| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 002/2020/0635/Э |
| Дугаар | 312 |
| Огноо | 2021-12-01 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 312
А.Б-д оногдуулсан хорих ялыг зорчих
эрхийг хязгаарлах ялаар солих тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Б.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар шүүгчийн захирамж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар магадлалтай, А.Б-д холбогдох хэргийг прокурор Э.Идэрбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жан Лан” ХХК-д ажилладаг байсан, ам бүл 4, эцэг, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салааны 23 тоотод оршин суух хаягтай,
1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 59 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
2. Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 273 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 хорих ял тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 6 жил хорих ял,
3. Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 273 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 16 хоногийн хорих ялын зарим болон 1 жилийг нэмж нэгтгэн нийт 6 жил хорих ял шийтгэгдсэн,
4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 496 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосон,
5. Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил хорих ял,
6. Багахангай, Налайх дүүргийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 11 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоосон,
7. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн,
одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Хорих-417 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байгаа, хоригдол Б овогт А-н Б-.
А.Б- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлжээ.
Төв аймгийн прокурорын газраас хоригдол А.Б-д Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын12-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн Монгол Улсын “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар “зорчих эрхийг хязгаарлах ял”-аар дүйцүүлэн солиулахаар прокурорын дүгнэлт гаргасныг, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дүгнэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоригдол А.Б-ын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай прокурорын дүгнэлтийг хэлэлцээд, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хоригдол А.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэлэлцээд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд прокурор Э.Идэрбат бичсэн эсэргүүцэлдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрүүдийг эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, өршөөн хасах, ялын төрлийг солиход тухайн хоригдолд ...шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялаас нь холбогдох өршөөлийг үзүүлэх, түүнээс тооцохыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 6, 7 дугаар зүйлүүдэд ойлгомжтой бөгөөд маш тодорхой хуульчилж өгсөн.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэхүү заалт, ойлголтыг үндэслэн Монгол улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Прокурор, Шүүх байгууллага санал, дүгнэлт, захирамж шийдвэрийг гаргаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн.
Гэтэл шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай захирамжид “...хоригдол А.Б- нь дээрх хоёр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас алинаас 3 сар 22 хоног эдэлснийг нь тодорхойлох боломжгүй” гэж, ...өөрөөр хэлбэл хоригдлын мөн хугацаанд эдэлсэн хоног нь аль гэмт хэрэгт оногдуулсан ялыг нь эдэлсэн болох нь тодорхойгүй гэж төөрөгдсөн, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд энэхүү хуульд ...шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялаас нь холбогдох өршөөлийг үзүүлэх, түүнээс тооцохоос өөр аргачлал байхгүй юм.
2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт "... Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж туйлын ойлгомжтой бөгөөд маш тодорхой, хоёрдмол утга санаагүйгээр хуульчилж, зохицуулсан.
Хуулийн энэ заалт нь шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа, ял шийтгүүлсэн ялтанд өршөөл үзүүлэх асуудал болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу одоо ялаа зохих байгууллагын хяналтанд эдэлж байгаа ялтан, хоригдолд хэрхэн өршөөл үзүүлэх талаар 2 утга санааг илэрхийлсэн.
Үүнээс дүгнэхэд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн цаг хугацаанд хорих ангид хорих ялаа эдэлж байгаа хоригдлуудад өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооход хуульд заавал нэмэлтээр нарийвчлан зохицуулалт шаардлагагүй, тодорхой ойлголтыг өгсөн байна.
Нөгөөтээгүүр авч үзвэл, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байдаг. Мөн эндээс дүгнэхэд хоригдол А.Б-ын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт багтсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, үлдэгдэл ялыг эдлүүлэх, ингэхдээ зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ шийдвэр нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан “...энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэсэн заалтад гарцаагүй нийцсэн, хууль ёсны шийдвэр болох юм.
Гэтэл шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай захирамжид "... зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялтай тусад нь эдлүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулагдаагүй” гэж хэт нэг талыг барьсан, мөн “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж дуусаагүй байх тул мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжгүй” гэж хуульд байхгүй, үл зохицуулагдсан үндэслэл дурдаж шийдвэрлэсэн байна.
3. Тус Прокурорын газраас дээрх тохиолдолтой ижил үндэслэлээр хэд хэдэн хоригдлыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулах, сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг хоригдлын өршөөлд үл хамаарах гэмт хэрэгт оногдуулсан ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр дүгнэлт үйлдэж харьяа Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Дээрх прокурорын бичсэн дүгнэлтээс 22 дүгнэлтийг нь шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэн хоригдлыг өршөөлд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөлд үл хамаарах ялыг нь эдэлж дууссаны дараа буюу ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байхад, хоригдол А.Б-д холбогдох хэрэгт бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан болон давж заалдах шатны шүүгч нараас Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай захирамж, мөн аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай магадлал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарчим, зорилго хийгээд үзэл санаа, баримтлалд үл нийцсэн, хоригдлын эрх зүйн байдлыг дордуулсан, Өршөөл үзүүлэх тухай болон бусад хууль тогтоомжоос гадуур, ямар эрх зүйн баримт бичгээр тодорхойлогдоогүй үндэслэл дурдаж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалын хүчингүй болгуулж, хоригдол А.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Б.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Төв аймгийн прокурорын газраас гаргасан прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглээг нэг мөр болгох, нэгдсэн ойлголтод хүрэх, практик тогтоох санаа зорилгыг дэмжиж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлал, Эрүүгийн хуулийн зарчимд тулгуурлан хууль зүйн дүгнэлт гаргаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хорих ялыг өршөөн хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсгээр нь тодорхой тусгаж, бусад гэмт хэргийг нь өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Мөн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч, ялтанд өршөөл үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрт оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, үлдэх ял болон өршөөлд үл хамаарах ялыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр зохицуулжээ. Хуулийн агуулга, зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг бүрт өршөөл үзүүлэх хэлбэр болон үл хамаарах гэмт хэргийг зааглан хуульчилсан ба уг хэлбэрт нийцүүлэн өршөөн хэлтрүүлэх нь хуулийн үзэл баримтлалд нийцэхээр байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, ялтны үйлдсэн гэмт хэрэг бүрт өршөөн хэлтрүүлэх тохирох хэлбэрийг сонгон хэрэглэж, ялын үлдэх хэсэг, өршөөлд үл хамаарах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд үндсэн ял болох хорихоос өөр төрлийн ял, хорих ялыг тус тусад нь эдлүүлэх тохиолдолд аль төрлийн ялыг эхэлж эдлүүлэх, хугацааг нь хэзээнээс эхэлж тооцох талаар тодорхой зохицуулаагүй байна.
Үүнээс үзэхэд шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид хорих ял болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол хүнд төрлийн ял болох хорих ялд нь хорихоос өөр төрлийн ялыг хуульд заасны дагуу дүйцүүлэн нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн үндсэн ял бүрийг нэг цаг хугацаанд эдлүүлэх үзэл санаа илэрхийлэгдэж байна.
Мөн хууль тогтоогч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу Эрүүгийн хуулиар хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний хүрээнд хэрэглэх талаар хуульчилсан гэж үзэхээр байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаас өөрөөр тайлбарлаж, хэд хэдэн ялын төрлөөс эхэлж эдлэх, хугацааг тооцож эхлүүлэх ялыг сонгож, түүнийг дуусгавар болсны дараа өөр төрлийн ялыг эдлүүлэх талаар шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхгүй байх зарчим алдагдах нөхцөл бүрдэнэ.
Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан “шүүгдэгч, ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр зохих өршөөлд хамруулах” зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, тусгайлан зохицуулаагүй хэм хэмжээг хэрэглэх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, төсөөтэй хэрэглэх жишиг тогтох, өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээд шүүхээс оногдуулсан хэд хэдэн ялын төрлийг нэмж нэгтгүүлэхгүйгээр тус тусад нь эдлэх, эхэлж эдлэх ялын төрлийг сонгох гэх мэт хуульд байхгүй журмыг тайлбарласан, бий болгосон сөрөг үр дагавар үүсэхээр байна.
Учир нь зөвхөн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хэд хэдэн ялын төрлийг нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэх, эхэлж эдлэх ялын төрлийг сонгож байгаа хэм хэмжээ биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчим, хэм хэмжээ, журмыг тайлбарлан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа тул цаашид хууль хэрэглээний зөрүүтэй ойлголт үүсэх талтай юм.
Иймд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн ялыг нэмж нэгтгэх зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар хуулийн үзэл баримтлал, зарчим, эрх зүйн онолд тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоригдол А.Б- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорил ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх хорих ял дээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 231 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг одоо эдэлж байгааг прокурор дүгнэлтдээ тодорхой дурдаж, түүний үйлдсэн "хулгайлах" гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тул тухайн зүйлд зааснаар оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулахаар дүгнэлт гаргасан байна.
Анхан шатны шүүхээс “... хоригдол А.Б- нь дээрх 2 хэрэгт оногдуулсан хорих ялын алинаас нь 3 сар 20 хоног хорих ял эдэлснийг тодорхойлох боломжгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялтай тусад нь эдлүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулаагүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... ял эдэлж байгаа ялтанд өршөөлд хамрагдах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлж, өршөөлд үл хамаарах ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсан. Хоригдол А.Б- өршөөлд хамаарахгүй Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил хорих ялыг эдэлж дуусаагүй тул Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжгүй” гэсэн үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд уг хууль бус шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болно.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэсэгчлэн хамааруулж, оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор тодорхойлон заасан хуулийн заалтыг хуульд заагаагүй үндэслэл дурдан хэрэглэхээс татгалзаж, Эрүүгийн хуульд тодорхойлсон хүнд ялыг хөнгөн ялаар дүйцүүлэн солих хэлбэрээр заавал хэрэгжүүлэхээр тогтоосон хэм хэмжээг биелүүлэлгүй, прокурорын дүгнэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаанд тооцогдоно.
Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж тодорхойлсон нь агуулгын хувьд хоёрдмол утгагүй, ойлгомжтой зохицуулалт юм.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан журмын дагуу өршөөл үзүүлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалт, хэсэг бүрд оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараагаар үлдсэн ижил төрлийн ялуудыг хооронд нэмж нэгтгэх, харин өөр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, өршөөлд үл хамрах ялыг зохих журмын дагуу эдлүүлсний дараа өршөөлийн үйлчлэлд хамаарах хэм хэмжээг хэрэгжүүлэхээр тогтоох нь уг хуулийн зорилгод нийцсэн, хоригдлын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болно.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хуулийн хэрэглээг зөвтгөж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар ялтан А.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийг өршөөлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар шүүгчийн захирамж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялтан А.Б-д Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН