Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0450

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0450

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Ш.Э нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Э нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш.Э 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Албан тушаалд дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль болохыг тогтоолгож, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшүүлэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 7 дугаар зүйлийн 7.1.3, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшүүлэх /санал болгох/-ийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Төрийн албан зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 6 дугаар сард зохион байгуулсан.

Уг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 41 дүгээр тогтоолоор тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан 3 иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэж уг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Л.У салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр албан бичгээр Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

Гэтэл Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохих мэргэжлийн байгууллага, албан тушаалтны санал, дүгнэлт авалгүй томилох боломжгүй тухай хариуг нэлээд хугацааны дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр ирүүлсэн тул салбар зөвлөлөөс хууль тогтоомжийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч Авлигатай тэмцэх газраар хянуулах тухай зөвлөмжийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Гэвч Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус зөвлөмжийг биелүүлээгүй.

Тус салбар зөвлөлөөс дахин 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар албан бичгээр Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Л.У хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч Авлигатай тэмцэх газраар хянуулж томилох эсэх асуудлаа шийдвэрлэхийг шаардаж, энэхүү шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул дээрх үйлдэл нь хууль бус болохыг шүүхээр тогтоолгох нь зүйтэй тухай зөвлөмжийг Л.У 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар албан бичгээр өгсөн.

Л.У ч нэхэмжлэл гаргаж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хэрэв Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Л.У хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 2017 оны 6 дугаар сард буюу анх нэр дэвшүүлсэн үед л авч Авлигатай тэмцэх газраар хянуулж, хувийн ашиг сонирхлын зөрчил үүссэн бол залруулах /нэр дэвшигч Л.Уранбилэгийн ээж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхийн шийдвэр гарснаас хойш чөлөөлөгдсөн/ засах боломжгүй гэж үзвэл томилох боломжгүй талаарх шийдвэрээ Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлж асуудлыг аль эрт шийдвэрлэх боломж байсан.

Гэвч улс төржиж зөрчилтэй томилогдсон Ш.Э эрх ашиг хөндөгдөнө гэж үзэж Авлигтай тэмцэх газраар хянуулалгүй нэлээд хугацаагаар дарсан байдаг. 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж заасны дагуу Л.У гомдолтой холбоотой шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байсан тул Төрийн албаны салбар зөвлөлөөс Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх эсхүл сонгон шалгаруулалт дахин явуулах эсэх асуудлыг шүүхийн эцсийн шийдвэр гартал буюу 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал шийдвэрлэх боломжгүй байсан.

Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг баталж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа нь нэхэмжлэгч Ш.Э Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх хууль зүйн үндэслэлгүй болсон талаар тайлбарласан боловч хууль тогтоомжийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1.Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны зарчим, төрийн захиргааны албан тушаалд тавих шаардлага болон бусад томоохон өөрчлөлт орж энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлж Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” батлагдаж улсын хэмжээнд төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт боловсруулах, зөвшөөрөх, батлах ажил хийгдэж байна.

Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь ТЗ-7 буюу ахлах түшмэлийн ангилалд орох бөгөөд нэхэмжлэгч Ш.Э нь уг шалгуурыг хангахгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс хууль тогтоомж өөрчлөгдөж тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг Ш.Э хангахгүй болсон нь өөрөөс нь үл хамаарах шалтгаан тул дээрх хуулийн зүйл заалтыг хэрэглэхгүй байх боломжтой гэж үзсэн нь буруу гэж үзэж байна.

2.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална.

Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална”, 27 дугаар зүйлийн 27.1.1-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж зохицуулсан тул Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах болсон.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ”сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг тодорхойлсон.

Харин Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг баталж шинээр бий болсон орон тоог дээрх хуульд заасан сул орон тоонд тооцохоор тайлбарласанг зөвхөн шинэ орон тоо байхаар тайлбарласан нь буруу юм.

3.Ш.Э Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд нэг ч удаа өргөдөл ирүүлж байгаагүй.

Харин Төрийн албаны зөвлөлөөс шилжин ирсэн Ш.Э өргөдлийг Л.У хяналтын журмаар гомдол гаргасан тул шүүхийн эцсийн шийдвэр гартал асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаар Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар албан бичгээр хариуг мэдэгдэж хувийн Төрийн албан зөвлөлд хүргүүлсэн.

Уг асуудлаар Ш.Э 2019 оны 3 дугаар сард дахин Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Б өргөдөл гаргаж зохих хариу, тайлбар авсан үйлдэлд Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл хууль тогтоомж зөрчөөгүй байтал “хуульд нийцээгүй” гэж дүгнэж байгаа нь буруу юм.

Харин Ш.Э “танай Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 6 дугаар сард буюу анх Төрийн албаны салбар зөвлөлөөс Л.Уранбилэгийг нэр дэвшүүлэхэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч Авлигатай тэмцэх газраар хянуулж зохих шийдвэрээ гаргаж Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлж асуудлыг шийдвэрлэх боломж байсан.

Гэтэл танай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Авлигатай тэмцэх газраар Л.У хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй дарж хугацаа алдсан нь эцэстээ Л.У гаргасан гомдлыг шийдвэрлэх шүүхийн эцсийн шийдвэр 2019 он гарснаас хойш гарч байгаа нь ийм байдалд хүрсэн тухай” тайлбарласныг Ш.Э “танайх манай хариуг удаан өгдөг болохоор манайх адилхан удаан өгнө” гэж ойлгож байгаад харамсаж байна.

Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв боловч хууль хэрэглээний болон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа алдаа гаргасан байх тул зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 40-д удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй” гэж зааснаар нэгэнт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 1-рт шалгарсан Л.У томилохгүй байгааг хуульд нийцсэн гэж үзсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор 2-рт шалгарсан нэхэмжлэгчийг хариуцагчийн зүгээс уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх боломжтой.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-оос доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” шаардлага тавигдсан, Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь ТЗ-7 буюу ахлах түшмэлийн ангилалд хамаарахаар байгаа ч энэ тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад нэгэнт бүртгэгдсэн нэхэмжлэгчийг сүүлд батлагдсан хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн нэр дэвшүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болно.

Түүнчлэн бодит байдалд Ш.Э нь Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр анх Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаар албан бичгээр Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн дараагийн хүний нэрийг дэвшүүлэх хүсэлтийг уламжилсаны хариуд Салбар зөвлөлийн мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140 дүгээр албан бичгээр Л.У нэхэмжлэлтэй захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл Ш.Э нэр дэвшүүлэх асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн, мөн ийм агуулга бүхий хариуг нэхэмжлэгчид 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар албан бичгээр өгсөн, Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Л.У албан тушаалд томилохоос татгалзаж, улмаар уг албан тушаалд томилогдох дараагийн хүнийг уламжлахыг хариуцагчаас хүссэн зэргээс тус тус үзэхэд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Харин Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 391 дүгээр “Өргөдлийн хариу”-д “…Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөх боломжгүй бол удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс тусгай шалгалт зохион байгуулан нөхнө юм. Иймд Таныг дээрх албан тушаалд нөөцөөс нэр дэвшүүлэх боломжгүй” гэсэн ч 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хууль батлагдаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрхийг дордуулахгүйгээр сул орон тоонд нэр дэвшүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-ын “улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмыг баримтална” гэсэн заалт энэхүү хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах зохицуулалттай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7 дугаар зүйлийн 7.1.3...” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН