Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01276

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01276

 

Г.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01104 дугаар шийдвэртэй

Г.Б-ы нэхэмжлэлтэй,

Д.Г-, С.Б-, М.Т- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 58,834,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би анх 2018 оны 02 сарын 05-ны өдөр Д.Г-ийн эхнэр М.Т-, охин С.Б- нарт түүний ***** номыг хэвлэхэд шаардлагатай гэсэн 45,000,000 төгрөгийг, нэг сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Дараа нь нэмж 2018 оны 03 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн 2018 оны 05 сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Энэ 50,000,000 төгрөгт өмнө нь буюу 2018 оны 01 сард зээлдүүлсэн 6,895,000 төгрөгийг оруулж тооцсон. Нийтдээ 2018 онд 115 сая төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн.

Дээрх зээлээс 2019 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нар 14,977,500 төгрөг төлснийг хасаад төлөгдөөгүй үлдсэн зээлийн дүнгээ нэгтгэн 99,000,000 төгрөгийг төлөх тооцоо гарсныг үндэслэн уг зээлийг нэг жилийн хугацаатай, нэг сарын 1.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож 2019 оны 03 сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Хожим нь 2021 оны 03 сарын 29-ний өдөр Д.Г- нь эхнэр, охин хоёрынхоо зээлсэн мөнгөнөөс төлөөгүй үлдсэн 84,000,000 төгрөгийг төлнө гэж өөрийн гараар бичиж өгсөн. Эхнэр, охин хоёр нь авсан зээлийг нь мэдээгүй, хариуцахгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Харин 50,000,000 төгрөгийн зээлийг өгөхдөө гэрээг бичгээр хийгээгүй тул хүүгээ багасгаж 58,834,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Д.Г-ийн тайлбар, татгалзлын агуулга: Би Г.Б-аас олон удаа мөнгө авч үзээгүй. Харин охин С.Б-ыг Г.Б-аас мөнгө зээлснийг нь 2 жилийн дараа мэдсэн. Г.Б- нь охин С.Б- руу согтуугаар залгаж мөнгөө нэхэн хараадаг байсан учир би түүнтэй уулзаж охин руу дахин ярихгүй, дарамтлахгүй байхыг хүсч Г.Б-ы хүссэн бичгийг, зээлийн дүнг мөн Г.Б-ы хэлснээр итгэн бичиж өгсөн. Үүнээс хойш би 9 удаагийн гүйлгээгээр 17,000,000 төгрөгийг охин С.Б-оос бэлнээр авч Г.Б-д шилжүүлсэн. Түүнээс бус Г.Б-аас мөнгө зээлсэн зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С.Б-, М.Т- нарын тайлбар, татгалзлын агуулга: Бид нар Г.Б-тай 2018 оны 02 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн С.Б- 20,000,000 төгрөгийг 1.5 хувийн хүүтэй зээлж авсан. Харин 2018 оны 05 сарын 05-ны өдөр гэрээ байгуулалүй 43,000,000 төгрөгийг авч 50,000,000 төгрөг болгож өгнө гэсэн баримт үйлдсэн. Иймээс 50,000,000 төгрөгийн хүүг сар бүр 1,5 хувийн хүүгээр төлж байсан.

Сүүлд Г.Б- нь биднийг зээлээ бүрэн төлөхгүй байна гэж дарамт үүсгэн зээл, түүний хүүг нэмж тооцоод 99,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн мэтээр тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид Г.Б-аас 99,000,000 төгрөгийг зээлж аваагүй. М.Т- ч 20,000,000 төгрөгийг зээлж аваагүй. Нэхэмжлэгч Г.Б-аас авсан үндсэн зээл, хүүгийн төлөлт зэргийг тооцож үзэхэд 40,200,000 төгрөгийг төлөхөөр байна. Иймд Г.Б-ы нэхэмжлэлээс 40,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгээс нь татгалзаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар М.Т-, С.Б- нараас 58,834,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Д.Г-эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Т-, С.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 452,124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч М.Т-, С.Б- нар нь Г.Б-аас 2018 оны 02 сарын 06-ны өдрөөс нэг жилийн хугацаатай 45,000,000 төгрөгийг, мөн С.Б- нэмж 20,000,000 төгрөгийг 1.5 хувийн хүүтэй нэмж зээлсэн. Мөн бид 2018 оны 05 сарын 05-ны өдөр гэрээгүйгээр 43,000,000 төгрөг авсан ба 50,000,000 төгрөг аваагүй. Харин уг мөнгийг 50,000,000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон тул баримтад 50,000,000 төгрөг авсан гэж гарын үсэг зуруулсан.

Зээлээс С.Б- 45,000,000 төгрөгийн зээлийн хүүг нэг жилийн хугацаанд сар бүр төлсөн. Мөн 20,000,000 төгрөгийн зээлийн хүүг ч хугацаандаа төлсөн. Харин энэ зээлийг М.Т- аваагүй болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар М.Т-, С.Б- нараас 58,834,750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

5.2. Анхан шатны шүүхээс 2019 оны 03 сарын 05-ны өдөр талууд 99.000.000 төгрөгийг, нэг сарын 1.5 хувийн хүүтэй, 2020 оны 02 сарын 06-ны өдөр хүртэлх хугацаатай зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Энэхүү зээлийн гэрээг байгуулахад Г.Б- нь зээлээ бүрэн төлөхгүй байна гэж дарамт үүсгэн зээл, түүний хүүг нэмж тооцон нөхөж хийсэн гэрээ юм. Гэтэл шүүхээс зээлийн хүүг нөхөж 99,000,000 төгрөг болгон хүүг давхардуулан тооцож илтэд хохиролтой шийдвэр гаргасан. Талууд уг гэрээг төлөгдөөгүй зээл, хүүг тооцож нөхөж хийсэн гэрээ гэж хүлээн зөвшөөрсөн.

Мөн тус зээлийг нэг жилийн хугацаа, сарын 1.5 хувийн хүүтэй гэж заасан ч бодитой олгоогүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байхад нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан зээлийн хүү тохирсон, хугацааг сунгасан нэмэлт тохиролцоо гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

5.3. Шийдвэрт "2018.03.05-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй дахин нэмж хүлээн авсан" гэж тусгаснаас гадна сар бүр зээлийн хүү 300,000 төгрөг төлснөөс харвал талуудын хүсэл зориг өмнөх 2018 оны 02 сарын 05-ны өдрийн гэрээний нөхцөлийг хэвээр байхаар тохиролцсон гэж ойлгохоор байна. Иймд гэрээний хугацаа нэг сар бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгч хүү авах эрхгүй тухай хариуцагчийн татгалзал баримтаар няцаагдаж байна гэсэн.

Шүүх 2019 оны 03 сарын 05-ны өдрийн "Мөнгө хүлээн авсан баримт" 20,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй дахин нэмж хүлээн авсан гэх баримтад С.Б- гарын үсэг зурж, 2018 оны 02 сарын 05-ны өдрийн гэрээний бусад нөхцлийг хэвээр байхаар тохиролцсон гэж үндэслэлгүй дүгнэсэн. Яагаад заавал энэ гэрээний нэмэлт гэж үзсэн нь ойлгомжгүй. Энэхүү 20,000,000 төгрөгийг хүлээн авахдаа 2018 оны 02 сарын 05- ны өдрийн 45,000,000 төгрөгийг хүлээн авсан баримтын дор бичсэнээс бус зээлийн гэрээнд бичээгүй байхад дээрх зээлийн нөхцөлөөр тохиролцсон гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн нь илтэд хохиролтой болсон.

5.4. Нэхэмжлэгч 2018 оны 05 сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл олгохдоо өмнөх 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 6,895,000 төгрөгийн зээлийг нэмж тооцсон гэж тайлбарласан. Хариуцагч бодитоор 43,250,000 төгрөг хүлээн авсан. 2018 оны 01 сарын зээл нь энэ хэрэгт хамааралгүй. Шүүх энэхүү 6,895,000 болон 43,250,000 төгрөгийг нэмж 50,000,000 төгрөгийн баримт үйлдсэн тухай нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд эдгээрийг нэмэхэд 50,145,000 төгрөг болж 145,000 төгрөгөөр илүү байхад 50,000,000 төгрөгийн зээл авсан гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

5.5. Дээрх зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээл, хүүгийн тооцоог нийт 126,400,000 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчээс 115,000,000 төгрөгийн зээл аваагүй, харин 45,000,000 төгрөг, 20,000,000 сарын 1.5 хувийн хүүтэй, 43,250,000 төгрөгийг хүү авч нийт 108,250,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хасвал 40,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч М.Т-, С.Б- нараас 58,834,750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж 18,634,750 төгрөгийг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: С.Б- 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 1.5 хувийн хүүтэй нэмж авсан тухай, мөн М.Т-, С.Б- нар нь 2018 оны 05 сарын 05-ны өдөр Г.Б-аас зээлийн гэрээ байгуулалгүй 43,000,000 төгрөг авч 50,000,000 төгрөг болгож өгнө гэсэн гэх тайлбар ч үндэслэлгүй. 2018 оны 02 сарын 05-ны өдөр 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, 1 сарын дараа мөнгө дутчихлаа 20,000,000 төгрөгийг нэмж зээлээч гэж гуйсан. мөн 2 сарын дараа дахин 50,000,000 төгрөг зээлсэн. Өмнө нь 6,800,000 төгрөг өгсөн, түүн дээр 43,250,000 төгрөгийг нэмж өгөөд 50,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Би гэрээ хийе гэсэн ч аав, ээж хоёр Хөх хотод ном хэвлүүлэх ажлаар удаан хугацаагаар явсан гээд гэрээ хийгээгүй ч сар бүрийн хүүг төлж байсан учир итгэсэн. Хүүгүй зээл авсан бол хүү төлөхгүй байсан. 45,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн атлаа 70,000,000 төгрөгийг хүүгүй, хугацаагүй, барьцаагүй зээлдүүлэх логик байхгүй.

Нэгэнт гэрээнд хүү тусгагдаагүй учир 20,000,000 болон 50,000,000 төгрөгийн зээлийн хүү төлснийг хасч 67,000,000 төгрөг нэхэмжилснээс 58,800,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хэрэгт зээл өгсөн, буцаан хүү төлсөн баримтууд авагдсан. 2019 онд төлөөгүй үлдсэн мөнгөө тооцон шинээр гэрээ байгуулж М.Т-, С.Б- нар гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дуусахад 84,000,000 төгрөгийг огт өгөөгүй, Ковид 19 цар тахал гарснаас хойш гэрээг сунгаагүй өнөөдрийг хүртэл 84,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийн хүү аваагүй. Хэрэв хүү авсан бол 63,000,000 төгрөг авах байсан. Мөн 2018 оны гэрээнээс 67,000,000 төгрөгийг огт аваагүй. 2019 оны 03 сарын 21-ний өдөр Д.Г- манай гэрт ирээд Уучлаарай, манай гэр бүл танд маш их баярлаж байгаа, үлдсэн 84,000,000 төгрөгөө би өөрөө хариуцна, харин зээлийн хүүгээ үндсэн зээлээ төлж дууссаны дараа төлье гээд өөрийн гараар бичиг хийж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Д.Г-, С.Б-, М.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 58,834,750 төгрөг болгон багасгаснаас хариуцагч С.Б- 40,200,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. Нэхэмжлэгч Г.Б-, хариуцагч М.Т-, С.Б- нар 2018 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан, уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 45,000,000 төгрөгийг нэг сарын 1,5 хувийн хүү тооцон нэг жилийн хугацаатай зээлдүүлж, хариуцагч нар зээлийн хүүг сар бүр төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст төлж дуусгахаар тохиролцсон, мөн оны 03 сарын 05-ны өдөр хариуцагч нар дээрх зээлийн гэрээний нөхцөлөөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж зээлжээ.

Мөн талууд 2019 оны 03 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 99,000,000 төгрөгийг нэг сарын 1,5 хувийн хүүтэй, зээлийн хүүг хариуцагч нар сар бүр төлөх, гэрээний хугацааг 2020 оны 02 сарын 06-ны өдрөөр дуусгавар болгохоор тохиролцон гэрээ байгуулжээ. /хх 34-36, 68-70/ Түүнээс гадна хариуцагч нар 2018 оны 05 сарын 05-ны өдөр зээлийн 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан тухай баримтыг талууд үйлдсэн байна. /хх 97/

Хариуцагч нар дээрх зээлийн гэрээгээр /45,000,000+20,000,000/ 65,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн талаар маргаагүй, харин 50,000,000 төгрөг бус 43,250,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгчээс 2018 оны 01 сарын 17-нд 6,895,000 төгрөгийг хариуцагч С.Б-ын Хаан банкны 5006557436 тоот, мөн түүний Голомт банкны 1605030566 тоот дансанд 2018 оны 05 сарын 05-нд 43,250,000 төгрөгийг тус тус шилжүүлж зээлдүүлэгчийн үүргээ биелүүлсэн нь нотлогджээ.

 

5. Дээрх үйл баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

Хариуцагч М.Т-аас Г.Б- хамтран зээлдэгч хэрэгтэй гэсний дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлээс огт аваагүй гэх тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж нэхэмжлэлээс татгалзсан ч зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтад хариуцагч С.Б-ын хамт гарын үсэг зурсан байх тул түүнийг зээлдэгч гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар тэрээр зээлийн гэрээний үүргийг хариуцагч С.Б-той хамтран хариуцах үүрэгтэй.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлсэн мөнгөө, хүүгийн хамт гэрээнд заасан хугацааны эцэст нэхэмжлэгчид буцаан төлсөн байх үүрэгтэй. Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, хариуцагч нарын дээрх 3 зээлийн гэрээний /53,100,000+23,300,000+50,000,000/ үүрэг 126,400,000 төгрөг болохыг, үүнээс хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 03 сарын 03-ны өдрийн байдлаар 25,533,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг зөв тогтоосон байна.

Хариуцагч тал энэхүү 126,400,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг шүүх буруу тооцсон буюу 20,000,000 төгрөгөөс хүү тооцож, 43,250,000 төгрөгийн дүнгээр бус 50,000,000 төгрөгөөс зээлийг төлүүлэхээр тооцсон гэх давж заалдах гомдол нь анхан шатны шүүхийн дээрх тооцоолол, үндэслэлээр үгүйсгэгдэж байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

7. Улмаар хариуцагч нар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид /126,400,000-25,533,000/ 100,867,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс талууд 99,000,000 төгрөгийн хэмжээгээр тооцон 2019 оны 03 сарын 05-ны өдөр нэг жилийн хугацаатай, зээлийн нэг сарын хүү 1.5 хувь байхаар зээлийн гэрээг шинээр байгуулсан байна. Энэхүү гэрээг талууд байгуулаагүй, уг мөнгийг нэхэмжлэгч зээлдүүлээгүй тухай хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт буцаан төлж чадаагүй бөгөөд зээлийн төлөгдөөгүй дүнгээс тооцон талууд гэрээг шинээр байгуулсныг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзэх тул уг гэрээ мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах гомдолдоо тус зээлийн гэрээг байгуулахаар нэхэмжлэгч дарамт үүсгэсэн гэх боловч энэ тухай тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

8. Дээрх зээлийн гэрээний үндсэн үүрэг 99,000,000 төгрөг, 12 сарын хүү 17,820,000 төгрөг, нийт 116,820,000 төгрөгөөс хариуцагч нар 49,005,000 төгрөг төлснийг хасч, хариуцагч нар үлдэх 67,815,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйг анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 58,834,750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь талуудын зарчимд нийцэх бөгөөд анхан шатны шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлж, хариуцагч С.Б-, М.Т- нараас 58,834,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч нарын давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч Д.Г-эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01104 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,125 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ