Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01245

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01245

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/01369 дугаар шийдвэртэй

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-р, О- ХХК нарт холбогдох

7,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 21,750,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О- ХХК-ийн сөрөг нэхэмжпэлтэй иргэний хэргийг хариуцагч О- ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Г.Э, хариуцагч ОБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч О- ХХК-ийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ОБЕГ-р (захиалагч), Б- XXX (гүйцэтгэгч) нарын хооронд 2014 оны 09 сарын 04-ний өдөр *** аймгийн ОБГ-ын ГТУАА (гал түймэр унтраах аврах анги)-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх ХААГ-IХ1.1.16 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний 5-д ажлын урьдчилгаа төлбөрөөс зураг төсөв, экспертиз, геологийн судалгааны үнэ 43,500,000 төгрөгийг зургийн байгууллагад төлөхөөр заасан. Гэрээний 5-д зааснаар уг 43,5 сая төгрөгийг Б- ХХК-аас О- ХХК-д төлөхөөр үүрэг хүлээсэн. Энэ үүргийн дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 12 сарын 30-ны өдөр 20,0 сая, 2015 оны 09 сарын 12-ны өдөр 10 сая төгрөгийг тус тус О- ХХК-д төлж нийт 43,5 сая төгрөгөөс 30,0 сая төгрөгийг төлж 13,5 сая төгрөгийн төлбөр үлдсэн.

Гэтэл 2016 оны 07 сарын 08-ны өдөр манай компанид орж ирэх барилгын ажлын санхүүжилт 150,0 сая төгрөгөөс 33,5 сая төгрөгийг захиалагч нь гэрээний 5-д заасныг зөрчин манай компаниас лавлахгүйгээр О- ХХК-д шилжүүлж, 20,0 сая төгрөгийг илүү шилжүүлсэн байсан. Үүнээс О-" ХХК нь 13,0 сая төгрөгийг төлсөн.

Манай компани О- ХХК-тай зураг төсвийн үнэ ба төлбөрийн үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй. Иймд гэрээний 5-р заалтыг зөрчин О ХХК-д 33,5 сая төгрөгийг шилжүүлж манай компанид 7,0 сая төгрөгийн хохирол учруулсан буруутай байгууллага болох ОБЕГ-р, мөн уг мөнгийг авсан О- ХХК нараас 7,0 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч ОБЕГ-ын тайлбар, татгалзлын агуулга: ОБЕГ-р, Б- ХХК нарын хооронд дээрх гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд ажлын урьдчилгаа төлбөрөөс зураг төсөв, экспертиз, инженер геологийн судалгааны үнэ 43,500,000 төгрөгийг зургийн байгууллагад төлөхөөр заасны дагуу зураг төсөв зохиогч О- ХХК-д тус төлбөрийг шилжүүлэхээр заасан ба нэхэмжлэгч Б- ХХК нь О- ХХК-д 30,0 сая төгрөгийг шилжүүлсэн байсан бөгөөд манай байгууллагаас 2016 онд 33,5 сая төгрөгийг О- ХХК-д шилжүүлснээр 20,0 сая төгрөгийн илүү төлбөр хийгдсэн байсан. Б- ХХК-аас ирүүлсэн бичгийн дагуу илүү шилжүүлсэн 20,0 сая төгрөгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгжид буцаан төлөхийг О- ХХК-д мэдэгдсэн бөгөөд 20,0 сая төгрөгийн асуудлаар Б- ХХК-ийн захирал Л.О-, О- ХХК-ийн захирал Ж.Б-нар уулзаж тооцоо нийлэн холбогдох бүх төлбөр дууссан тухай манайд мэдэгдсэн. Иймд ОБЕГ-рт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч О- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ОБЕГ-ын захиалгаар * аймагт барих Аврах гал түймэр унтраах ангийн барилгын ажлын зураг төсвийн ажлын үнийг тендерт шалгарсан гүйцэтгэгч "Б-" ХХК эхний санхүүжилтээс бүрэн төлөхөөр гэрээ байгуулан "О-" ХХК холбогдох зургийг боловсруулан хүлээлгэн өгч барилга угсралтын ажил 2014 онд эхэлсэн. Гэвч "Б-" ХХК, ОБЕГ-ртай байгуулсан гэрээг зөрчин эхний санхүүжилтээс "О-" ХХК-д олгох ёстой байсан 43,5 сая төгрөгийг өгөлгүй удаа дараа шаардуулж байж 2014 оны 12 сарын 31-ний өдөр 20 сая төгрөг, 2015 оны 10 сарын 17-ны өдөр нэг жил 10 сарын дараа 10 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд дараагийн санхүүжилтийг 2.7 жилийн дараа 2016 оны 7 сард ОБЕГ-р 33,5 сая төгрөг шилжүүлсэн.

Энэ санхүүжилтийг авахаар олон удаа хүсэлт гаргаснаас шалтгаалан ОБЕГ-ын санхүүд бичилтийн алдаа гарч 13,5 биш, 33,5 сая төгрөг гэж бичигдэн 20,0 сая төгрөг илүү шилжүүлсэн байсан. Энэ төлбөрөөс 13 сая төгрөгийг төлж, үлдэх 7 сая төгрөгт нь 18650324275118 талбарын дугаартай Сүхбаатар дүүргийн 20 хорооны ***** гудамжинд байрлах 568 м.кв гэр, орон сууцны зориулалттай хашаатай, төмөр хаалга суулгасан газрыг 5 сая төгрөгт, үлдэх 2 сая төгрөгт нь нэг бүр нь 750 мянган төгрөгийн үнэтэй орос цэргийн нисгэгчийн өмсдөг нэхий дотортой өвлийн түрийтэй гутал 6 ширхэгийг өгч тооцоо дууссан гэсэн акт, тодорхойлолтыг Л.О-тэй хамтран хийж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Ингээд "О-" ХХК-иас Б- ХХК-д төлбөр бүрэн төлөгдөж дууссан. Л.О- нь 2017 оны 01 сард чиний гутлуудыг * аймагт аваачиж бүгдийг нь сайн зарлаа, баярлалаа гээд надад баярласнаа илэрхийлж компанийн инженерээр дамжуулан үхрийн өрөөл мах өгч байсан гэжээ.

 

4. Хариуцагч О- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: "Б-" ХХК нь * аймгийн төв *****хотод баригдах Гал түймэр унтраах ******барилгын ажлын тендерт шалгараад эхний санхүүжилтийг 2014 оны 10 сарын 28-ны өдөр авсан байна. Зураг төсвийн үнэ 20,0 сая төгрөгийг манай компанид 2014 оны 12 сарын 31-ний өдөр, дараагийн төлбөр 10 сая төгрөгийг 2015 оны 10 сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Үүнээс (23,5 сая төгрөгийн төлбөрийг 317 хоног хоцроосны алданги 37сая 247 мянган төгрөг) "Б-" ХХК нь сүүлчийн төлбөрөө 2016 оны 07 сарын 08-ны өдөр хийсэн гэж тооцвол, үлдэгдэл төлбөр 13,5 сая төгрөгийг 265 хоног хоцроосны алданги 17,887,000 төгрөг болно. "Б-" ХХК нь барилгын ажлын зураг төсвийн төлбөр 43,5 сая төгрөгийг нийт 646 хоног хоцроон төлсөн баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зааснаар гэрээт ажлын нийт төлбөрийн 50 хувь 21,750,000 төгрөгийг хариуцагч "Б-" ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

5. Хариуцагч О- ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Алданги гэж 21,750,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь Б- ХХК нь О- ХХК-тай барилгын зураг төсөвтэй холбоотой ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй, тус компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч О- ХХК-аас 5,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 төгрөг, хариуцагч ОБЕГ-рт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч О- ХХК-ийн нэхэмжлэгч Б- ХХК-аас 21,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б- ХХК-ийн төлсөн 126,950 төгрөг, хариуцагч О- ХХК-ийн төлсөн 266,700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч О- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч О- ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Энэ хэрэгт нэхэмжлэгч "Б-" ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гаргасан 2014 оны 09 сарын 04-ний өдрийн №ХААҮ-20141 IX.1.1.16 тоот "* аймгийн ОБГ-ын Аврах гал унтраах ангийн барилга-угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүрэг нь 2015 оны 12 сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т заасныг үндэслэн "Б-" ХХК-ийн нэхэмжлэлтэй ОБЕГ-р болон О-" ХХК нарт холбогдох 7,0 сая төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2022 онд тооцоо нийлсэн актад өр төлбөргүй гэж бичээд гарын үсэг зурсан гэж хариуцагчийн тайлбарт дурдсан. Гэвч тухайн үед 43,500,000 төгрөгөөр тооцоо нийлж гарын үсэг зурсан. ОБЕГ-аас анхан шатны шүүх хуралдаанд манайх төлөхгүй, О- ХХК-ийг гэрчээр оролцуулна гэсэн. Хамгийн сүүлийн хугацаа нь 2022 оны 03 сарын 15-ны өдөр ОБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрахын гарын үсэгтэй албан бичиг байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бүх баримтууд хэрэгт авагдсан. Иймд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч О- ХХК-ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч ОБЕГ-р, О- ХХК нарт холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч О- ХХК нь нэхэмжлэгчээс алданги 21,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагч О- ХХК-аас 5,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч ОБЕГ-рт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. Б- ХХК, ОБЕГ-р нарын хооронд 2014 оны 09 сарын 04-ний өдөр ХААГ-2014-IX.1.1.16 тоот * аймгийн онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б- ХХК нь * аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж 2015 онд багтаан ашиглалтад оруулах, ОБЕГ-р нь ажлын хөлс 2,606,933,493 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

4.1. Тус гэрээний 5-д зааснаар Б- ХХК нь аврах, гал унтраах ангийн барилгын зураг төсөв, экспертиз, инженер геологийн судалгааны ажлын зохиогч О- ХХК-д гэрээний төлбөрөөс 43,500,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ба 30,000,000 төгрөгийг төлсөн байна. Харин ОБЕГ-ын зүгээс Б- ХХК-д төлөх уг төлбөрөөс 13,500,000 төгрөгийг О- ХХК-д шилжүүлэх байтал 33,500,000 төгрөг шилжүүлснээр зохигчийн хооронд маргаан үүссэн байна.

4.2. Хэргийн баримтаар хариуцагч О- ХХК илүү авсан 20,000,000 төгрөгөөс 14,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б- ХХК-д эд хөрөнгө болон мөнгөн хэлбэрээр төлж 5,500,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, мөн нэхэмжлэгч Б- ХХК, хариуцагч О- ХХК нарын хооронд илүү авсан 20,000,000 төгрөгийн хэмжээгээр үүргийн харилцаа үүсээгүй, энэ хэмжээгээр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөнийг шүүх зөв дүгнэж хариуцагч О- ХХК-аас 5,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байна.

 

5. Энэхүү шийдвэрт хариуцагч О- ХХК давж заалдах гомдол гаргаж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гомдлын үндэслэлээ тодорхойлжээ. Давж заалдах шатны шүүх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

5.1. Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-рт холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт О- ХХК-ийг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 08 сарын 07-ны өдөр хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Хариуцагч О- ХХК нь нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ илэрхийлсэн тайлбартаа илүү авсан 20,000,000 төгрөгийг төлсөн гэж, мөн нэхэмжлэгчээс 21,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргахдаа инженер геологи судалгааны үнэ 43,500,000 төгрөгийг 646 хоног хэтрүүлсний алданги гэж тодорхойлон шаардсан. Мөн 2023 оны 04 сарын 04-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч О- ХХК-ийн захирал Ц.Б-оролцсон байх бөгөөд тус шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч О- ХХК нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар маргаагүй, зохигчийн хооронд энэ талаар мэтгэлцээн өрнөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч О- ХХК нь давж заалдах гомдолд дурдсан асуудлаар анхан шатны шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй бөгөөд мөн хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Гэвч хариуцагч О- ХХК нь нэхэмжлэгч уг 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргах эрхээ алдсан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх тухай тайлбар, татгалзлаа болон зохих баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй нь хэргийн баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэх журамтай ба хариуцагч нь анхан шатны шүүхэд хэргийн оролцогч мэтгэлцээгүй асуудлаар давж заалдах гомдол гаргасан нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч О- ХХК-аас 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар уг төлбөрийг гаргуулна гэж тодорхойлсон. Зохигчийн хооронд гэрээний үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч гэрээний бус үүргийг шаардсан нь үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд тус маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа үйлчилнэ. Тодруулбал нэхэмжлэгч Б- ХХК шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

6. Иймээс дээрх үндэслэлээр хариуцагч О- ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/01369 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О- ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч О- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ