Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 234

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК /РД: *******/

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Ц.Х******* миний бие “Б” ХХК-ны захирал бөгөөд тус компани нь БГД-ийн 20 дугаар хороо, УБ ***-н баруун урд орших 1250 м.кв талбай бүхий газрыг БГД-ийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А\367 тоот захирамжаар 5-н жилийн хугацаагаар аж ахуйн зориулалтаар эзэмших болж, ********* тоот гэрчилгээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж, уг газар дээрээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүрсэн билээ.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А\287 тоот захирамж гаргаж манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан гэсэн асуудлыг саяхан Баянгол дүүргийн өмч газрын харилцааны албаны мэргэжилтэн Г.Маас олж мэдсэн бөгөөд энэхүү захиргааны актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд гомдлоо албан ёсоор гаргасан боловч 30 хоногийн дотор хариу өгөөгүй.

Нөгөө талаас энэхүү Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ы өдрийн 8\02 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А\287 тоот захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай, манай компанийн газар эзэмших эрхэд халдах хууль зүйн үндэслэл байхгүй илт хууль бус захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэсэн заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Энэхүү захиргааны акт илт хууль бус болох хууль зүйн үндэслэлийн тухайд:

1. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А\287 тоот захирамждаа “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заалтыг зөрчиж хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй...” гэсэн үндэслэлүүдийг дурдаад хувь хүн болон хуулийн этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон захирамжуудын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосугай гэж заасан. Энэхүү актад дурдсан хууль зүйн үндэслэлүүдийн аль нь ч манай “Б” ХХК- ны Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А\367 тоот захирамжтай 1250 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй хамааралгүй бөгөөд манай компани уг газар эзэмших эрхийг хуулийн хүрээнд эзэмшдэг бөгөөд тухайн газар дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зориулалтын дагуу ашиглаж байгаа билээ.

2. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас манай “Б” ХХК-ны Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А\367 тоот захирамжтай 1250 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А\287 тоот захирамжаар хүчингүй болгосон гэж бидэнд 2016.09.21-ны өдөр мэдэгдсэн бөгөөд энэхүү хүчингүй болгосон захирамжтай нь танилцахад хүчингүй болгосон хэсэгт “Б” ХХК-ны нэр бичигдсэн байх боловч манай компанид газар эзэмших эрх олгосон шийдвэрийн огноо тавигдаагүй, харин 2012 оны А\239 дүгээр захирамжийн “Б” ХХК,... гэсэн байгаа нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай захирамж байсан. Өөрөөр хэлбэл манай “Б” ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А\367 тоот захирамжаар 1250 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхтэй болохоос хүчингүй болгосон захирамжид дурдсан 2012 оны А\239 дүгээр захирамжаар ямар ч газар эзэмшдэггүй юм. 

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А\287 тоот захирамж илт хууль бус акт бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр хүчингүй болгосон бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 .... энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Захиргааны актын  агуулга ойлгомжтой, тодорхой байна, 43 дугаар зүйлийн 43.1 Захиргааны актыг хаяглагдсан этгээдэд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ, Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн...” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Б” ХХК-иас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

“Б” ХХК-д дээрх газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дугаа энэ хуулийн 21.2.2-т заасан “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох,”-г баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.4-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохооо зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчин тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтын зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон байна. 

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/377 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлж дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно. 

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “...Баянгол дүүргийн Засаг дарын А/287 тоот захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай, компанийн газар эзэмших эрхэд халдах хууль зүйн үндэслэл байхгүй илт хууль бус захиргааны акт...” гэж шүүхэд ханджээ.

1.Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” 177 дугаартай захирамжаар  “Б” ХХК-нд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар ***-ын баруун талд 2000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ”аж ахуйн“ зориулалтаар эзэмшүүлж, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаартай захирамжаар  уг газрын талбайн хэмжээг 1250 м.кв өөрчилж, 5 жилийн хугацаатайгаар мөн “аж ахуйн” зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх,  “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” А/287 дугаартай захирамжаар  нэхэмжлэгч “Б” ХХК-нд олгосон дээрх 1250 м.кв газрыг тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч Засаг даргаас дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг тогтоолыг үндэслэж, тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий газрыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан журмыг зөрчсөн тодорхой үндэслэлүүдээр хүчингүй болгосон...” гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй байна. 

  Гэвч нэхэмжлэгч “Б” ХХК-иас “...хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга маргаан бүхий А/287 дугаар захирамжиндаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр хүчингүй болгосон бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 43 дугаар зүйлийн 43.1-д ”Захиргааны актыг хаяглагдсан этгээдэд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн...” гэж мэдүүлж байгаа нь үндэслэлтэй байна. 

Учир нь Захиргааны ерөнхийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус акт гарсан цагаасаа эрх зүйн үр дагаваргүй байдаг тул илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрдөг, утга агуулгын илэрхий алдаатай, батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй, эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Гэтэл дээрх маргааны бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх олгосон шийдвэр, эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “...Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжийн “Б” ХХК холбогдох хэсгийг хүчингүй болгосугай...”  гэж байгаагаас үзэхэд уг актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” захиргааны илт хууль бус акт болсон байна.

Тодруулбал хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/239 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК-д газар эзэмшүүлж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчид огт хамааралгүй захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь илт хууль бус актын үндэслэлд тооцогдохоор байна. 

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын агуулгын хэсэг буюу тухайн шийдвэрийн “Б” ХХК-тай холбогдох хэсэгт ямар асуудлыг эцэслэн шийдвэрлэх гэж байгаа нь хэн ч харсан илтэд алдаатай гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу Баянгол дүүргийн Засаг дарын А/287 тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг нь уг актыг гарсан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болсон болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн “Б” ХХК холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.7, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлйн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 тоот захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР