Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ201/00985

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00197 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

   2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 911 дүгээр магадлалтай,

  Нэхэмжлэгч “Ш” ХХК

 Хариуцагч  Хариуцагч О

         Нэхэмжлэлийн шаардлага:  53.767.476 төгрөг гаргуулах 

         Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн  гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Төмөр,  Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Байгалмаа, Н.Мөнхбат, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

“Ш” ХХК-ийн нэхэмжлэл болон тайлбарт:  Манай компани нь Онцгой байдлын ерөнхий газар болон Газрын тосны газартай 2012-11-08-ны өдөр "газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх" 121-19 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний  4.2-т "... худалдан авагч нь нийт төлбөрийг 2012-11-15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж Онцгой байдлын ерөнхий газрын төсвийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлэх дүн нь нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТ-аас хөнгөлөлт, чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ..." гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаас шалтгаалан манай компани нь 53 767 476 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй байна. Хариуцагч тал гэрээний 4.2-г биелүүлээгүй гэж үзэж байна. "Ш" ХХК нь гэрээгээр тохиролцсон шатахууныг хүлээн авч, шатахууны төлбөрт 2012-11-29-ний өдөр 582 985 689 төгрөг, 2012-12-12 -ны өдөр 8 456 543 төгрөг нийт 591 442 241 төгрөг /НӨАТ орсон/-ийг тус тус шилжүүлсэн. Гэрээний  4.2-т заасны дагуу худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, хөнгөлөлттэй холбоотой баримт, бичгийг худалдагч тал гаргаж өгөхөөр тохирсон ч, Онцгой байдлын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар манайд эдгээр  бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй. Улмаар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх боломжгүй гэсэн хариу удаа дараа өгсөн. "Ш" ХХК нь худалдан aвсан шатахууны үнэ /НӨАТ орсон үнийн дүн/-д 591 442 241 төгрөг 35 мөнгийг Онцгой байдлын ерөнхий газрын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд шилжүүлсэн. Иймд хариуцагч нараас 53 767 476 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан хариу тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын 2012-10-13-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012-10-27-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайдын хамтарсан 2012-11-08-ны өдрийн 34/57 тоот тушаалын дагуу Газрын тосны газар нь Онцгой байдлын ерөнхий газар, "Ш" ХХК-тай 2012-11-08 -ны өдөр "газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх" гэрээг харилцан тохиролцож байгуулсан, гэрээний дагуу "Ш" ХХК-д 303.4 тн авто бензин, дизелийн түлшийг тухайн үеийн жижиглэн худалдаалах үнээр худалдан, борлуулалтын орлого нийт 591 142 241 төгрөг /НӨАТ-тай үнэ/-ийг Онцгой байдлын ерөнхий газрын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлсэн болно. Гэвч тус гэрээний  4.2-т заасны дагуу Газрын тосны газар НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй гэдэг шалтгааны улмаас "Ш" ХХК нь улсын нөөцийг сэлгэн нөхөж бүрдүүлэх үүрэгтэйгээр 2013 онд хүлээн авсан 700.0 тн АИ-92 авто бензинээс 04,5 тн-ыг нь НӨАТ-ын үнэ болох 53 767 476 төгрөгийн барьцаанд авч, маргаан үүсгэж байсан. Газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газар нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газарт /хуучин нэрээр/ хандсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй байна. Харин улсын нөөцөөс худалдаж байгаа шатахууныг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Худалдагч тал Онцгой байдлын ерөнхий газрын төв төрийн сангийн дансанд төлбөрийг шилжүүлэхдээ НӨАТ-ын үнэ 53 767 476 төгрөгийг хасаж тооцон шилжүүлэх боломжтой байсан. Гэрээний НӨАТ-н хувьд Онцгой байдлын ерөнхий газрын гэрээний загварын дагуу гэрээ хийгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын гаргасан хариу тайлбарт: Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Газрын тосны газар нь "Ш" ХХК-тай 2012-11-08 -ны өдөр "газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх” гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Онцгой байдлын ерөнхий газар нь дээрх гэрээнд заасны дагуу худалдагч тал хэдий ч шатахууныг борлуулах ажиллагаанд оролцоогүй, улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд уг мөнгө орж ирээгүй, шатахуун борлуулалтаас нөөц бүрдүүлсэн 1.5 тэрбум төгрөгийн 836 тн шатахууныг  Засгийн газрын 2013-07-06 -ны өдрийн 255 дугаар тогтоолын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Газрын тосны газарт бүрэн шилжүүлж өгсөн. Засгийн газрын Эрсдэлийн сангийн төсөв хөрөнгөөр Уул уурхайн яам шатахууны нөөц бүрдүүлсэн.  Засгийн газрын тогтоолоор Газрын тосны газар нь Онцгой байдлын ерөнхий газарт хандаж, уг нөөцөд байгаа шатахууныг зарж борлуулахаар болсон. Монгол Улсын Засгийн газрын 2012-10-27-ны өдрийн "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 111 дүгээр тогтоол гарсан. Уул уурхайн яамны багцаас зарцуулсан шатахуун байгаа бөгөөд улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан 1,5 тэрбум төгрөгийг тус газрын дансанд төвлөрүүлж, улсын төсөвт оруулсан. Мөн Газрын тосны газар хариуцаж, тодорхой хэмжээний /8,2 мянган тонн/ шатахуунаа борлуулсан ба энэ борлуулах ажилд Онцгой байдлын ерөнхий газар оролцоогүй. Шатахуун борлуулсан орлогоо Онцгой байдлын ерөнхий газрын дансанд төвлөрүүлж ... уг мөнгөөр буцаан шатахуун авч, шатахуунаа Газрын тосны газарт өгсөн. Тухайн үед газрын тосны газарт шатахуун худалдан борлуулах хууль эрх зүйн орчин байхгүй байсан учраас Онцгой байдлын ерөнхий газрын худалдан борлуулах эрхийг ашиглаж, гэрээ хэлэлцээр хийсэн. Улсын нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6 .1-д зааснаар "... Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна" гэж заасан байдаг. Газрын тосны газар өөрсдөө бүрдүүлсэн нөөцөө борлуулахын тулд Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлт тавьсны үндсэнд гэрээний нэг тал болж хамтран оролцсон. Онцгой байдлын ерөнхий газрын гэрээний загвар бол Газрын тосны газрын гэрээний загвар юм. Газрын тосны газар нь улсын нөөцийн бүтээгдэхүүнийг актаар хүлээлгэн өгсөн байдаг. Онцгой байдлын ерөнхий газар нь аль нэг аж ахуйн нэгж байгууллага, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, эсвэл хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгдөг эрх бүхий байгууллага биш тул шийдвэр гаргасан хуулийн этгээдийг хариуцагчаар татаж, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00197 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Онцгой байдлын ерөнхий газар, Ашигт малтмал, Газрын тосны газраас 53 767 476 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, "Ш" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар "Ш" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 788 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газраас 426 788 төгрөг /хувь тэнцүүлэн/-ийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 911 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Талуудын хооронд 2012-11-08-ны өдрийн 121-19 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулах” тухай гэрээгээр Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газарт 106.474,31 кг АИ-92 автобинзен, 196.905,85 кг дизель түлш нийт 591.442.241 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах, “Ш” ХХК нь худалдан авсан шатахууны үнэ болох 591.442.241 төгрөгийг худалдагч талд төлөхөөр харилцан тохиролцсон.  Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээний үнэд НӨАТатвар орсон талаар ч маргаагүй. Хариуцагч талтай тооцоо нийлсэн акт үйлдэн НӨАТатвар болох дүнг баталгаажуулсан. Талууд гэрээний гол нөхцөл болох үнийг тодорхойлон “Худалдах-худалдан авах” гэрээний үнэд шатахууны үнэ болон НӨАТатвар тус тус багтахаар заасан байдаг хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь НӨАТ-т ногдох дүн буюу 53.767.476 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон бөгөөд хариуцагч тал нь үүргээ биелүүлээгүй учир буцаан шаардах эрхтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд дурдагдаагүй үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэсэн утгаар тайлбарлан шийдвэрийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагад худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу шаардах эрхтэй гэтэл үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж тухайн хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлд тусгагдаагүй үйл баримтаар дүгнэлт гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.  гэжээ.                                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

“Ш” ХХК нь  Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газраас 53.767.476 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд  “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх тухай” 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 121-19 дугаар гэрээг үндэслэжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх тухай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээнээс үзвэл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газар нь  худалдагч, “Ш” ХХК худалдан авагч байх бөгөөд уг гэрээгээр худалдагч нь улсын нөөцөөд хадгалагдаж буй шатахууныг нийлүлэх, худалдан авагч нь төлбөрийг төвлөрүүлэх харилцааг зохицуулахаар талууд тохиролцсон гэж үзэхээр байна. 

Хариуцагч нараас 53 767 476 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл тодорхойгүй байх тул магадлалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

Тухайлбал, нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан эсхүл гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардсан эсэх нь тодорхой бус байна. 

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 911 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т зааснаар “Ш” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 426.788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ