Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 348

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                              

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон хоёр овогт Г-н Пд холбогдох эрүүгийн 1909002880255 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Амин жолоо” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 3,  эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 10-117 тоотод оршин суух,

Хэнтий аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: СЮ 87091077 / Боржигон хоёр овогт Г-н П нь:

 

- 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Фокус” биллиардын гадна зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгсэл дотроос даваа толгойтой шинэ цагийн халтар манан хөөрөг, бага гарын даваа толгойтой шинэ цагийн ногоон өнгийн судалтай манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Мөнх-Эрдэнэд 412.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Н.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:  … Улаанбаатар их дэлгүүрийн баруун талын “Ганзүү” эмнэлгийн 3 давхарт байрлах оффис дээр ирээд үүдэнд зогсож байхдаа машины голын хайрцгийг үзсэн чинь дотор нь байсан хөөрөг байхгүй байсан. Миний алдсан гэх 2 хөөрөгний нэг нь дунд гарын их биеийг халтар мана чулуугаар хийсэн даваа толгойтой ясан халбагатай, хоёр дахь хөөрөг нь бага гарын их биеийг нь цагаан ногоон өнгийн судалтай мана чулуугаар хийсэн даваа толгойтой ясан халбагатай байсан гэжээ. / хх 11-12 /

 

Гэрч С.Бум-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Пүүжээ ах Батсайхан нарын хамтаар Мөнх-Эрдэнийн машин дотор дуудлага хүлээгээд сууж байсан. Би машин дотор сууж байгаад гарч шээхэд Пүүжээ ах гарч ирээд машины урд суудал дээр сууж байгаад надад энэ хэний утас вэ гээд үзүүлсэн. ...Ойролцоогоор 2-3 цагийн дараа Мөнх-Эрдэнэ нь машины голын харцаганаас 2 ширхэг хөөрөг алдагдсан байна гэж бид нарт хэлсэн гэжээ. / хх 15 /

 

Гэрч Г.П мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бум-Эрдэнэ нь Мөнх-Эрдэнийн машин дотор сууж байхаар нь очсон. Би машиных нь урд суугаад тамхи татаж байхад Бум-Эрдэнэ утсаар яриад гадагшаа гарсан. Тэр хооронд нь машиных нь урд талын хайрцгийг онгойлгоход 2 ширхэг хөөрөг байсан. Тэр 2 хөөргөөр тамхилж байгаад авч явмаар санагдаад халаасандаа хийгээд буусан. Би уг хөөрөгнүүдийг авсан оройдоо оффисын гадаа шатны хажуу талын грашийн хойгуур шидсэн. Хөөрөг алга болчих байх гэж бодоод шууд гэртээ очоод пошктой үнсэн дотор нуусан. Өчигдөр 2 хөөргийг пошктой үнснээс гаргахад чулуу нь халсан 2 толгой нь шатсан байдалтай байсан. Жижиг хөөрөгний толгой нь юуч үлдээгүй шатсан байсан гэжээ. / хх 16 /

 

Эд зүйл түр хураан авч,  хүлээлгэж өгсөн тэмдэглэл / хх 5-6 /

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28-29 /

 

Шүүгдэгч Г.Пыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 36-39 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 47 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. 250.000 төгрөг төлж, хөөргүүдийг буцааж өгсөн гэв.

 

Шүүгдэгч Г.П нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Фокус” биллиардын гадна зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгсэл дотроос даваа толгойтой шинэ цагийн халтар манан хөөрөг, бага гарын даваа толгойтой шинэ цагийн ногоон өнгийн судалтай манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Мөнх-Эрдэнэд 412.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Машины голын хайрцгийг үзсэн чинь дотор нь байсан хөөрөг байхгүй байсан. Миний алдсан гэх 2 хөөрөгний нэг нь дунд гарын их биеийг халтар мана чулуугаар хийсэн даваа толгойтой ясан халбагатай, хоёр дахь хөөрөг нь бага гарын их биеийг нь цагаан ногоон өнгийн судалтай мана чулуугаар хийсэн даваа толгойтой ясан халбагатай байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг / хх 11-12 /, ...Пүүжээ ах Батсайхан нарын хамтаар Мөнх-Эрдэнийн машин дотор дуудлага хүлээгээд сууж байсан. Ойролцоогоор 2-3 цагийн дараа Мөнх-Эрдэнэ нь машины голын харцаганаас 2 ширхэг хөөрөг алдагдсан байна гэж бид нарт хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Бум-Эрдэнийн мэдүүлэг / хх 15 /, ...Бум-Эрдэнэ нь Мөнх-Эрдэнийн машин дотор сууж байхаар нь очсон. Би машиных нь урд суугаад тамхи татаж байхад Бум-Эрдэнэ утсаар яриад гадагшаа гарсан. Тэр хооронд нь машиных нь урд талын хайрцгийг онгойлгоход 2 ширхэг хөөрөг байсныг авч халаасандаа хийгээд буусан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Пын мэдүүлэг / хх 16 /, ...Эд зүйл түр хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл / хх 5-6 /, ...“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28-29 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Пыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Г.Пыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:                                                                                                                                                                       

1. Шүүгдэгч Боржигон хоёр овогт Г-н Пыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г-н Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Г.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ