| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0331/Э |
| Дугаар | 378 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Г.О /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн ‘рокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909004290319 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын вагоны аж ахуйч мэргэжилтэй, “Гарнет Бриллиант” ХХК-д туслах мужааны ажил хийдэг, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.О нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 25 дугаар гудамжны 46 тоотод хохирогч Б.Тэгшсайханыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “чи жаахан хүүхэд дарамтлаад байхдаа яадаг юм бэ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 25 дугаар гудамжны 46 тоотод хохирогч Б.Тэгшсайханыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “чи жаахан хүүхэд дарамтлаад байхдаа яадаг юм бэ гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.О нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Тэгшсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.О-ын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Эрүүгийн 1909004290319 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Тэгшсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед намайг ажлаа тараад гэртээ ирэхэд Г.О, түүний эхнэр Саруул, манай эхнэр Зандмаа нар 0.5 литрийн хараа архи хувааж уугаад дуусч байсан. Тэгээд би дүү нар ирсэн байна гээд 0.75 литрийн хараа архи аваад дөрвүүлээ хувааж уусан. 32-н тойрогт байдаг түргэн үйлчилгээний цэг рүү тамхи авахаар яваад буцаад гэртээ иртэл Г.О “хаа хүрээд ирж байгаа юм бэ” гэж асуухаар нь “юу гэсэн үг вэ” гэхэд миний нүүр рүү гараараа 2-3 удаас цохиод газар унагаагаад толгой руу дэвсээд байсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан, дотор талдаа цус хурсан, доод дээд уруул язарсан, зүүн нүдний хэсэгт шалбарсан бөгөөд баруун нүд муу харж янгинаж өвдөөд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Анхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ээж Зандмаа, Г.О гэх залуу, түүний эхнэр Саруул нар архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд Тэгшсайхан ах гаднаас ганцаараа орж ирсэн бөгөөд архи уугаагүй эрүүл байсан. Тэгшсайхан ах ганцаараа гараад дэлгүүрээс нэг шил архи авч ирсэн. ...би унтаад нэг сэрэхэд Г.О ах, Саруул эгч нар нь ээж, Тэгшсайхан ах хоёрын орон дээр унтаж байсан. Тэгтэл Тэгшсайхан ах гаднаас орж ирээд “энэ хоёр яахаараа эхнэр бид хоёрын орон дээр унтдаг юм” гээд Г.О-ыг татаж, босгож ирээд барьцалдаж аваад ноцолдсон. Саруул эгч бид хоёр тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэгшсайхан ах намайг муухайгаар хэлээд хараалын үг хэлэхэд Г.О ах “чи охин хүүхдийг ингэж хэлж болохгүй” гэж хэлээд нүүрэн тус газарт нь цохьсон бөгөөд Тэгшсайхан ах газар унасан. Тэгшсайхан ах Г.О ахад зодуулсны дараа хамарнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.О мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... “Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найз бүсгүй Саруулын хамт Тэгшсайханы гэрт очсон бөгөөд Тэгшсайхан гэртээ байгаагүй, түүний эхнэр Зандмаа ганцаараа байсан. Зандмаа, Саруул бид гурав нэг шил архи хувааж уугаад сууж байтал 22 цагийн үед Тэгшсайхан ирсэн. Тэгээд Тэгшсайхан бид хоёр гарч дэлгүүрээс нэг шил архи авсан. Бид дөрөв авсан архи хуваагаад ууж байхад Зандмаагийн охин ганцаараа орж ирсэн. Зандмаа нь тэр үед гэрээсээ гараад явчихсан байхад Тэгшсайхан нөгөө охин руу нь агсраад пизда гичий, муу янхан минь хаагуур тэнээд байгаа юм, гэртээ ирж хоносонгүй гэх мэтээр доромжлоод загнаад байхаар нь “чи одоо жаахан хүүхэд дарамтлаад байхдаа яадаг юм бэ” гэж хэлэхэд “би хүүхдээ мэдэж байна, чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь яасан их агсам тавьдаг юм гээд Тэгшсайханы хацар руу 2-3 удаа нилээн хүчтэй алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “...Б.Тэгшсайханы биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, 2 шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
Яллагдагч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар бүгдийг ярьсан болохоор өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хохирогч Б.Тэгшсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Тэгшсайхан дагавар охиноо харааж, загнаад агсам тавиад байхаар нь эмэгтэй хүүхэдтэй муухай харьцлаа, чи жаахан хүүхэд дарамтлаад байхдаа яадаг юм бэ гэж хэлээд зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Иймд шүүгдэгч Г.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1909004290319 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, дипломны хуулбар /хх-ийн 61-62 дугаар хуудас/, хөдөлмөр алдалтын магадлах комиссын шийдвэр /хх-ийн 63 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 64 дүгээр хуудас/, ажлын газрын үнэмлэхний хуулбар /хх-ийн 77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Г.О-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож торгох ялд нь оруулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч Б.Тэгшсайхан нь “эмчилгээний зардалд 100.000 төгрөг авч Г.О-тай эвлэрсэн тул гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт 15 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 15 хоногийг торгох ялд нь оруулан тооцож эдлэх ялыг 225.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.О нь үлдэх торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт 15 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ