Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01246

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01246

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02072 дугаар шийдвэртэй

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн ****шийдвэрээр Ц.Т-, Б.М- нараас 225,792,000 төгрөг гаргуулж ****** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох *********, ********* 3 гоот 290 мкв талбайтай хувийн сууцыг Х-ХХК-аар 2024 оны 01 сард үнэлүүлж, 857,459,073 төгрөгөөр үнийг тогтоожээ.

Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК нь уг хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Учир нь unegui.mn, Osmo.mn, Zarmedee.mn, Shuurhai zar.mn сайтуудаар орж үзэхэд манай хувийн орон сууцны 1 м.кв-ын үнэ дунджаар 5,500,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Тэгэхээр 290 м.кв нь 5,500,000 төгрөгөөр тооцоход 1,595,000,000 төгрөг болж байна.  Иймд Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох Х ХХК-ийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Монгол улсад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа Үнэгүй.мн, барилга.мн, сайтын зар, мэдээлэл, Үндэсний статистикийн хорооны 2022 оны орон сууцны зах зээлийн үнэ ханшны өсөлтийн үзүүлэлт зэргээс ажиглалтын аргын дагуу судалгаа хийж үзхэд орон сууц, хашаа байшин газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онуудаас 72 хувиар өссөн нь тогтоогдож байна гэж үзэж шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Шинжээч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо түүний доорх газрыг огт үнэлээгүй нь хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ газар үнэлсэн эсэхэд ямар нэгэн дүгнэлт хийгүй үндэслэлгүй болсон гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд: анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч НШШГГ-рт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 20-ны өдрийн ***** шийдвэрээр хариуцагч Ц.Т-, Б.М- нараас 225,792,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****** ХХК-д олгож, хариуцагч Ц.Т-ийн өмчлөлийн *********, *********ны 3 тоотод орших 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 08 сарын 28-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Энэ тухай талууд маргаагүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хариуцагчийн зүгээс албадан дуудлага худалдаагаар худалдах барьцаа хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч Ц.Т- барьцаа хөрөнгийг 1,450,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилох хүсэлт ирүүлснээр талууд тохиролцож чадаагүй байна. Талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 1/1 дугаартай тогтоолоор Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б-г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Шинжээчээс *********, ********* 3 тоот 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зах зээлийн үнийг 2024 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар 857,459,073 төгрөгөөр үнэлсэн байна. Тус хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах тухай 2024 оны 01 сарын 04-ны өдрийн 4-164/352 дугаартай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.Т-т 2024 оны 01 сарын 05-ны өдөр танилцуулан, мөн үнэлгээний тайлангийн хувийг гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн байна.

6. Нэхэмжлэгч дээрх мэдэгдлийг хүлээн авч 2024 оны 01 сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд нийцсэн, нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах эрхээ алдаагүй байна.

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо ...сууц, газрын үнэ өмнөх онуудаас 72 хувиар өссөн гэж нэхэмжпэл гаргасан ч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шинжээч эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо газрыг огт үнэлэлгүй хөрөнгийг үнэгүйдүүлсэн ... газар үнэлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй... гэсэн агуулгыг илэрхийлжээ.

7.1. Тайланд үнэлэгдэж буй хөрөнгийг өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргуудыг ашиглан тайлан гаргасан талаар шинжээч дурдаж, эдгээр аргуудаас зах зээлийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох ач холбогдлыг үндэслэн уг аргаар үнэлсэн үнэлгээг хөрөнгийн эцсийн үр дүн гэж үзсэн талаар тайланд тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, 8.3.10-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал-ыг заах шаардлагыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Үнэлгээний тайлангаас үзвэл шинжээч нь үнэлэгдэж буй *********, *********ны 3 тоотод орших 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражид ойролцоо байршилтай буюу тус дүүргийн 11 дүгээр хороонд орших тус бүр 145, 250, 360 м.кв бүхий, ашиглалтад орсон, цэвэр, бохир усны шугамтай, халааттай, автомашины дулаан гараж бүхий гурван ширхэг хувийн сууцтай харьцуулан үнэлсэн байна. Улмаар үнэлэгджу буй хөрөнгийг өртгийн хандлагын аргаар үнэлж 851,759,575 төгрөгөөр, орлогын хандлагын аргаар үнэлж 690,347,719 төгрөгөөр, зах зээлийн хандлагын аргаар үнэлж 857,459,073 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Иймээс тус үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ 5,500,000 төгрөг болсон гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлээгүй болон хувийн сууцны үнэ өмнөх онуудаас 72 хувиар өссөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

7.2. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3124 дугаартай шийдвэрт *********, *********ны 3 тоотод орших 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг үндэслэн хариуцагч уг хувийн сууц, гаражийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон. Шинжээчээс тогтоолд заасан хөрөнгийг үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрт дурдсанаар нэхэмжлэгч Ц.Т- нь ****** ХХК-тай 2021 оны 08 сарын 05-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр тус хувийн сууц, гаражийг барьцаалсан, харин давж заалдах гомдолд дурдаж буй газрыг барьцаалаагүй байна. Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрт заагаагүй хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тэргүүн ээлжинд ажиллагаа явуулаагүй, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилоогүй нь хуульд нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Иймээс шинжээч эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо газрыг үнэлээгүй нь хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ