Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 102/2022/04787/И |
Дугаар | 210/МА2024/01244 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2024/01244
2024 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2024/01244 |
Б.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02245 дугаар шийдвэртэй
Б.Г-ын нэхэмжлэлтэй, Э Э- ХХК-д холбогдох
Э Э- ХХК-ийн ***** ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би Э Э- ХХК-д 7 жил гаруй ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал И.Ц бидний хооронд 2022 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
а. Тус хэлцлийг хийх тухай И.Ц-ын саналаас би тухайн үед шууд татгалзан хэлцэл хийх хүсэлгүйг илэрхийлсэн ч энэ байдлыг харгалзан үзэлгүй, хэлцэл хиймээр байна, хариугаа өнөөдөр өг гэж тулган улмаар хэлцэл хийж, ажлаас чөлөөлсөн нь хүнлэг бус, нийтээр зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Би аавдаа 2018 онд нэг өрөө байр худалдаж авч өгсөн бөгөөд орон сууц захиалан бариулах гэрээний дагуу сард 200,870 төгрөгийг цалингаас төлж байсан ба ажлаас гарснаар уг зээлээ төлж чадахгүй болсон нь дээрх хэлцэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн.
б. И.Ц- нь надад 2021 оны 11 сараас хойш удаа дараа дарамт үзүүлж, ажлын байрны тэвчишгүй орчин бий болгосон. Би 2021 оны 11 сард ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ёс бус зан үйл, ёс зүйн талаар гарсан тохиолдлыг бүртгэх, тайлагнах чиг үүргийн дагуу ******* ОУБ-аас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд ******* буюу ажлын байрны хамгааллын эрсдэлийн урьдчилсан үнэлгээг хийж, шууд удирдлагаас ажилтнуудад дарамт шахалт үзүүлэх эрсдэл гэсэн асуултад дунджаар 16 оноо буюу дундаж эрсдэлтэй үнэлгээ өгснийг И.Ц- нь үндэслэлгүй гэж үзэж илтэд эсэргүүцэж эхэлсэн. Мөн 2022 оны 01 сард М- эмнэлгийн их эмч Ө.Баттуяагаас надад ирүүлсэн мэйлд намайг тайлбар бичсэний төлөө сахилгын арга хэмжээ авна гэж дарамталсан. Мөн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн удирдлагын багийн хуралд намайг ажлаа хангалтгүй хийж байгаа талаар зориуд илтэд дайрч дарамталж, удирдлагын багийн бусад гишүүдийг Б.Г-ын талаар сэтгэгдлээ хэл гэж шахалт үзүүлсэн.
1.2. Толгой компани Англи улсад байдаг бөгөөд энэхүү алслагдмал байдлыг захирал И.Ц- нь өөртөө давуу байдал болгон ашиглаж, олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд өөрт нь таалагдаагүй ажилтнаа хэлцэл гэх нэрийдлээр ажлаас нь чөлөөлсөн бусармаг, хууль зөрчсөн үйлдэл гаргасанд гомдолтой байна.
1.3. И.Ц- нь ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх гэж байгаа гэдгээ мэдсээр байж, хувь хүний хүсэл зоригоо Э Э- ХХК-ийн байр суурь, хүсэл зориг байсан мэтээр илэрхийлж, Төлөөлөн удирдах зөвлөлдөө мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл авахгүй хэлцэл хийсэн бөгөөд уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
1.4. Э Э- ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хэлцлийн үндсэн дээр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Би 2022 оны 03 сард идэвхтэй ажил хайж, гэрээний дагуу сар бүр зээл төлж байсан учраас яаралтай ажил олж хийх шаардлагатай байсан. Мөн 2022 оны 03 сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 сарын 30-ны өдрийн хооронд МУИС-ийн ХЗС-д эчнээгээр суралцаж байсан зэргээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд харьяалах дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, мөн шүүхэд гомдлоо гаргаж чадаагүй.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч Б.Г-ын Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцлийг 2022 оны 02 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоноор байгуулсан. Нэхэмжлэгчийг бүх талаар дэмжиж ирсэн бөгөөд үндэслэлгүйгээр зориуд гүтгэж байгааг эсэргүүцэж байна.
2.2. Б.Г- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэлээ гаргаагүй байна. Б.Г- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Сургуульд суралцаж байгаа нь хугацаа хэтрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүх хэвийн ажиллаж, шуудангийн үйлчилгээ хүртэл нээлттэй, хүртээмжтэй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул талуудын хооронд 2022 оны 02 сарын 21-ний өдөр хийгдсэн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Э Э- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ажил хавсран гүйцэтгэсний цалин, хариуцлагын нэмэгдэл, улирлын урамшуулал, ээлжийн амралтын олговорт 62,053,579 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Э Э- ХХК-д даалгах тухай Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Г-ад олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийн талаар:
Шүүх нэхэмжлэлд дурдаагүй буюу хөдөлмөрийн эрхийн талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж байна. Иргэний хуульд хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гомдлын шаардлага гаргах хугацааг тийнхүү мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж тзаасан байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
4.2. Талуудын хооронд хийсэн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарахгүй байна гэх үндэслэлийн талаар:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийн тохиролцооноос гадна уг хэлцэл хийх болсон сэдэл, зорилго, хэлцлээс бий болсон үр дагавар, хэлцлийн нэг тал нөгөө талдаа хандсан байдал зэрэг нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан эсэх, холбогдох үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлээгүй байна.
Хэлцлийн зорилго нь Б.Г-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгоход чиглэсэн ба түүнд дараагийн ажлаа олох боломж олгоогүй, хэлцлийн учир холбогдол, гарах үр дагавар, гэр бүлд бий болох эрсдэлийн талаар хангалттай бодох, хариу өгөх хугацаа олгоогүй. Хариуцагч тал хэлцэл хийхдээ хэлцлийн нөгөө талд хэт шударга бус хандсан. Учир нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд Б.Г- нь орон сууцны зээлтэй, бага насны хүүхдүүдтэй, гэртээ ганцаараа ажил хийж, цалингаараа амьдарлаа залгуулдгийг мэдсээр байж хэлцлийн саналыг гэнэтийн байдлаар тавьсан.
Улмаар Б.Г-ад сэтгэл санааны тогтворгүй байдал үүсгэх замаар хэлцлийн саналаа хүлээн зөвшөөрүүлэх хууран мэхэлсэн үйлдэл хийсэн. Хэлцэл байгуулагдсанаар Б.Г- ажил орлогогүй болж, түүний гэр бүл санхүүгийн болон сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөл байдалд орсон. 84 настай аав Д.Б нь сэтгэл санаагаар унаж, тал цус харвасан. Б.Г- орон сууцны зээлээ төлж чадахгүй болсон учраас аав Д.Б нь тэтгэврийн зээл авсан. Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан Б.Г-ын хүүхдүүдийн гэрчилгээ, гүйцэтгэх захирал И.Ц-ын компьютерт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт, гэрч Т.Д, Д.Б-ын мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим лавлагаа зэргээр тус тус нотлогддог. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.
4.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэх шийдвэрийн талаар:
Зохигчдын хооронд байгуулсан хэлцлийг байгуулах санал нь Э Э- ХХК-ийн хүсэл зориг байсан уу, эсвэл тус компанийн гүйцэтгэх захирал И.Ц- гэх хувь хүний хүсэл зориг байсан уу, И.Ц- уг хэлцлийг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчилтэй байсан уу гэдгийг анхан шатны шүүх тогтоогоогүй, холбоотой нотлох баримтыг үнэлээгүй. Хэлцэл хийх саналыг И.Ц- тавьсан нь ажлын чатаар Б.Г- руу бичсэн мессежээр нотлогддог. Хариуцагч нь Б.Г-ад ямар үндэслэлээр хэлцлийн санал тавьснаа шүүхэд нотлож чадаагүй учраас гүйцэтгэх захирал И.Ц- нь хэлцлийн саналыг Б.Г- тавьсан гэж тайлбарлаж, шүүхэд уулзалтын тэмдэглэл гэх хуурамч баримтыг гаргаж өгсөн. Талууд хэлцэл байгуулах явцад тэмдэглэл хөтлөх талаар тохиролцоогүй атал гүйцэтгэх захирал И.Ц- нь тэмдэглэл хийсэн гэж өөрийн гарын үсгийг зурсан. Компанийн тамгагүй баримтыг шүүхэд өгсөн. Энэхүү тэмдэглэл гэх баримтад уулзалтын үеэр Б.Г-ын огт хэлээгүй зүйлийг ярьж тохирсон мэтээр бичсэн. Энэхүү үйлдэл нь И.Ц- нь хэлцэл хийхдээ ашиг сонирхлын зөрчилтэй байсан, Б.Г-ыг хууран мэхлэх санаа зорилготой байсныг харуулдаг. Шүүх энэ нөхцөл байдлыг огт үнэлээгүй.
Хариуцагч Э Э- ХХК нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Английн Лондон хотод төвтэй, Төлөөлөн удирдах зөвлөл нь байрладаг. Гүйцэтгэх захирал И.Ц- нь энэхүү нөхцөл байдлыг хувийн зорилгодоо давуу байдал болгон ашиглаж, хувийн өс хонзонтой, өөрт дургүй ажилтнаа хэлцлээр халхавчилж ажлаас чөлөөлсөн нь Э Э- ХХК-ийн биш, харин И.Ц- гэх хувь хүний хүсэл зоригоор хийгдсэн гэх үндэслэлтэй байтал шүүх холбогдох нотлох баримтыг үнэлээгүй, үйл баримтыг тогтоогоогүй. Компанийн гүйцэтгэх захирлын ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлийн харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулсан ба ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн тохиолдолд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өөс зөвшөөрөл авахаар зохицуулсан байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан ... Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалтууд нь зохигчийн 2022 оны 02 сарын 21-ний өдөр хийгдсэн хэлцэлд хамааралгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
4.4. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, орхигдуулсан талаар:
Нэхэмжлэгч хэлцэл хийхгүй гэж татгалзсан байхад чамтай хэлцэл хиймээр байна, өнөөдөр хариугаа өг гэж тулгаж, дарамт шахалтад оруулан Б.Г-ыг хэлцэлд гарын үсэг зуруулсан нь тогтоогддог. Хэлцэл анхнаасаа нэг талын буюу Э Э- ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц-ын тулган шаардлага, удаа дараагийн дарамт шахалтад хийгдсэнийг шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, үзлэгийн тэмдэглэл (Ө.Б эмчийн мэйлийн хариуд И.Ц-аас Б.Г-ад бичсэн цахим шуудан), нэхэмжлэгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэмэлт тайлбараар нотлогдоно. Шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож болох нөхцөл байдал байсан эсэхийг тал бүрээс нь, бодитой үнэлээгүй.
4.5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамж хангагдаагүй талаар:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 17819 дугаар захирамжаар Б.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай Э Э- ХХК-ийн 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ч хариуцагч уг тушаалын эх хувийг гаргаж өгөөгүй. Харин Б.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай Э Э- ХХК-ийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Б/12 тоот гэх огноо зөрүүтэй тушаалыг шүүхэд ирүүлсэн байдаг. Энэ талаараа шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй.
Мөн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг гаргуулах захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Хариуцагчаас маргаан бүхий 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Б12 тоот тушаалыг нотлох баримтаар гаргаж өгье гэж хүсэлт гаргасныг шүүхээс хангаж 04525 дугаар захирамж гаргасан. Э Э- ХХК-аас Б.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай Э Э- ХХК-ийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Б/12 тоот гэх тушаалыг шүүхэд ирүүлснийг шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэхгүй. Учир нь тушаалын огноо болон агуулга нь захирамжад гаргуулахаар заасан тушаалтай зөрүүтэй байсан. Э Э- ХХК-ийн зүгээс Б.Г-ыг ажлаас чөлөөлөх Б12 тоот тушаал нь 2022 оны 02 сарын 21-ний өдөр гарсан, Б.Г- нийгмийн даатгалд өгөх зорилгоор тушаалын огноог 02 сарын 28-ны өдөр болгож гаргуулах хүсэлт өгсөн" гэх тайлбарыг шүүх хуралдаанд хэлсэн. Гэтэл Э Э- ХХК нь Б.Г-ад гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Б/12 тоот тушаалыг танилцуулж, гардуулж өгөөгүй. Б.Г- нь ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 02 сарын 28- ны өдрийн Б/12 тоот тушаалтай танилцаж, гардаж авсан бөгөөд энэ тушаалын эх хувийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах зорилгоор өгсөн байдаг. Мөн Б.Г- нь тус компанид тушаалын огноо солиулах тухай ямар нэг хүсэлт өгөөгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Гомдолд дурдсан 2 тушаалын агуулга ижилхэн гарсан. 2022 оны 02 сарын 21-ний өдрийн тушаалыг Б.Г- өөрөө гардаж авсан, эх хувь нь компанид үлдсэн. Харин 2022 оны 02 сарын 28-ны өдрийн тушаалыг Б.Г-ын хүсэлтийн дагуу хийж, 1 хувь гараад нэхэмжлэгч авсан.
5.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарлахдаа 2022 оны 02 сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн агуулгыг хөдөлмөрийн маргаан гэж шүүх зөв дүгнэсэн. Мөн нэхэмжлэгчийн байрны зээл төлдөг, бага насны олон хүүхэдтэй гэх тайлбарууд баримтаар тогтоогдоогүй талаар шүүх дүгнэсэн. Гүйцэтгэх захирал бүрэн эрхийн хүрээнд хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргаж, хэрэгжүүлэхээр хөдөлмөрийн дотоод журамд заасан ба Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагагүй, ажил олгогчоос Б.Г-ад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ажлын байранд ялгаварлан гадуурхсан зэрэг үйл баримт тогтоогдохгүй талаар, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, мөн хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Э Э- ХХК-д холбогдуулан тус компанийн ***** ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч Э Э- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2022 оны 02 сарын 21-ний өдөр хийсэн хэлцлийг тус тус үндэслэн Хүний нөөцийн менежер Б.Г-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 02 сарын 28-ны өдрөөр дуусгавар болгожээ. Хариуцагч тус шийдвэрийг гаргахдаа талууд 2022 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл-ээр Б.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 сарын 28-ны өдрөөр дуусгавар болгож, мөн өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болон нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг нэхэмжлэгчид олгохоор талууд тохиролцсоныг үндэслэл болгосон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон буюу талууд 2022 оны 02 сарын 21-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцсоныг үндэслэн хариуцагч дээрх шийдвэрийг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д нийцсэнийг зөв дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчийн хооронд 2022 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон бөгөөд тус хэлцлийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж маргасан байна.
4.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу Хөдөлмөрийн тухай болон бусад хуульд тухайлан зааж хориглосон хэм хэмжээг зөрчиж эсхүл хуулийн шаардлагад нийцсэн нөхцөлийг хангахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор талууд тохиролцсон нь тогтоогдоогүй байна.
Мөн нэхэмжлэгчээс зохигчийн хооронд байгуулсан хэлцлийн сэдэл, зорилго болон үр дагавар, хэлцлийн нэг тал нөгөө талдаа хандсан байдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсаныг шүүх тогтоогоогүй, үнэлээгүй... талаар давж заалдах гомдолдоо дурджээ. Тэрээр ...хэлцлийн учир холбогдол, гарах үр дагавар, гэр бүлд бий болох эрсдэлийн талаар хангалттай бодох хугацаа олгоогүй, хэт шударга бус хандсан. Учир нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд нэхэмжлэгч орон сууцны зээлтэй, бага насны хүүхдүүдтэй, ганцаараа ажил хийдггийг компани мэдсээр байж хэлцлийн саналыг гэнэт тавьсан. Улмаар Б.Г-ад сэтгэл санааны тогтворгүй байдал үүсгэх замаар хэлцлийг зөвшөөрүүлэх хууран мэхэлсэн үйлдэл хийсэн... гэж үндэслэлээ тайлбарласан байна.
Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагчтай хэлцэл хийх үедээ 37 настай байсан нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай учир аливаа хэлцлийн учир холбогдлыг ойлгоогүй байсан гэх гомдлыг хүлээн авахгүй. Мөн хариуцагч нь хууль, дүрмээс гадна хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд нийтээр дагаж мөрдөгддөг зан суртахуун, ёс зүйн зарчмууд болон компанийн ёс зүйн бодлого, зарчмаа зөрчин нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул орон сууцны зээлтэй, бага насны хүүхдүүдтэй, ганцаараа ажил хийдггийг компани мэдсээр байж хэлцлийн саналыг гэнэт тавьсан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
4.2. Мөн хариуцагч тус хэлцлийг хийхдээ мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. И.Ц- нь хариуцагч Э Э- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нь хэргийн баримтаар тогтоогдсон, тус компанийн дүрмийн 7.2.4-т зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй байх тул нэхэмжлэгчийн хэлцэл хийх санал нь Э Э- ХХК-ийн эсхүл гүйцэтгэх захирал И.Ц-ын хүсэл зориг байсан эсэхийг шүүх тогтоогоогүй, И.Ц- нь хэлцэл хийхдээ ашиг сонирхлын зөрчилтэй байсан, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй... гэсэн агуулгаар гаргасан татгалзал болон гомдол үндэслэлгүй.
Гүйцэтгэх захирал И.Ц- нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, компанийн дүрмийн 7.2.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Э Э- ХХК-ийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн мөн хуулийн 89 дүгээр зүйлд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд компанийн энгийн хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг дангаар болон бусадтай хамтран эзэмшигч, мөн компанийн эрх бүхий албан тушаалтан нь өөрийн болон хараат, охин компанитай бизнесийн шинжтэй хэлцэл хийх нөхцөлийг ойлгоно. Мөн нэхэмжлэгчээс гүйцэтгэх захирал И.Ц-ыг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон хэдий ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан-д И.Ц- нь хамаарахгүй юм.
Иймээс талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, мөн тус хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийн огноо 2022 оны 02 сарын 21-ний өдөр эсхүл 28-ны өдөр эсэх талаар зохигч маргаж, өөр өөр огноотой баримтыг шүүхэд гаргасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр /шүүгчийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 17819 дугаартай захирамжаар/ Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хариуцагч Э Э- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай Б.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг нотлох баримтаар гаргуулсан нь хэрэгт авагджээ.
Шүүх тус тушаалыг нотлох баримтаар үнэлж маргааныг хянан шийдвэрлэсэн нь зөв.
Учир нь 2022 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл-ээр талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 28-ны өдрөөр дуусгавар болгохоор тохиролцсон, мөн нэхэмжлэгч тал би 2022.02.28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг гардан авсан, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тушаалыг эх хувиар нь өгсөн, 2022.02.21-ний өдрийн Б/12 тоот тушаалыг гардан аваагүй гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ. Шүүх нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эх хувиар нь өгсөн Б/12 дугаар тушаалыг тус хэлтсээс гаргуулан хэрэгт нотлох баримтаар авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, Б/12 тоот тушаал нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй гэх нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, талуудын хооронд 2022 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан 2022 оны 10 сарын 05-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч 2022 оны 10 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Хариуцагч Э Э- ХХК нь 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай Б.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг нэхэмжлэгч Б.Г-ад хэзээ гардуулсан талаархи баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч 2024 оны 04 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд уг тушаалыг тухайн 2022 оны 02 сарын 28-ны өдөр гардаж авсан гэж мэдүүлсэн тул уг хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд шийдвэрийг танилцуулж, хүлээлгэн өгсөн хугацаа гэж үзнэ.
Нэхэмжлэгч дээрх тушаалыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай хэлцлийг байгуулснаас хойш 90 хоногийн дотор тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд улмаар шүүхэд хандан гаргаагүй байна. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгохоор 218 хоногийн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар 225 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн талууд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа дуусгавар болгохоор харилцан тохиролцож хийсэн хэлцэл нь ажилтан, ажил олгогчийн хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад үүссэн, мөн зохигч хөдөлмөрийн эрхийн ганцаарчилсан маргаан үүсгэсэн учир шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна. Иймд энэхүү маргаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг орхигдуулсан болон хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл болгосон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Мөн нэхэмжлэгчийн хариуцагч Э Э- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлд хамаарах тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.
Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих найруулгын өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Э Э- ХХК-ийн ***** ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ