Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 09

 

 

    Г.Сэмбээжавын нэхэмжлэлтэй иргэний 
    хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхийн шүүх
 хуралдааны бүрэлдэхүүнд: 
    
                                                                         Даргалагч шүүгч:Т.Жаргалсайхан 
                                                                    Шүүгчид: Л.Нямдорж, Л.Уламбаяр
Оролцогчид:
 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Мөнхнасан
Нарийн бичгийн дарга: О.Дэжидмаа

Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Г.Сэмбээжавын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 
    
    Нэхэмжлэгч Г.Сэмбээжав Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.Сэмбээжав миний бие 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд биеийн тамирын багшаар орж байсан юм. Ингээд 2015 оны 10 сард намайг үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Тухайн үед нь шүүхэд гомдол гаргахад намайг биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны чинь цалинг өгнө гээд миний бие шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байсан юм. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх шалтгаанаар дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн юм. Иймд миний бие Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ. 
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Буяннэмэх шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Нэхэмжлэгч нь Чандмань сумын сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-нээс биеийн тамирын багш М.Түмэнбаяртай өөрсдөө тохиролцон 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дотуур байрны багшаар ажиллахаар болсон. Дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа 2 удаа архи ууж, эхний удаа 1 хоног,  2 дахь удаа архи уухдаа 2 хоног ажлаа тасалсан тул ажлаасаа халагдсан. Ингээд хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлээ гаргачихаад шүүхээс буцааж татаж авсан. Одоо гаргасан нэхэмжлэлдээ миний биеийг биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг өгнө гээд миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 

2


татгалзаж байсан гэж дурдсан байна. Үүнийг огт үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч биеийн тамирын багшаар ажиллах ёстой гэж үзсэн бол 2015 оны 10 дугаар сарын 01-нээс дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа хуулийн 30 хоногийн хугацаанд шүүхэд хандах ёстой. Тийм учраас энэ хүн нь өөрөөр харилцан тохиролцоод дотуур байрны багшийн ажлыг 60 орчим хоногийн хугацаанд хийчихсэн учраас биеийн тамирын багшийн ажилд орох нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. 
  Хоёрдугаарт: дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа 2 удаа архидан согтуурч ноцтой зөрчил гаргасныхаа дараа шүүхэд хандчихаад нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл нь намайг буцаагаад биеийн тамирын багшаар ажилд эгүүлэн томилж, цалинг нь өгнө гэсэн нь огт үндэслэлгүй зүйл. Яагаад гэвэл энэ хүн чинь дотуур байрны багшаар ажиллаж байгаад халагдсан хүнийг буцаагаад биеийн тамирын багшаар ажилд орох нь эргэлзээтэй байна. Энэ хүн биеийн тамирын багш байсан бол дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаандаа шүүхэд хандан нэхэмжлэл гаргах ёстой байсан. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж байна.  Ажилгүй байсан хугацааны цалинг байгууллага нь хэн нэгэн хүнтэй тохиролцоод хаанаас ч гаргаад өгөх боломжгүй. Хэрвээ энэ хүн шүүхэд хандаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цалин олгохоор шийдвэрлэсэн бол олгох боломжтой болохоос зүгээр хэн нэгэн хүнтэй тохиролцоод ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөх зүйл анги, санхүүгийн боломж, эрх мэдэл сургуулийн захиралд байхгүй. Тийм учраас энэ нь үндэслэлгүй байна. Хэрвээ ингэж тохиролцсон бол тухайн үед захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Түмэнбаяртай бичгээр харилцан тохиролцох ёстой байсан гэж үзэж байна. 
Гуравдугаарт: Миний бие өөрөө жирэмсний амралтаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж аваад 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс ажилдаа орсон. Тушаал дээрээ  яагаад харилцан тохиролцсон тухай заалтыг оруулсан бэ? гэхээр нэхэмжлэгч маань намайг өөрөө 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтээ гаргасан бөгөөд энэ талаар хэрэгт өгчихсөн байгаа. Өөрөө өргөдлөө гаргасан гэдэг нь талууд харилцан тохиролцсон гэсэн үг. Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэж байгаа. Яагаад гэвэл миний бие жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох нь хэнд ч ойлгомжтой бөгөөд миний оронд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүн маань ажлаа буцааж хийх үүрэгтэй учраас Г.Сэмбээжавыг халсан нь буруу гэж үзэхгүй байна. Энд Хууль зүйн яамнаас гаргасан хуулийн зөвлөгөөний номонд хугацаатай гэрээ нь тодорхой шалтгаанаар эзгүй байгаа, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажлын байранд улирлын болон түр ажиллах гэх зэрэгт байгуулагддаг гэж байгаа. Хугацаатай гэрээ нь миний ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа учраас 2016 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл гэсэн хугацаатай гэрээ байгуулагдсан учраас энэ гэрээ нь цаашаа сунгагдах боломжгүй. Тийм учраас энэ нэхэмжлэлийг ор үндэслэлгүй гэж үзэж байна. Дотуур байрны багшийн ажлаас чөлөөлөгдчихөөд биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилогдох нь хуулийн хугацаа өнгөрсөн, өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан зэргээс харахад үндэслэлгүй байгаа гэжээ.
 
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд холбогдох биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Бэсүд ход Ганбатын Сэмбээжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай 

3

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Сэмбээжав нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд түр томилогдон ажиллаж байсан гэж шийдвэр гарсаныг зөвшөөрөхгүй байна. Үүнд Г.Сэмбээжав нь 2010 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн үндсэн ажилчнаар биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Энэ талаарх баримт хэргийн материалд байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,Г.Сэмбээжавыг Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, бодитойгоор үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургууль нь Г.Сэмбээжавыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнийг тус сургуулийн биеийн тамирын багшийн ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Г.Сэмбээжав нь дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардлага гаргасан байна.
Г.Сэмбээжав Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байсан болох нь түүнийг 2010 оны 9 дүгээр сарын 01-нд ажилд авсан тухай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар //х/х-ийн 6 дугаар тал/, ажилдаа эргэн орсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх үндэслэлээр гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаар захирамж /х/х-ийн 37 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна. 
Ажил ажил олгогч нь 2016 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн Б/03 тушаалаар Г.Сэмбээжавыг биеийн тамирын багшийн ажилд түр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг талууд хугацаатай байгуулж болохоор заасан байдаг, гэтэл ямар учраас хугацаатай байгуулах болсон талаар заагаагүй, ямар тохиролцоогоор хугацаатай байгуулснаа ажил олгогч дурьдаагүй, нэхэмжлэгчийг 2015 оны 10 дугаар сард үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөд тухайн үед нь шүүхэд хандахад ажилд чинь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны чинь цалинг өгнө гэхэд нь миний бие нэхэмжлэлээсээ татагалзаж байсан гэх нэхэмжлэгчийн гомдлыг хариуцагч няцааж чадаагүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 1-2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан гэж байгаа боловч, энэ тухай нотлох баримт хэрэгт байхгүй, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлтэй хамааралгүй байна. 
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын эрх ашиг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цогц үнэлэлгүй, зөвхөн ажил олгогчийн тушаалыг хэлбэрийн төдий үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.Сэмбээжавыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

4

Харин нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснээ хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдэн хүртэл хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул энэ тухай шаардлагаа жичдээ нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Сэмбээжавыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЖАРГАЛСАЙХАН
      ШҮҮГЧИД                                        Л.НЯМДОРЖ
                                                                Л.УЛАМБАЯР