| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0058/Э |
| Дугаар | 255 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
хохирогч Б.Дэлгэрсайхан,
шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нхолбогдох эрүүгийн 1809020831120 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 23-59 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй. Ц.Н, /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны дансаар дамжуулан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Дэлгэрсайхантай “хамтран махны наймаа хийнэ” гэж бодит байдлыг нууж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…Би Баян-Өлгий аймаг руу явж байхад Дэлгэрсайхан залгаад мөнгө шилжүүлсэн. Тухайн махнаас 2-3 сая төгрөгийн ашиг олно гэж бодож байсан. Нурбол гэдэг хүнээс мах аваад ирэхэд махны үнэ уначихсан байсан. Тэгээд шаталтанд орсон. Хөдөө малчдаас авсан махаа Малшыбайд итгээд үлдээсэн боловч мах ирсэн талаар хэлээгүй, үзүүлээгүй бөгөөд мөнгө нэмээд махаа ав гэж хэлсэн. Надад мөнгө олдохгүй байсан. Малшыбай хамтарч ажиллаад 2-3 сая төгрөг өгчхөж болно гэж хэлсэн. Би хөдөө явахад гарсан бүх зардлыг гаргаж байсан. Миний худалдаж авсан үхрийн мах дансны хуулгатай тохирч байсан. Мөнгийг залилъя гэж бодож аваагүй. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Дэлгэрсайхан бид хоёр махны наймаа хийсэн. Дэлгэрсайхан нь өөрөө намайг Баян-Өлгийд явж байхад хотод мах үнэтэй байна тань руу мөнгө шилжүүлнэ та мах худалдаж аваад над руу явуул гээд 45.000.000 төгрөг явуулсан. Би тэр мөнгөөр нь мах худалдаж аваад буцаагаад явуулсан. Тэгээд эхний махыг бид нар 2600 төгрөгөөр хилийг нь худалдаж аваад ирээд 2.900 төгрөгөөр зарсан. Тэгээд дараа нь би нурбол гэх хүнээс 40 тонн мах 3.200 төгрөгөөр бодоод худалдаж авсан тэгтэл тэр мах хотод ирээд 2.900 төгрөгөөр зарагдсан. Тэр мах хотод ирээд 3.600 төгрөгөөр зарагдах ёстой байсан боловч махны ханш унаад 2.900 төгрөгөөр зарагдаад би Дэлгэрсайханд 21.000.000 төгрөгийн өрөнд орсон. Энэ өрнөөсөө 4.000.000 төгрөгийг нь өгчихсөн. ...Би Баян-Өлгийд байхдаа Малшыбай гэх айлд 19.000.000 төгрөгийн мах бэлдээд орхисон тэрийг авч чадаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-61/,
Хохирогч Б.Дэлгэрсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “…Би 2017 оны 11 дүгээр сард Налайхын махны үйлдвэрт мах нийлүүлж байгаад Пүрэв-Очир, Ц.Н нартай танилцсан. 2017 оны 12 дугаар сарын дундуур Ц.Н Баян-Өлгий аймаг руу явсан. Пүрэв-Очир ах, Ц.Нарацэцэг эгч бид 3 “мах аваад авчирч зарвал ашигтай байна” гэж ярилцсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 25.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 08-ний өдөр 9.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 10-ны өдөр 13.000.000 төгрөг буюу нийт 47.000.000 төгрөгийг Ц.Н рүү шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 тонн 820 килограмм мах ирсэн бөгөөд 1 килограмм махыг 2500 төгрөгөөр зарна гэж тооцоолж 32.058.000 төгрөгөөр авсан. Тэгээд 3250 төгрөгөөр зараад 42.977.000 төгрөг болсон бөгөөд 10.000.000 төгрөгийн ашиг олсон. Хэд хоногийн дараа 11 тонн 900 килограмм мах ирснийг Пүрэв-Очир ах бид 2 аваачиж тушаагаад 4.000.000 гаран төгрөгийн ашиг олсон бөгөөд нийт 15 сая төгрөгийн ашиг гарсан. Бид нар ямааны мах багасчихлаа, үхрийн мах авъя гэж ярилцсан. Ашиг болох 10.000.000 гаран төрөг болон өөрт байсан 21.000.000 төгрөгийг нийлүүлээд 50.000.000 гаран төгрөг буцаагаад шилжүүлсэн. Цагаан сарын дараа Ц.Н Баян-Өлгий аймгаас ирээд “үхрийн махаа бэлдээд орхичихлоо, араас ачуулчихъя гэхээр нь хүрээд ирлээ” гэж хэлсэн. Цагаан сарын дараа мах олдохгүй байхаар нь Ц.Нээс асуухад “эмээлтэд байгаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш мах олдоогүй. 21.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг Ц.Н өгсөн. Одоо үлдэгдэл 17.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэв.
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 04- ний өдөр зүс таних Наранцэцэг гэх эгчид мах худалдан авах зорилгоор 25.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 08-ны өдөр 9.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 10-ны өдөр 13.000.000 төгрөг нийт 47.000.000 төгрөг Наранцэцэг эгчийн өгсөн 5031518191 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Наранцэцэг эгчээс 12 тонн ямааны мах ирсэн. Тус махыг Наранцэцэг эгчийн нөхөр болох Пүрэв-Очиртой хамт Мах Импексийн хашаан дотор Цэнгэл гэх нэртэй Хятад иргэн нь 1 тонныг 3.550.000 төгрөгөөр бодож нийт 12 тонн мах 42.600.000 төгрөг болсон. Тус мөнгийг буцаагаад Наранцэцэг эгч рүү шилжүүлсэн. Дахин 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 тонн 200 кг мах ирсэн. Тус махыг мөн Цэнгэлд зараад 38.000.000 төгрөг аваад Наранцэцэг эгч рүү шилжүүлсэн. Тэгээд 47.000.000 төгрөгөөс 2018 оны 01 дүгээр сард 26.000.000 төгрөгийг нь авсан ба үлдсэн 21.000.000 төгрөгт үхрийн мах дараад очъё гэсэн. Тэгээд Наранцэцэг эгчийг Улаанбаатарт ирэхэд нь уулзахад үхрийн мах араас авч ирж байгаа гэсэн. Тухайн үед цагаан сарын баяр болж байсан ба цагаан сарын дараа Наранцэцэг эгчтэй яриад нөгөө махаа аваад заръя гэхэд Наранцэцэг эгч Улаанбаатар хотод зооринд байгаа, надад түлхүүр нь байхгүй байна гэсэн. Тэгээд нөгөө мах өгдөг Цэнгэл ирээд махаа аваад ир гэхэд Наранцэцэг эгч махаа өгье гэж байгаад 2-3 хоног болж байгаад надад худлаа ярьж алга болсон. ...тэгээд одоо өөрийн оруулсан мөнгөнөөс 26.000.000 төгрөг авснаас өөр мөнгө аваагүй. Одоо үндсэн 17.000.000 төгрөг, ашиг гэж 10.000.000 төгрөг авах ёстой. ...одоог хүртэл үхрийн махыг нь нүдээрээ хараагүй байна. Наранцэцэг эгч үхрийн мах ирсэн л гээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/,
Гэрч Х.Малшыбайгийн “...Ц.Нийг би урд өмнө таньдаггүй байсан ба энэ хүн миний утсыг хаанаас авсныг нь асуугаагүй, ямар ч байсан 2017 оны 12 дугаар сарын дундуур Наранцэцэг гэх хүн надтай утсаар холбогдоод “Та Өлгийд юу хийдэг вэ, би их хэмжээгээр ямааны мах авах гэж байгаа, хоёулаа хамтран ажиллъя” ингэхдээ цуглуулсан 1 килограмм мах тутмаас 100 төгрөгийн урамшуулал өгнө гэж хэлэхээр нь би түүнд итгээд саналыг нь хүлээн зөвшөөрөөд хамтран ажиллахаар болсон. ...тэгээд Наранцэцэг нь Өлгийд ирээд энэ тэндээс нийтдээ ойролцоогоор 100 гаруй тонн ямааны мах аваад Улаанбаатар хот руу явсан бөгөөд махнуудаа Цэнгэл сум болон Өлгийн төвөөс авсан санагдаж байна. Наранцэцэг мах авах үеэр би Наранцэцэгийг дагаад хамт явсан ба авсан ямааны махаа шууд тэр үеэр нь Улаанбаатар хот руу ачуулж явуулдаг байсан. Наранцэцэг нь ямааны махаа Улаанбаатар хот руу ачаад явахаас өмнө надад 18 сая төгрөгийг бэлнээр үлдээгээд та өөрөө мөнгөө нэмж үхрийн мах авч хадгалаарай, би танд өгөх урамшууллын мөнгөний хамтаар үхрийн махыг Улаанбаатар хотод авчрах үеэр хийх болно хэмээн хэлж яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа Наранцэцэг нь надтай утсаар яриад надад мөнгө хэрэгтэй болчихлоо, миний нэг хүүхэд гадаад руу гарах гэж байгаа юмаа, хэрэг болоод байна гэхээр нь би түүний данс руу надад үлдээсэн 18 сая төгрөгөөс 3 сая төгрөгийг нь явуулж өгсөн. ...би Өлгийгөөс нийт 10 тонн гаруй үхрийн мах цуглуулсан. Уг 10 тонн мах нь нийт 44 сая төгрөг гарсан байсан. Би Наранцэцэгийн үлдээж явсан 15 сая төгрөгт өөрөөсөө 19 сая, найз Батнаагаас 10 сая төгрөг зээлэн авч уг үхрийн махыг цуглуулж авсан. Улаанбаатар хотын “Эмээлт” гэх газарт ачиж аваачсан үхрийн 10 тонн махыг найз Батнаагийн агуулахад үлдээгээд өөрөө Баян-Өлгий аймаг руу буцаад явсан...тэгээд Цагаан сарын баярын дараа Батнаа үхрийн махыг тэнд Батсайхан гэх хүнд бөөнд нь зараад надад Батсайханы данснаас махны мөнгө орж ирсэн. Харин энэ мөнгөнөөс Батнаа Үхрийн махыг Баян-Өлгий аймгаас цуглуулах үеэр анх надад зээлсэн 10 сая төгрөгөө аваад үлдсэн байсан. Тэгээд би махны мөнгө орж ирсний дараа Наранцэцэгт 7 сая төгрөгийг банкаар шилжүүлсэн, Тухайн үед Наранцэцэг нь өмнөх ямааны 100 тонн мах, үхрийн 10 тонн мах зарж борлуулсны ашиг гэж хүлээн зөвшөөрөөд надад юм яриагүй байсан. Гэвч 2 сарын дараа над руу залгаж чи 3 сая төгрөг надад өгөх ёстой, би чамд ашгийн мөнгө 5 сая төгрөгийг л өгөх ёстой гэхээр нь би тохирсон ёсоор авах ёстой мөнгөнөөс хамаагүй бага мөнгийг авлаа гэж хариу өгч байсан. Батнаа нь миний үлдээгээд явсан 10 тонн махыг тухайн үеийн ханшаар худалдаж, надад миний 44 сая төгрөгт худалдаж авсан махыг 41 сая төгрөгөөр Батсайхан гэх хүнд борлуулж, уг хүн над руу махны мөнгийг шилжүүлж байсан. Харин би 3 сая төгрөгийн алдагдалд орсон юм. Би Наранцэцэгийн үлдээсэн 15 сая төгрөгт өөрөө нэмж мөнгө гаргаж, үхрийн махыг цуглуулсан бөгөөд үхрийн махыг цуглуулах ажилд Наранцэцэг нь огт оролцоогүй, харин өмнө нь цуглуулсан 100 тонн ямааны махыг Наранцэцэг бид хоёр хамт цуглуулж, Наранцэцэг Улаанбаатар хот руу ачаад явсан байсан. Улаанбаатар хотод аваачин хэнд яаж борлуулсан, хэнээс ямар мөнгө авсан эсэхийг би мэдэхгүй, надад хэн нэгнээс мөнгө төгрөг авсан талаар ч хэлээгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, хохирлын баримт /хх-13/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-73-74 зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны дансаар дамжуулан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Дэлгэрсайхантай “хамтран махны наймаа хийнэ” гэж бодит байдлыг нууж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Дэлгэрсайхан мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Ц.Нийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны дансаар дамжуулан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Дэлгэрсайхантай “хамтран махны наймаа хийнэ” гэж бодит байдлыг нууж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй дүгнэв.
Шүүгдэгч Ц.Нээс гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дэлгэрсайханд 17.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх тул дээрх хохирлыг шүүгдэгч Ц.Нээс гаргуулан хохирогч Б.Дэлгэрсайханд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Нийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Ц.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Нийн цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Нурьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нт 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Нийн цагдан хоригдсон 36 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч, шүүгдэгч Ц.Нийн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 212 цагийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Нээс 17.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Дэлгэрсайхан /РД:ТГ80120210/-т олгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БОЛДБААТАР