсүлд чи дахин гэр бүл үймүүлэхээ больчих” гэж хэлсэн. Яг энэ үед эхнэр Ч.Шүрэнцэцэг нь Э.Мөнхсүлдэд хандаж “чи бид хоёр баригдчихсан шүү дээ” гэж хэлсэн чинь Мөнхсүлд “эхнэр Шүрэнцэцэгт маань үгүй чи юу яриад байгаа юм бэ?, ямар нотлох баримт байгаа юм” гэж хэлсэн. Үүний дараа би уурлаад Мөнхсүлдийн нүүр рүү 2-3 удаа цохисон ...” гэх мэдүүлгээр,

 

          “...Э.Мөнхсүлдийн биед баруун нүдний дээд, доод зовхи, дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, шарх, хамрын нурууны зулгаралт нөсөө, хамрын угалз, зүүн шанааны зулгаралт, уруулын дээд хэсгийн цус хуралт, дээд уруулын язрал, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1973 тоот дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.Нын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч С.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Мөнхсүлдийн “бид хоёр эвлэрсэн эвлэрсэн, ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ” гэсэн баримт хэргийн 61 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд С.Ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ