Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        03          21                                    2019/ШЦТ/264

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ;

хохирогч: Б.А;

шүүгдэгч: А.Н (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох эрүүгийн 1903000090066  дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .................. тоотод ошин суух бүртгэлтэй), ял шийтгэлгүй, ............ регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Очир овогт А.Н.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч А.Н нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 цаг 55 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Залуучуудын өргөн чөлөө, Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны урд талын замд Тоёота Приус-20 маркийн 15-97 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Б.Аийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ:  Өмнө нь мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Яллах дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 7 цаг 55 минутын үед МУИС-ийн 2 дугаар байрны урд талын явган хүний гарцаар баруунаас зүүн талын урсгал руу зам гарах гэж байтал машинд дайруулсан. Баруун хөлийн шагайн яс хугарсан. Одоо гомдол санал байхгүй, харин цаашид эмчилгээ хийлгэх болон нүдний шилний мөнгөө жич нэхэмжилнэ. Хохиролд нийт 668.600 төгрөг авсан гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А /хх-ийн 20-22/, гэрч С.Ганцэцэг /хх-ийн 38-39/ нарын мэдүүлэг, А.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 78-79/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 784 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/, Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 1549 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-58/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 59-61/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/, А.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 103-109, 111-113/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 110/, зээлийн гэрээ /хх-ийн 114/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Н нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 цаг 55 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Залуучуудын өргөн чөлөө, Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны урд талын замд Тоёота Приус-20 маркийн 1597 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Б.Б.Аийг мөргөн хүндэвтэр гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Б.Аийн /хх-ийн 20-22/: “...Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байрны урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад 07 цаг 55 минутын үед машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Ганцэцэгийн /хх-ийн 38-39/: “...МУИС-ийн 2 дугаар байрны урд замд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал “тар няр” гээд чимээ гарсан. Би шууд зогсоод машинаасаа буугаад хартал миний машиныг мөргөчихсөн байсан. Тэгэхээр нь би жолооч дээр гүйж очоод “яагаад намайг мөргөчихвөө” гэж асуутал, хажуунаас нэг хүн “наад хүн чинь хүн мөргөчихсөн юм биш үү” гэсэн. Хартал миний машиныг мөргөсөн машины урд талд нэг улаан хувцастай охин зүүн урд талын буланд нь машины хажууд сууж байсан...” гэх мэдүүлгээр,

 

А.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 78-79/: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Т.Приус 20 маркийн 1597 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон 07 цаг 50 минутын орчим МУИС-ийн 2 дугаар байр баруунаас зүүн чиглэлд яваад явган хүний гарцаар гарч байтал зорчих хэсгийн зүүн талаас явган хүний гарцаар улаан өнгийн куртик өмссөн эмэгтэй хүүхэд гүйгээд гараад ирсэн. Би баруун гар тал руу дараад явган зорчигчийг мөргөөд дараа нь Истима маркийн машины зүүн хойд буферийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлгээр,

 

Б.Б.Аийн биед “баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 784 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 47/,

           

             “...Тоёота маркийн Приус-20 загварын 15-97 УНЧ улсын дугаартай автомашин  ...ослын үед урд салхины шил зүүн талаараа цөмөрч хагарсан, урд буферын баруун талын шанаа дээд хэсгээрээ хагарч унасан” гэх Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 1549 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  /хх-ийн 54-58/,

 

“Тоёота Приус-20 маркийн 15-97 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 59-61/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон  байна.

 

            Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч А.Н нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч А.Нгийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А нь “одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлыг нэхмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн иргэний нэхэмжлэгч С.Ганцэцэг “...нэхэмжлэх хохирол байхгүй...” гэсэн нь хэргийн 37 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь түүнд төлөх төлбөргүй болно.

 

Харин хохирогч Б.А нь цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг, эмчилгээтэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч А.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Очир овогт А.Нг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Б.А нь цаашид гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг, эмчилгээтэй холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ