Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01235

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01235

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/01632 дугаар шийдвэртэй

Б.Г-ийн нэхэмжлэлтэй, ҮЦТХТ- ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Г- нь ҮЦТХТ- ХХК-д Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны ****** гэсэн ажлын байранд ажиллаж байсан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 10-ны өдрийн ** тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.6-д заасныг баримтлан эрх бүхий албан тушаалтан шаардсан, эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн гэдэг үндэслэл заасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Б.Г- нь хариуцагч байгууллагад худалдан авалт хариуцсан ажилтан байхдаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Одоо торгуулийн мөнгийг төлөөд явж байгаа ба 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Улмаар Б.Г- нь хавсран гүйцэтгэж байсан эрх бүхий албан тушаалтны ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ***** тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан ба тухайн үед байгууллагаас эрх бүхий албан тушаалтан биш учир үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой гэсэн хариу өгсөн байдаг.

Б.Г-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, тушаалд энэ талаар заагаагүй тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 10-ны өдрийн ** тоот тушаалаар Б.Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ***** тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Сангийн яамны 2023 оны 03 сарын 22-ны өдрийн **** тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн **** тоот албан бичгээр Б.Г-ийг ажлаас чөлөөлөхөөр эрх бүхий этгээд шаардсан гэж үзэж байгаа.

Б.Г- нь компанийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тухайн үеийн гүйцэтгэх захирал Ж.Б-, ТУЗ-ийн гишүүн П.Г-, ерөнхий нягтлан бодогч А.С- нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерийг худалдан авах үйл ажиллагааг 2018 онд зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ТУЗ-ийн дарга П.Г-ийн эзэмшлийн Т С- ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, гэрээ байгуулалгүйгээр 25,350,000 төгрөгийн санхүүжилт олгуулж, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож, торгуулийн болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялаар шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Шийтгэх тогтоолд Б.Г-ийн ажил, албан тушаалыг нийтийн албан тушаал болохыг дүгнэсэн. Б.Г-ийн хувьд тухайн үедээ ажлаас чөлөөлөгдөх байтал өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, эрүүгийн ял шийтгэл нь нийтийн албанд 2 жил ажиллах эрхийг хассан хугацаа нь дуусаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ҮЦТХТ-" ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрт "Хариуцагч ҮЦТХТ ХХК нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд нийтийн алба гэж үзэхээр байна, нэхэмжлэгч Б.Г- нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хариуцагч ҮЦТХТ ХХК-д ажиллах боломжгүй, 2 жилийн хугацаанд нийтийн албанд эргэн томилогдох эрхээ хязгаарлуулсан этгээд байна" гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг" гээд 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна" гэж заасан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна" гэж заасан бөгөөд мөн зүйлийн 4.1.3 дахь хэсэгт "төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан" гэж тодорхойлон заасан бөгөөд өөрөөр хэлбэл зөвхөн эдгээр албан тушаалтныг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүйг тайлбарлан мэтгэлцэж, нотлох баримтаа гарган шүүх хуралдаанд оролцсон бөгөөд Засгийн газрын хэрэг хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 02/444 тоот Шийдвэр хянуулах тухай албан бичиг болон хариуцагч ҮЦТХТ-ийн дүрэм зэргийг шүүх үнэлэлгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Засгийн газрын хэрэг хяналт хэрэгжүүлэх газрын дээрх 02/444 тоот албан бичигт нэхэмжлэгчийг Авлигын эсрэг хуулийн 4.1.3-т заасан нийтийн албан тушаалтан биш болохыг дурдсан ба ҮЦТХТ ХХК-ийн дүрмийн 9.1-д "Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, албаны захирлууд, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг компанийн эрх бүхийн албан тушаалтанд тооцно" гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга буюу компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарч байсан ба ял шийтгэгдсэнтэй холбогдуулан өөрийн хүсэлтээр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. "ҮЦТХТ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2-т зааснаар нэхэмжлэгчийн одоогийн ажиллаж буй теллер-3 гэсэн албан тушаал нь гүйцэтгэх албанд хамаарах бөгөөд нийтийн албан тушаал биш байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д заасныг үндэслэн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Б.Г-ийн нийтийн албан тушаалтан мөн, биш эсэх талаар маргаагүй, мөн хөдөлмөрлөх эрхэд нь халдаагүй. Зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Б.Г-ийн ял шийтгэгдэх хугацаа нь 2023 оны 01 сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн гэдэг тодорхой үйл баримтыг манай байгууллагад ирүүлсний дагуу бид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хэрэв нийтийн албан тушаалтан мөн гэж үзвэл Авлигын эсрэг хууль зааснаар 2005 оны 10 сарын 27-ны өдөр Монгол Улсын нэгдсэн орсон, соёрхон баталсан НҮБ-ын конвенцид нийтийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа нийтийн байгууллага буюу олон улсын үйлдвэрийн газар, дотоодын үйл хэрэгт оролцож байгаа нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа хүнийг, бусад хүнийг ойлгоно гэж заасан байдаг.

Тийм учраас Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд Монгол Улсын олон улсын гэрээ, соёрхон батлагдсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоод хууль тогтоомжийн дагуу нэгэн адил үйлчилнэ гэж заасан учраас Б.Г- нь нийтийн албан тушаалтан мөн, биш гэж үзсэн ч хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д зааснаар тодорхойлж байгаа. Нийтийн албан тушаалтан мөн гэж үзвэл байгууллагын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгосон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулан дүгнэж, шийдлийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч ҮЦТХТ- ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна.

4.1. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч ҮЦТХТ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн **** тушаалаар Захиргаа санхүүгийн албанд захирлын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тус газрын гүйцэтгэх захирлын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн **** тушаалаар компанийн Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтны ажил үүргийг хавсруулан гүйцэтгүүлжээ.

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч байгууллагад худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож, түүнийг гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолын Б.Г-д холбогдох хэсгийг хэвээр үлдээжээ. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.2. ҮЦТХТ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 14-ний өдрийн Компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангилал батлах тухай *** дугаартай тушаал гарсан байх ба Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 сарын 26-ны өдрийн *** дугаартай хуралдааны шийдвэр, мөн нэхэмжлэгчийн 2024 оны 02 сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад дурдагдсанаар нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 14-ний өдрийн **** дугаартай тушаалаар тус компанийн Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны ***** гэсэн ажлын байранд томилогдсон гэж тайлбарласан.

Тус тушаал хэрэгт нотлох баримтаар авагдаагүй боловч энэ талаар зохигч маргаагүй байх бөгөөд хариуцагчийн зүгээс 2022 оны 06 сарын 15-ны өдөр дээрх албан тушаалд ажиллуулахаар нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

4.3. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн **** дугаартай тушаалаар Б.Г-ийг хавсран гүйцэтгэж байгаа Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтны үүрэгт ажлаас чөлөөлжээ.

4.4. Шийтгэх тогтоолын Шүүгдэгч нарын биеийн байцаалт хэсгийн 3-т ...Цагаан овгийн Б.Г ... ҮЦТХТ- ХХК-д теллер ажилтай гэж тэмдэглэгдсэн байна.

Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч Б.Г- нь 2022 оны 04 сарын 15-ны өдрөөс Бизнесийн үйл ажиллагаа, хөгжлийн газрын Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны *****албан тушаалд томилогдсон байна.

5. Хариуцагч ҮЦТХТ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 10-ны өдрийн ** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.6, хөдөлмөрийн гэрээний 5.4.13-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Г-тэй байгуулсан хөдөлмөр гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож шийдвэрлэжээ.

5.1. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлийг баримталсан нь учир дутагдалтай. Тодруулбал уг хуульд заасан эрх бүхий байгууллага-д Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам тус тус хамаарахгүй тул ажил олгогч нь эдгээр байгууллагын 2023 оны *****,****** дугаартай албан бичгүүдийг үндэслэсэн нь дээрх хуулийн агуулгад нийцээгүй байна.

5.2. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж буй **** ажлын байрыг шүүх нийтийн алба-д хамаарна гэж буруу тодорхойлсон байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 9 төрлийн албан тушаалтныг уг хуулийн үйлчлэлд хамааруулахаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн уг ажлын байр үүнд хамаарахгүй.

Нэхэмжлэгчийн хавсран гүйцэтгэж байсан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах ажил үүрэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан эрх бүхий албан тушаалтан-д хамаарах боловч нэхэмжлэгч уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Иймээс нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нийтийн албанд 2 жилийн хугацаагаар томилогдох эрх хасах ялаар шийтгүүлсэн хэдий ч түүний ажлын байр нийтийн албанд хамаарахгүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг баримтлах үндэслэлгүй юм.

5.3. Мөн маргаан бүхий ** дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6, хөдөлмөрийн гэрээний 5.4.13 дахь заалтыг баримталсан.

Нэхэмжлэгч нь Харилцагч хүлээн авах теллер-3 албан тушаалд 2022 оны 04 сарын 15-ны өдөр томилогдон ажилласан боловч 2022 оны 05 сарын 30-ны өдөр шийтгэх тогтоолоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний 5.4.13-д ял шийтгүүлсэн үндэслэлийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд тооцохоор харилцан тохиролцсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор заасан. Иймд хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл бий болсон гэж дүгнэх үндэслэлтэй.

6. Дээрх байдлаар анхан шатны шүүхийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаархи зарим дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Хариуцагч ҮЦТХТ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 сарын 10-ны өдрийн ** дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4.13-т заасныг зөрчөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийг хангуулж ажилд эгүүлэн тогтоолгох агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/01632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г- тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ